ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путин Хятадад айлчилна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-16

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж, стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх чиглэлээр санал солилцоно хэмээн Москвагаас мэдээлжээ.

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо энэ сарын 17-18-ны өдрүүдэд Бүс ба зам форум болох юм. Энэ удаагийн форум тус санаачилга хэрэгжиж эхэлснээс хойшхи 10 дахь жилд болж буйгаараа ач холбогдол өндөрт тооцогдож байна. Тэгвэл уг форумын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлах бөгөөд энэ нь В.Путины Гааг хотод төвтэй  Олон улсын Эрүүгийн шүүхээс Украины хүүхдүүдийг албадан эх орноос нь гаргасан гэх үндэслэлээр баривчлах шийдвэр гаргаснаас хойшхи хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гаднах улсад хийсэн анхны айлчлал болж байна.

Айлчлалын үеэр В.Путин Ямалын хойгоос олборлосон байгалийн хийг Монголын газар нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэх Сибирийн хүч-2 төслийн гэрээг баталгаажуулахаар зэхэж байгаа хэмээн ажиглагчид үзэж байна.  Учир нь түүнийг Газпромын Ерөнхийлөгч Алексей Миллер, Роснефтийн тэргүүн Игорь Сечин нар дагалдана. 

Уг төсөл хэрэгжсэнээр жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг манай улсаар дамжуулан БНХАУ руу экспортлох боломжтой болно. Гэвч, одоогоор байгалийн хийн гэрээг баталгаажуулаагүй, барилгын өртөг, үнэ зэргийг тохиролцоогүй байгаа юм.

Үүнээс гадна АНУ-ын албаныхан АНУ болон Европын холбооноос дэмжлэг авч буй Украины эсрэг дайтаж буй ОХУ-д БНХАУ-ын талаас зэвсэг нийлүүлэх вий гэдгээс сэрэмжилж байгаа аж. В.Путин дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европт хамгийн олон хүний амь үрэгдсэн хуулай замын дайныг эхлүүлж, Украин руу цэрэг илгээхээс ердөө хэдхэн хоногийн өмнө 2022 оны хоёрдугаар сард Бээжинд айлчилж, БНХАУ-ОХУ хязгааргүй түншлэлээ зарласан байдаг.