ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бээжингийн гудамжны Кукия эмээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-06

Хүмүүсийн хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө Бээжингийн гудамжны хогийг түүн тонголзон явах буурал тэргүүнтэй жижигхэн эмээг Тайро Кукия гэдэг. Алс холын Японд төрж өссөн тэрбээр Монголд амьдраад долоон жилийг үджээ. Хүнд хэцүү дайны он жилүүдэд хүүхэд нас нь өнгөрсөн тэрбээр ядарч, зүдрэхийн зовлонг ханатлаа амссан аж. Тиймээс зовсон, зүдэрсэн иргэдэд тус болж, сайн үйлс хийхэд энэ амьдралаа зориулж яваа гэнэ. Кукия эмээ Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар 64 дүгээр дэлгүүрийн арын 36 дугаар байранд амьдардаг аж. Түүнийг Монголд нүүж ирснээс хойш 36 дугаар байрныхан өнгийн цэцэг алагласан бяцхан цэцэрлэгтэй болжээ. Оюутнуудын хөл тасардаггүй Бээжингийн гудамжийг цэмцийтэл цэвэрлэж дуусахтай нь зэрэгцэн их хот хөдөлгөөнд орж, оюутан залуус хөвөрч эхэлдэг гэнэ. Эмээ цэвэрлэгээний ажлаа дуусмагц, ойр хавийнхаа зүлэг ногоог тордох ажилдаа шамдан орно. Замын хажуугийн таримал моддыг тэгшлэхээс эхлээд түүнд хийх ажил мундахгүй. Амьдардаг байрныхаа өмнөх өөрийн тарьсан бяцхан цэцэрлэгээ усалж, хөрсийг нь арчилна.

Энэ бүх ажлыг хийж дуусаад эргээд харахад өглөөхөн цэмцийлгэсэн талбайд нь тамхины иш, ундааны сав, чихрийн цаас хөглөрсөн байдаг аж. Тордон ургуулсан цэцэрлэгт нь чөлөөт цагаа өнгөрөөж, ууж идэж, уулзаж учирсан зарим залуус хөөрхий эмээгийн өглөөжин цэвэрлэсэн талбайд хогоо хаячихаад явчихдаг юм байна. Соёлгүй залуучуудын талаар тэрбээр “Би түүнэ, хогоо шууд хаяна. Маш муу” гээд толгой сэгсрэн харамсах аж. Хог цэвэрлэн бөгтгөнөх буурал эмээгийн хажуугаар хогоо хаячихаад сээхэлзэн одох залуус ямар ичмээр бас өрөвдөлтэй юм бэ гэж бодогдлоо. Тэглээ гээд алс холын сайхан сэтгэлт эмээ монгол залууст гомдох нь үгүй. “Монгол хүмүүс сайхан сэтгэлтэй боловч түүнийгээ мэддэггүй юм шиг санагддаг” хэмээсэн эмээгийн үгийг сонсоод ямар ч зүйлээс сайн сайхныг эрдэг хүн юм байна даа гэсэн бодол төрж суулаа. Кукия эмээ сэтгэлийн гэрэлтэй хүн аж. Байрныхан нь түүнийг андахгүй. 36 дугаар байрны оршин суугчид бүгд Кукия эмээг “Манай эмээ” хэмээн дотночлон ярина. Амьдрал гэдэг хэчнээн ч гайхам бас уярмаар сайхан зүйлсээр дүүрэн юм бэ. Алс холын орны эгэл тариачин эмээ харийн улсад ирж, “манай эмээ” болсон байх гэж. 

“Манай эмээ” тэртээ 1947 оны хавар Япон улсын Окинава гэх жижигхэн аралд тариачны гэр бүлд төржээ. Дайны сүүдэр арилаагүй хүнд хэцүү цаг байсан тул ядуу тариачны охин Кукия багагүй зовлон үзсэн юм байж. Тавхан настай жаахан байхдаа тариалангийн талбайд ажиллаж эхэлжээ. Хүнд хэцүү цаг үе байсан ч ээж, аавыгаа даган тариалангийн талбайд дэгдэж явсан үеэ тэрбээр дурсан ярих туйлын дуртай. Түүнийг 10 настай байхад аав нь  Окинавад байрлах Америкийн цэргийн баазад ажилд оржээ. Тэр цаг үеэс л хүний сайхан сэтгэл, тус дэм гэдгийн ид шидийг мэдрэх болсон юм даа хэмээн ярив. Цэргийн баазад байрлах америк цэргүүд тэдэнд тусалж дэмждэг байсныг эргэн дурсахдаа баярласан сэтгэлийн гал нь одоо ч бөхөөгүй гэдэг нь царайны хувирлаас илэрхий харагдана. Япончуудын амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан тэр цаг үед Америкаас гадна олон орон тусламж, дэмжлэг үзүүлж байсан нь өнөөгийн хүчирхэг Япон орон бүрэлдэн тогтохын үндэс суурь болсон гэж боддог хэмээн ярив. Төрж өссөн унаган нутгаа орхиод харийн оронд ирж гудамжны хог цэвэрлэн амьдрахаар шийдсэн гайхам шийдвэр нь үүнтэй холбоотой гэнэ.

Ядарсан хүмүүст тусалж, сайн үйлс хийж амьдарна гэдэг сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр элэг бүтэн өсч өндийсөн түүний хар багын мөрөөдөл байжээ. Кукия эмээ хоёр охин, нэг хүүтэй. Хүүхдүүд нь Токио хотод ажиллаж амьдардаг бөгөөд ач зээ нар нь их сургуульд суралцдаг гэнэ. Тэрбээр нутаг ус, үр хүүхэд, ач зээгээ санагалздаг ч амьдралынхаа үлдсэн хугацааг сайн үйлс бүтээхэд зориулж, Монголд өнгөрүүлнэ хэмээн эргэлзээ тээнэгэлзээгүй ярих аж. Түүний сайн үйлс зөвхөн манай улсаар хязгаарлагдахгүй юм байна. Аялж зугаалах дуртай тэрбээр дэлхийн олон орноор явж ядарсан хүмүүст тусалж байсан тухайгаа ярилаа. Өдгөө нас сүүдэр өндөр болсон хэдий ч Австралиар аялахыг хүсч байгаа гэв. Амьдралаас сайхныг шүүрдэж туулна гэдэг агуу ч юм даа. Хүссэн зүйлээ хийж, сэтгэл тэнүүн явна гэдэг л аз жаргал байдаг санж. “Манай эмээ” жаргалтай, гунигтай 70 намрыг ардаа үдсэн ч хүсэл тэмүүллээр дүүрэн 71 дэх намраа угтаж байгаа нэгэн юм. Өндөр насаллаа гээд өвдгөө хучуулаад хэвтэхийн оронд хятад хэл сурах ажилд ханцуй шамлан орсон гэнэ.

Кукия эмээгийн хөл өвддөг ч тэрбээр бүр муудахаас нь сэргийлж байнга дасгал хөдөлгөөн хийж явган алхдаг байна. Асрамжийн газрын хөгшчүүдэд дасгал хөдөлгөөн зааж байсан тухайгаа ч ярилаа. Эрээнтэй бараантай амьдралыг туулахдаа олон ч ажил хийж явжээ. Түүний хийж чадахгүй юм гэж байхгүй. Монголд ирснийхээ дараахан Гачууртад байрлах асрамжийн газар ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сандал хийж өгдөг байжээ. Өдгөө түүний дэргэдүүр чихрийн цаас шидчихээд гунхаад өнгөрөх охидын насан дээр аавынхаа ажилладаг Америкийн цэргийн баазад тогоочоор орж, тэндээ тогооч, цэцэрлэгчээр 20 гаруй жил ажилласан байна. Үр хүүхдээ эрийн цээнд хүргэж эхийн үүргээ биелүүлсэн тэрбээр үлдсэн амьдралаа зүүд зэрэглээ мэт хол санагдаж асан бага залуугийнхаа мөрөөдлийг биелүүлэхэд зарцуулж яваа нь энэ юм. Эх орондоо хааяахан очиж, үр хүүхдээ эргэж тойрчихоод, төрж өссөн Окинавадаа хэд хоноод ирдэг гэнэ.

Тэрбээр өөрийн байгуулсан цэцэрлэгтээ цэцэг навчнаас эхлээд, хүнсний нарийн ногоо хүртэл ургуулдаг аж. Цагаан лууван, улаан лооль зэрэг маш олон ногоо тарьжээ. Энэ мэт олон буянтай үйл хийдэг хэдий ч түүний хамгийн гол ажил нь саван хийх юм. Кукия эмээ хуушуур, боорцог хайрсан тосыг хүнсний сода, халгай, сүүтэй хольж хоёр төрлийн саван хийнэ. Халгайтай савангаар нь үсээ угаахад үсний уналт зогсоодог аж. Хийсэн савангаа түүнийг зорьж очсон хүн бүрт бэлэглэдэг. Өөрийн гараар хийсэн савангийнхаа нэг бүрийг нь 400 төгрөгөөр худалдаалж, олсон орлогоо асрамжийн газрын хүүхдүүдэд зориулдаг байна. Харахад энгийн л нэг жижигхэн туранхай энэ хөгшний дотор эх дэлхий хүн төрөлхтөнтэйгөө, ургамал устайгаа багтан, түүний халуун хайранд бүлээцэн байна. Сайн үйлс ямагт сүүн зам татуулан байдгийн жамаар арлын Японы жаахан эмээгийн хүссэнээр монгол улс цэвэр цэмцгэр их хот болж, хүн ард нь тайван жаргалтай амьдрах цаг энүүхэнд биз ээ. Олны хөл бужигнасан оюутны гудамжинд үүр шөнөөр босон хог түүн явах буурал эмээгийн дүр Монголчуудын сэтгэлд үүрд хоногшин үлдэх биз ээ. Монголын хүүхэд залуучуудад ачлалаа түгээж, хотын минь өнгө үзэмжид гэрэл нэмж яваа ачлал түгээсэн буянт эмээ минь урт наслаарай.