ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөд Солонгос 163 иргэнээ цэргийн онгоцоор Израилаас татан авчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-16

Израил, Палестины Хамас бүлэглэлийн хооронд цуст мөргөлдөөн эхэлсэнтэй холбогдуулан улс орнууд иргэдээ тусгай үүргийн онгоц хөөргөн татан авч эхэлсэн.

Тэгвэл Өмнөд Солонгос улс KC-330 нислэгийн дугаартай цэргийн нисэх онгоцоор өнгөрөгч баасан гарагт 163 иргэнээ Израилаас татан авчээ. Онгоцонд БНСУ-ын иргэдээс гадна Японы 51, Сингапурын зургаан иргэн сууж, Сөүлд газардсан байна.

Израилд аялахаар очсон хэдий ч нөхцөл байдлын улмаас тусгай үүргийн нисэх онгоцонд зорчиж Сөүлд газардсан Жан Хюг Вон “Өмнөд Солонгост буцаж ирэх боломж олгосонд маш их баяртай байна” хэмээн Засгийн газартаа талархал илэрхийлжээ. Онгоц Сөүлийн агаарын цэргийн баазад газардаж, зорчигчдын ар гэрийнхэн болон Засгийн газрын төлөөллүүд алга ташин угтан авсан байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам цаашид үлдсэн иргэдээ буцаан авчрах зорилгоор тусгай үүргийн онгоц болон бусад тээврийн хэрэгслээр хангахад анхаарна гэдгээ амлажээ.

Энэ сарын 7-нд Газын зурвас дахь исламын шашинт Хамас бүлэглэл Израил руу дайралт хийснээс хойш тухайн бүс дэх нөхцөл байдал хурцдаж, хамгийн сүүлд авсан мэдээллээр хоёр талаас 2300 гаруй хүн амь үрэгдээд байна. Мөн олон тооны гадаадын иргэд бүлэглэлийн барьцаанд байгаа юм.