ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Манкуртын тухай домог

O.Admin
2023-10-27

Тэр өдөр төмөр замын Шуургатын зөрлөгөөс гарсан мөнөөхөн тэмээ трактор хольж хөлөглөн, нохой дагуулсан гашуудлын хачин цуваа тэр булшинд ойртон явав.

Ана˗Бейитийн булш бол өөрийн домог түүхтэй булш билээ. Эрт дээр өнгөрсөн зуунд шар талыг эзлэн авсан жуаньжуанууд олзны цэрэг эрчүүлийг туйлын харгис ширүүн тамладаг байснаас энэ үлгэр домог үүджээ. Жуаньжуануудад олзлогдсон хүн айл зэргэлдээ нутагт боол болон худалдагдвал аз таарав гэж үздэг байв. Учир юу гэвэл тэр худалдагдсан боол эрт буюу орой боловч хэзээ нэгэн цагт эх нутагтаа оргож болно. Харин жуаньжуануудын өөрсдийнх нь боол болж үлдсэн хүн бэрх хэцүү зовлон эдэлдэг байжээ. Тэд олзны хүнд аймшигтай эрүү шүүлт тулгаж толгойг нь ширлэж ухаан санааг нь хөнөөдөг байж. Голдуу идэр залуу улсын толгойг тэгж ширлэдэг ажээ. Эхлээд толгойтой үсийг нь хуйхыг гартал хусаж, яргачдаар хамгийн лут тэмээ алуулж ширийг дэлгэн аль хатуу зузаан хэсгийг эсгэн авч халуунаар нь өнөө олзны хүний толгойг бүрж түргэн зуур хатдаг цавуугаар нааж орхидог ажгуу.

Үүнийг ширлэх гэнэ. Тийнхүү толгойгоо ширлүүлсэн хүн нэг бол уг тамлалтыг даахгүй үхнэ, нэг бол насан турш ухаан санаа нь алга болж, урьдынхаа явдлыг дурсан санаж чаддаггүй манкурт гэдэг боол болдог байжээ. Нэг тэмээний ширний тийм хатуу хэсгээр тав зургаан хүний толгойг ширлэж хүрдэг ажээ. Олзлогдсон хүнийг тэгж ширлээд толгойг нь газарт хүргэхгүй гэж хүзүүнд модон дөнгө зүүж, оройны үс овоймоор муухай орилох дуу нь дуулдахгүй задгай талд хол аваачиж гар хөлийг хүлж, төөнөм халуун наранд ус ундгүй орхидог ажээ. Чингээд хэдэн хоногоор тэгж тамлан зовоох агаад хэрэв олзлогдсон хүний нэг омгийнхон мэдэж, түүнийг амьдад нь аврах гэж оролдох аваас хүч нэмэгдүүлсэн харуулын хүмүүсийг тэр газар руу явуулдаг байжээ. Тийм оролдлого гаргах нь нэн ховор, учир юу гэвэл тэр цулгуй нүцгэн талд ямар ч унаагаар явсан ил харагдана. Жуаньжуанууд нэг тийм хүнийг манкурт боол болгов гэж сураг дуулсан ч тэр хүний хамгийн ойр дотнын улс ч түүнийг аврах юм уу зольж авахаар эрмэлзэх нь үгүй. Тийм оролдлого хийвээс өөрөө хүний оронцог, хоосон чихмэл болно гэсэн үг. Харин ганцхан Найманы Эх гэж үлгэр домогт гардаг Найман аймгийн нэг эх хүүгийнхээ тийм хувь зохиолтой эвлэрсэн нь үгүй. Шар талын домогт энэ тухай өгүүлдэг буй. Ана˗Бейит буюу Эхийн булш гэдэг нэр тэндээс гарчээ.

Хээр хаяулж тамаа цайгсдын олонх нь Шар талын хурц наранд хатаж үхдэг байж. Тав зургаан тийм манкурт боолчуудаас нэг хоёрхон хүн амьд гардаг ажээ. Тэд өлсөж ч үхдэг биш, цангаж ч үхдэг биш, өнөө нүцгэн толгойд нь наасан тэмээний шир хатаж агчаад хүн тэсэхийн аргагүй их зовлон учруулна. Тэмээний нойтон шир нарны цоргим илчинд дорхноо тас хатаад боолын нүцгэн толгойд төмөр цагариг угласан адил тас хавчих агаад нэг хоёр хоногт хусуулсан толгойн үс ургаж эхэлдэг байна. Азийнхны үс хатуу шулуун болохоор битүү бүрсэн ширэн дотор ургах газаргүй, үзүүр нь нугарч буцаад хуйх руу нь шаах тул улам ч ихээр шаналгаадаг ажээ. Боолын ухаан санааг ингэж бүрмөсөн балладаг байжээ.

Жуаньжуанууд тав хоноод уг газар очиж амьд гарсан хүн буй эсэхийг шалгана. Тэр олны дотроос ядахдаа ганц ч хүн амьд үлдсэн байвал санасандаа хүрэв гэж үздэг ажээ. Амьд гарсан нэгийг гав гинжнээс салгаж, ус өгч тойлох агаад нэг хэдий болтол тэнхээ тамир оруулж хөл дээр нь босгоно. Тэр хүний ухаан санааг хүчээр алдуулж мөнөөхөн манкурт гэдэг боол болгож байгаа нь тэр. Тийм боол бол бие эрүүл арван боолын үнэд хүрнэ. Өвөр хоорондоо байлдаж байгаад хэрэв манкурт боолыг алах юм бол тэр нэг омгийн эрх чөлөөтэй иргэдийн амь наснаас гурав дахин их золиос төлөх ёстой гэсэн хууль цааз ч байжээ.

Манкурт боол бол ямар омог төрлийн хэн болохоо мэдэхгүй, нэрээ ч мэдэхгүй, хүүхэд ахуйгаа, эцэг эхээ дурсан санаж мэдэхгүй нэг үгээр хэлбэл өөрийгөө хүн гэж ухаж мэдэхгүй болдог байна.

Харин гэр малын ажлын үүднээс авч үзвэл зүгээр хүнээс олон талаар давуу талтай ажээ. Үг хэлгүй өт хорхой адил болохоор туйлын номхон, ямар ч аюулгүй, оргож босох гэж хэзээ ч сэтгэж чадахгүй. Ер нь боол эзэмшигчдийн хувьд хамгийн аймшигт юм бол боолчуудын бослого байдаг. Боол болгон цаанаа далд үймээн гаргагч байдаг болой. Гагцхүү манкурт боолд тийм юм байхгүй, үймээн самуун гаргах гэж огтоос байхгүй. Тийм шунал тачаал ч байхгүй. Тийм учраас тэднийг сахиж цагдаж байх явдалгүй, далдуур нууц санаа өвөрлөв гэж хардах сэрдэх явдалгүй болно. Манкурт боол бол эзэндээ морь нохой шиг үнэнч, бусадтай хавьтаж нийлэх гэж огт үгүй. Ганцхан гэдэс ходоодоо тэжээхээс ондоо юу ч бодох нь үгүй. Тэгсэн мөртөө эзнийхээ даалгасан ажлыг сохроор туйлын үнэнч хичээнгүй гүйцэтгэнэ. Голдуу хамгийн бохир хүнд ажил юм уу аль эсвэл мухар тэвчээр ихэд шаардагдах залхуутай хаширтай ажил болгоныг манкуртуудаар хийлгэнэ. Гагцхүү манкурт боол хүн л тэрхүү хязгаар хярхаггүй, хүн амьтангүй буйд зэлүүд хээр талд уйгагүй сүрэг тэмээ хариулж чадна. Олон барлаг зарц нарын хийх ажилд ганцаар явна. Түүнд зөвхөн хоол залгуулах хэрэгтэй, хоол л залгуулж байвал өвөл зуны цагт тэр хаа хол хээр талд ганцаар байхаас бэрхшээхгүй, гомдол санал тавихгүй хэдий хугацаагаар ч мал хариулж чадна. Манкурт боолын хувьд эзний зарлиг бол юунаас ч илүү. Эзгүй хээр талд осгож үхэхгүй шиг хувцасны тамтаг, идэх хоол л байвал ондоо юу ч эс шаардах ажгуу...

Хүний ухаан санааг баллаж, оюун ухааныг эвдэж үндсийг нь тасалснаас тэр олзны хүний толгойг авах юм уу сүнсгүй айлгах эсвэл ондоо юмаар хорловол хамаагүй дээр байхгүй юу. Хүний оюун ухаан гэдэг бол хүнд ганц удаа олддог бөгөөд хүнийг үхэн үхтэл хамт явдаг, бусдын хувьд бол хүршгүй зүйл билээ. Гэтэл балар хар түүхэндээ хамгийн харгис хэрцгий явдал гаргасан нүүдэлчин жуаньжуанууд хүний тэрхүү хамгийн нандин юманд халдаж байв. Тэд боолчуудын амьд ухаан санааг нь сохлон авч хүний санаанд орох орохгүй бүхий л хар хортой явдлын дотроос хамгийн бэрх хүндийг биед нь учруулж байжээ. Тийнхүү манкурт боол болсон хүүгээ санаж Найманы Эх цөхрөн гашуудан хэлсэн үг санамсаргүй үг биш болой.

«Ухаан санааг чинь дээрэмдэн, өрөлбө бахиар хушга хавчиж байгаа юм шиг толгойг чинь хавчиж, тэмээний тас хатсан хатуу ширээр уураг тархийг чинь алгуур сорж, үл үзэгдэх төмөр цагариг углан аймшигт цустай шүүсээр дүүрсэн нүдийг чинь бүлтэртэл шахаж, чи Шар талын утаагүй галд шарагдан үхлийн өмнө ундаасан энэлж, тэнгэрээс ганц дусал ус уруул дээр чинь унахгүй байхад хамаг бүхэнд амьдралыг тэтгэгч нар чиний хувьд ертөнцийн бүх гийгүүлэгчийн дотроос хамгийн пад харанхуй нүд сохлом жигшүүрт наран гэж санагдаж байв уу?

Тэр эзгүй цөлийн дунд чи орь дуу тавьж тэнгэр бурхныг өдөр шөнөгүй дуудан тарчилж, тэнгэрийн өршөөлийг дэмий хоосон горилон, мах яс хангинан дотор харанхуйлж, бие хөшин арьс мах таталдан бөөлжсөндөө хутгалдан өмхий самхайн дотор түмэн ялаа батганад бариулан ухаан балартаж байхдаа бид бүхнийг бүтээж энэ хорвоод орхисон тэнгэр бурхныг байдаг чадлаараа харааж байв уу?

Тарчлан зовж зэмдэг болсон оюун ухаан чинь үүрд харанхуйлж, чиний биеэс хүчээр салгасан ухаан санаанд чинь өнгөрснийг дурсах учир холбоос эргэлтгүй алдагдаж, эхийнхээ харцыг умартан, зуны өдөр тоглон наадаж явсан уулын хажуугийн горхины шуугианыг умартан, сарнисан ухамсартаа өөрийн нэр, эцгийнхээ нэрийг гээж, хамт өссөн хүмүүсийнхээ нүүр царай, чиний өмнө ичингүйрэн инээмсэглэж байсан эмс охидын нэр алдран, чи ухаангүйн ёроолгүй нүхэнд унахдаа ингүүлэхийн тулд миний эх миний биеийг хэвлийдээ үүсгэн, нарт ертөнцөд юунд ч төрүүлэв дээ гэж эхийгээ айхавтар муухайгаар хараагаагүй гэж үү?...» гэж гасалсан гэдэг.

Энэ түүх бол жуаньжуанууд нүүдэлчин Азийн өмнөд хязгаараас хөөгдөн умар зүг хуйлран нүүж Шар талыг олон жилээр эзэгнэн, эзэлсэн нутгаа өргөтгөн, боолчуудыг булаан авах зорилгоор үргэлж дайн байлдаан хийж байсан тэр үеийн явдал билээ.

Жуаньжуанууд анхандаа Шар талын хавь нутагт гэнэдүүлэн дайрах аргаар дайн хийж эхнэр хүүхэд зэрэг олон хүн олзлон авч боол болгодог байв. Гэвч харийн уулгалан түрэмгийлэгсдийг эсэргүүцэн ширүүн байлдаан болдог байв. Жуаньжуанууд тэр хавиас холдох нь байтугай талын мал аж ахуйд ашигтай тэр уудам нутагт улам батжиж бэхжихийг эрмэлзэж байж. Нутгийн суугуул иргэд газар нутгаа алдаад зүгээр сууж чадахгүй, тэр булаан эзлэгчдийг эрт буюу орой боловч нэгэн цагт хөөж явуулахыг өөрсдийн эрх, үүрэг гэж үздэг байв.

Тийнхүү хөөн зайлуулж эс чадавч жижиг том тулалдаан тасралтгүй хийж, аль аль нь амжилтад хүрэх нь бий. Гэвч тэрхүү хүч шавхсан байлдаан заримдаа таг чиг намждаг авай.

Тийм нэг намжмал үес хөсөгтэй бараатай аяны худалдаачид Найманы аймгийн нэг айлд бууж цай уух зуур өнөө жуаньжуануудын эзэгнэсэн Шар талын худгийн тэнд саатсангүй гарлаа гэж яриад тэнд нэг их олон тэмээ хариулж яваа малчин залуутай тааралдсанаа ярьжээ. Тэр залуутай ярьтал тэр өнөө манкурт гэдэг боол байжээ. Гаднаас нь харахад ер тийм болчихсон гэмээргүй эрүүл саруул юм шиг, урьд нь лав бусдаас доргүй үгтэй хэлтэй, юм ойлгодог байсан биз. Ер нь уруулын нь сахал дөнгөж халтартаж яваа тун залуу хөвүүн, нүүр царай нь ч аятайхан, гэтэл үг ярих нь сая хэлд орж яваа нялх хүүхэд шиг юм. Хөөрхий зайлуул нэрээ ч мэдэхгүй, эцэг эхээ ч мэдэхгүй, өнөө жуаньжуанууд яасныг ч мэдэхгүй юм. Тэр ч байтугай хаана төрснөө ч мэдэхгүй. Юм асуухад дуугарахгүй, дуугаравч «тийм», «үгүй» гэхээс ондоо юм үгүй, толгойдоо лав гэгч угласан малгайгаа үргэлж дарж суух юм. Тийм зовлонд учирсан хүнийг шоолох гэдэг нүгэл авч тэд инээлдэж, үүнээс үүдээд өнөө толгойг нь ширлэсэн тэмээний шир насан турш салахгүй наалдчихсан тийм боол байдаг гэнэ. Тийм боолыг айлгаж, за хөө малгайг чинь авч толгойг чинь мулзална даа гэвэл ямар ч шийтгэлээс дор үзэж догшин морь шиг тонгочиж, толгойдоо ерөөс гар хүргэдэггүй гэнэ. Тийм боол өдөр шөнийн хорин дөрвөн цагт малгайгаа авах гэж ер үгүй, унтавч малгайтайгаа унтдаг юм гэнэ. Гэтэл бидэнтэй тааралдсан боол тэнэгийн цаад тэнэг мөртөө биднийг холдон холдтол тэмээнийхээ дэргэдээс огт хөндийрөхгүй байсан шүү гэж бас ярив. Тэдний нэг мал туугч явахдаа өнөө манкурт боолыг оролдон,

— Би их алс хол явна аа. Аль нэг нутгийн ямар нэг үзэсгэлэнт бүсгүйд мэнд хүргэхгүй юм уу чи? Тийм бүсгүй бий бол битгий нуугаарай. Дуулж байна уу? Чиний орноос тэрэнд чинь нэг алчуур ч билээ бэлэглэж болно шүү гэжээ. Гэтэл нөгөө боол мал туугчийг дуугүй гөлрөн байснаа,

— Би шөнө болгон сарыг хардаг, сар ч намайг хараад байдаг. Гэвч бид хоёр бие биеийнхээ дууг сонсдоггүй. Тэр саран дээр нэг хүн байдаг... гэжээ.

Улсыг ингэж ярьж байхад тэр гэрт нэг эмэгтэй цай аягалан байж. Тэр бол мөнөөхөн Найманы Эх байжээ. Шар талын домогт тэр энэ нэрээр үлджээ.

Найманы Эх гаднын зочдын дэргэд биеэ мэдүүлсэнгүй. Яриаг дуулаад гэнэт хачин ганхаж царай хувьсхийснийг хэн ч анзаарсангүй. Эх тэр залуу боолын тухай тодотгон асуух гэж бодсон боловч тэрнээс муухан юм олж дуулах болов уу гэж эмээжээ. Ганганан гунганах шархтсан шувуу адил сэтгэлийн түгшүүрийг барьж, дуугүй байж чадав. Өнөө улс ондоо юм ярьж, сайх боол залуугийн талаар ондоо юм ярьсангүй. Ер энэ хорвоогийн юм алийг тэр гэх вэ. Гэтэл Найманы Эх үнэхээр өнөө ганганагч шувуухайг өөрөө багалзуурдсан юм шиг хоёр гар нь чичрэн, дотор айдас төрөх тул эмээсэн сэтгэлээ намжаах гэж аль болохоор хичээн, буурал орж яваа толгойдоо аль хэдийнээс зангидсан гашуудлын бараан алчуураа нүүр рүүгээ улам дарав.

Тэмээ хөсөгтэй худалдаачид ч яваад өгч. Найманы Эх тэр шөнө нойр хүрсэнгүй, Шар тал орж тэрхүү малчин боолыг олж үзэхээс нааш түүнийг хүү нь биш болохыг үзэхээс нааш, санаа сэтгэл амрахгүй болов гэдгээ ч ойлгов. Ер нь бас бодогддог байсан аймшигт санаа эхийн дотор дахин сэргэжээ. Хүүгээ байлдааны талбарт унасан гэхэд нэг л үнэмшихгүй, дотроо нэг л эргэлзэн явдаг байжээ... Тийнхүү үргэлж айж эмээж, үргэлж сэтгэл өвдөж, үргэлж эргэлзэж явсанд орвол үнэндээ хүүгээ бас дахин оршуулсан нь дээр байжээ.

Уг нь хүү нь Шар талд жуаньжуануудтай тулалдаж яваад эрсэдсэн ажээ. Эр нөхөр нь Найманы аймагт алдарт гарсан их нэртэй хүн байгаад жилийн өмнө мөн амь үрэгдсэн байжээ. Хүү нь дараа жил эцгийнхээ өшөөг авахаар даруй мордоод сураггүй болсон нь тэр. Уг нь алагдсан цэрэг эрсийг байлдааны талбарт орхих ёсгүй, цуг явсан хамаатан, нэг нутгийнхан нь тэр хүний бие цогцсыг заавал хүргэж ирэх учиртай билээ. Гэтэл тэр хүүг олж авчрах бололцоо байсангүй ажээ.

Юу гэвэл нэг удаагийн том тулалдаанд дайсантай хутгалдан байлдаж байтал өнөө хүү мориныхоо дэлэн дээр бөгтрөн унасанд байлдааны их чимээнд үргэж жигшсэн догшин морь нь авч давхихыг олон хүн харсан байжээ. Өнөө хүү эмээл дээрээс холбирон унатал хөл нь дөрөөнөөс салсангүй дөрөөндөө чирэгдэхэд унасан морь нь улам үргэн туйлж амьсгаагүй болсон хүүгийн биеийг чиргүүлэн тэгэхээс тэгэх гэсэн шиг дайсны тал руу давхин оджээ. Учиргүй цус асгаруулсан ширүүн тулалдаан болж, нэг ч хүн тулааны талбарыг орхиж болохгүй учиртай байсан авч омгийн нь хоёр хүн өнөө дөрөөндөө чиргүүлсэн хүүг олж авах санаатай хойноос ухасхийн давхив. Гэтэл жалга дотор нуугдан байсан жуаньжуаны баг цэргийн дотроос хэдэн морьтой хүн өмнүүр нь амдан муухай орилолдон дайрчээ. Тэд Найманы хоёр эр цэргийн нэгийг явуут дундаа харван алж, нөгөөг нь хүнд шархтуулжээ. Шархтсан эр буцаж зугтаагаад өөрийн талд давхин ирмэгц үхэтхийн унажээ. Энэ явдал Найманы талд тус болов. Юу гэвэл жуаньжуанууд жалгын дотор бүгж байгаад хамгийн шийдвэрлэх үед хажуу жигүүрээс дайрах гэж бэлдэж байсныг цаг тухайд нь илрүүлж, найманыхан цэргүүдээ дахин хувааж шинэ тулалдаанд орохоор яаран ухарчээ. Энэхэн үес нөгөө залуу цэрэг буюу Найманы Эхийн хүүг бодох завтай тухтай хүн нэг ч байсангүй. Өөрийн талд амжин зугтааж ирсэн Найманы шархтай цэргийн хожим ярьсныг үзвэл, үргэсэн морь өнөө хүүг чиргүүлсэндээ чиргүүлэн үл мэдэгдэх зүг даруй харагдахгүй алга болсон гэжээ.

Найманыхан, тэр хүүгийн хүүрийг олох гэж хэдэн өдөр дараалан явцгаасан авч хүүрийг ч олсонгүй, хүлэг морийг нь ч олсонгүй, зэр зэвсгийг нь ч олсонгүй. Тэр хүү амь үрэгджээ гэдэгт хэн ч эргэлзэхгүй болов. Шархтаж унасан юм гэлээ гэхэд өдий олон хоноход хээр талд нэг бол цангаж үхсэн, нэг бол цусаа юүлж дууссан байлгүй яах вэ. Нутгийнхаа идэр хөвүүнийг тэр эзгүй Шар талд оршуулсан ч үгүй орхив гэж хүн болгон гаслалдан байсан гэдэг. Үнэндээ тийнхүү орхисон нь бүхний хувьд шившиг байлаа. Найманы Эхийн гэрт хуран цуглаж орилолдон байсан эхнэрүүд эр нөхөр, ах дүүсээ зэмлэж,

— Тэр хүүг дэлт бүргэд тоншоо болов уу. Цөөвөр чоно зулгаачихаа болов уу! Та нар үүнээс хойш яаж ичихгүй эр хүний малгай тавьж явах улс вэ гэж уйлалджээ.

Найманы Эх эзгүйрч хоосорсон нутагт өдөр шөнийг өнгөрөөх гэдэг бэрх болж. Дайн байлдаанд хүний амь эрсэддэг гэдгийг Найманы Эх ойлгох боловч хүү минь байлдааны газар хаягдаж, эх дэлхийн хөрсөнд орсонгүй дээ гэж бодохоос огт амар заяа үзэхгүй байжээ. Барагдашгүй түмэн гашуун бодолд дарагдавч тэрнийгээ хэлж уй гашуудлаа хөнгөлөх хүн байсангүй, тэнгэр бурханд л залбирахаас ондоо мөр байсангүй.

Найманы Эх хүүгээ үхсэнийг хоёр нүдээрээ үзэхээс нааш тэр бодлоосоо ангижирч чадахгүй байлаа. Ялангуяа унаж явсан морь нь ул сураггүй алга болсонд эхийн сэтгэл бүр ч бухимдана. Хувь зохиолын эрхийг арцах хүн хэн байх билээ? Гэвч тэр морь бол ямар дайсны суманд оногдсон биш зүгээр үргэж хулжсан адгуус. Ижил сүрэг адуунд явсан морь эрт орой хэзээ боловч унасан эзнийхээ хүүрийг чиргүүлээд эх нутагтаа гүйж ирдэг ёсон бий. Хэрэв тэгсэн бол харахад аймшигтай ч гэсэн хөөрхий эх, хүүгийнхээ алтан шарилын дээр хацар нүүрээ урж байгаад байдгаараа уйлж орь дуу тавьж, тэнгэр бурхан л хэрэв үгний утга тайлдаг юм бол хөөрхий зовлонт, чивэлт эх тэнгэр бурхныг жигштэл үглэх байсан биз. Тэгсэн бол харин ямар ч эргэлзэл тээнэгэлзээ, татлаа чангалаа байхгүй, хорвоод урт удаан наслах гэж сэтгэлдээ бодох юмгүй, ухаан санаа хөрж, дуртай цагтаа дугжрахыг бодох байсан биз. Гэтэл хүүгийн нь бие цогцос олдсонгүй, хүлэг морин нь эгж ирсэнгүй. Алдсан гарз бүхэн цагийн эрхээр сэтгэлээс мөлийж мартагддаг болохоор тэр тухай нутгийнхан нь яваандаа умартаж эхэлсэн хэдий боловч мөнөөхөн эргэлзэл тээнэгэлзэл эхийн сэтгэл санааг нь шаналгасаар байж. Ухаан санаа нь нэг л юман дээр эргэлдсээр байж унаж явсан морь нь яасан бол эмээл хазаар, зэр зэвсэг нь хаана хаягдсан бол? Ядахдаа унаж явсан морь, агсаж явсан зэвсэг нь олдсон бол хүү яасныг тойруу замаар ч гэсэн мэдэж болох сон. Морь нь эцээд Шар талд гэлдэрч явахад нь жуаньжуанууд барьж авсан байж болно. Сайхан эмээл хазаартай хүлэг сайн морь гэдэг мөн л олз. Хэрэв тэгсэн бол дөрөөнд нь чиргүүлж явсан хүүг нь яасан бол? Газар малтаж булсан болов уу, хээрийн араатан амьтанд хаяж өгсөн болов уу? Гэтэл бас ямар нэг рид хувилгаанаар хүү нь амьд гарсан байвал юу болно? Тэгвэл жуаньжуанууд зовлонг нь таслаа болов уу, эзгүй цагаан талд орхиж хатааж алсан болов уу? Аль эсвэл?... Харин тэгтэл?!

Энэ мэтийн эргэлзэл эхийн бодлоос огт тасрахгүй байжээ. Өнөө айл дайрч цай уухдаа Шар талд нэг залуу боолтой тааралдав гэж ярьсан аяны худалдаачид яриагаараа Найманы Эхийн шархалсан сэтгэлийг хөндөж орхисноо огтхон ч гадарласангүй ажээ. Эхийн санаанд нэг л сэтгэл түгшүүлсэн зөн бууж, зүрх нь базлан иржээ. Тэр залуу өнөө алга болсон хүү нь байж болно гэсэн санаа бодол эхийн сэтгэл ухааныг улам шаргуу, улам хүчтэй эзэмшжээ. Тэр боолыг эрж олж, миний хүү мөн, биш гэдгийг үзэхээс нааш сэтгэл санаа амрахгүй болов гэдгээ эх ойлгох нь тэр!

Наймануудын зусдаг нэгэн уулын дэвсэг доогуур бяцхан, чулуут гол урсдаг байж. Найманы Эх тэр горхины хоржигнон урсах чимээг шөнөжин чагнан хоножээ. Үймэрсэн сэтгэлд нь тийм ч яруу эс сонсогдох тэр голын усан түүнд юуны тухай өгүүлнэм? Хүний сэтгэл санааг амгуулах тухай өгүүлнэ. Найманы Эх анир чимээгүй зэлүүд бөглүү Шар тал орохын өмнө тэрхүү жирэлзэн урсах усны чимээг ханатал чагнан авав. Ганц биеэр тэр хаа байгаа Шар тал орно гэдэг аюултай бөгөөд амь өрссөн хэрэг гэдгийг эх мэдэвч нэгэнт дотроо бодсон юмаа бусад хэнд ч дуулгахыг хүссэнгүй ажээ. Ер нь хэн ч түүнийг нь ойлгохгүй буй заа. Хамгийн ойр дотнын хүн ч эхийн дотроо шийдсэн санааг сайшаахгүй байсан буйзаа. Аль хэдийн үрэгдсэн хүүгээ эрэх гэхэд нь түүнийг яаж явуулах билээ? Хүү нь ямар нэг тохиолдлоор амьд гарч мөнөөхөн манкурт боол болсон ч гэсэн тийм хүнийг эрэх гэдэг бол огт утгагүй, зүрх сэтгэлээ дэмий талаар хөндөх болно. Юу гэвэл манкурт боол гэдэг бол хүний оронцог, хоосон чихмэл дүрс юм...

Найманы Эх явахынхаа урьд шөнө гэрээс хэдэнтэй гарч юм харж, чимээ чагнаж их л удаан зогсов. Сарнисан сэтгэлээ тогтоохыг ихэд хичээж байж.

Шөнө дөлийн сар үүлгүй тэнгэрт өндөрт мандан газар дэлхийг сүүн цагаан гэрлээр жигд гийгүүлэн байв. Дөрөлжийн дэвсэг дор буусан айлуудын цагаан цагаан гэр тэрхүү шуугиант бяцхан горхины хөвөөнд хоноглосон сүрэг том цагаан шувууд адил харагдаж байж.

Хонины хашаа бүхий айлуудын гадаа адуу мал бэлчсэн нугын цаана нохой хуцах чимээ дуулдан, хүн ярилцах тодгүй дуу гарна. Айлын захад хонины хашааны дэргэд нэг залуу бүсгүй сэтгэл сэргэм сайхан дуулах нь Эхийн сэтгэлийг юунаас ч илүү уяруулж байж. Шөнийн тэр дууг Найманы Эх ч урьд тийнхүү дуулан суудаг байжээ. Жил болгон энэ нутагт зусдаг байсан агаад анх энд айлын бэр болж хүргэгдэн ирж байсан нь үргэлж санагдана. Найманы Эх бүхий л амьдралаа энэ нутагт өнгөрүүлсэн бөгөөд тэгэхэд олуулаа байхдаа илүү гэр, айлчин гийчний гэр, өөрсдийн суудаг хоёр гэр бүгд дөрвөн гэр зэрэг барьдаг байлаа. Гэтэл хожим жуаньжуануудын уулгалан дайрсан тэр цагаас хойш ганц гэртэй үлдсэн билээ...

Найманы Эх одоо тэр ганц гэрээ орхин одох болов. Урьд үдшээс аян замд зэхэж хүнс, ус бэлдэж авав. Шар талд мөн худаг тааралдахгүй байж юуны магад хэмээн хоёр хөхүүр ахиухан ус зэхэж авав. Акмай хэмээх ингэн тэмээгээ урьд орой нь ойртуулан гэрийнхээ ойролцоо тушсан байв. Энэ тэмээ бол Найманы Эхийн ганц найдвар, ганц замын хань юм. Тийм тэнхээтэй, тийм хурдан тэмээгүй сэн бол тэр эзгүй хоосон Шар тал руу явахыг зүрхлэхгүй байсан биз. Акмай хэмээх ингэ хоёр ботголоод тэр жил өнждөг насан дээрээ сувайрсан болохоор ид сайхан унааширсан байлаа. Акмай хэмээх цагаан ингэ бол чийрэг урт шилбэтэй, жинд их явж, хөгширч палбийгаагүй бат чанга тавхайтай агаад булчирхаг нарийн хүзүүнд нь хөөрхөн толгой нь сайхан зохисон, эрвээхэйн далавч дэвж байсан шиг зөөлхөн сарталзсан самсаатай гоё ингэ ажээ. Тийм тэмээ ихэд үнэд хүрдэг байж. Тийм хурдан, ид хүчээ авч буй сайхан амьтнаас удам гаргаж авах гэж тийм тэмээг хэдэн арван толгой үржлийн залуу малаар худалдан авдаг байж. Акмай бол Найманы Эхийн урьд баян айл байснаас үлдсэн ганц олдошгүй эрдэнэ агаад бусад мал хөрөнгөө гар гүвэх адил барсан ажээ. Юу гэвэл насан өөд бологсдынхоо хойноос дөч хоногийн, нэг жилийн буян үйлдсэн нь бий... Цаглашгүй уйтгар зовлон, зөн билигт хөтлөгдөн одоо эрэхээр мордох гэж буй хүүгийнхээ хойдын буяныг мөн саяхан үйлдсэн агаад Найманы аймгийн ойр хавийн бүх нутаг хошуунаас их олон хүн тэднийхээр тасралтгүй цувсан нь бас бий...

Найманы Эх үүрээр босож аян замд мордоход бэв бэлэн гэрээс гарав. Босго алхангуутаа үүдээ түшин зогсож юм бодон өөрийн орхин явах гэж буй хот айлыг тойруулан харав. Найманы Эх бол бас ч толио тасраагүй, гоолиг нуруутай агаад алс холын юманд явдаг ёсоор бүс бүсэлсэн байв. Бас түрийтэй гутал, өргөн шарваар өмсөж, дээлэн дээгүүрээ ханцуйгүй урт бошинз углаж, мөрөндөө ар тийш сул унждаг цув эгэлдрэглэн цагаан алчуур боож үзүүрийг ардаа зангиджээ. Шөнө юм бодож хонохдоо, хүүгээ амьд болов уу гэж горьдож байгаагаас хойш гашуудлын хар алчуур зангидаад ч яах вэ. Харин тэр горьдлого бүтэхгүй бол хойшид тувт хар алчуур бооно биз гэж шийдсэн байжээ. Зовлон эдэлсэн эхийн нүүр, буурал орсон гэзэгний нь өнгө, гунигт магнайн гүн үрчлээ энэ бүхэн өглөөний бүрий баруйд сайн харагдахгүй байв. Энэхэн үес нүдний нь нулимс өөрийн эрхгүй мэлмэрч, их л дороос санаа алдав. Ингэж сэтгэл их догдолно гэдгээ бодож, гадарласан болов уу даа. Гэвч зоригоо чангалан «Ашвадан ля илла хиль алла» (тэнгэрээс ондоо тэнгэр (байхгүй) гэж нэг залбирлын эхний шадыг амандаа шивгэнээд шийдэмгий алхлан тэмээн дээрээ очиж тэмээгээ сөгдүүлэв. Акмай аанай л ярдаглан аяархан орилон яаралгүй гэгч сөгдөж, Найманы Эх ч яаран тохошны дээгүүр богцоо бөгтрөөд мордож, шавдуулсанд тэмээ эзнийгээ дэндийтэл дээр гэгч өргөсөөр босох нь тэр. Холын замд явахыгаа Акмай одоо л ойлгожээ...

Найманы Эхийг тийнхүү мордохыг тэр хот айлынхнаас нэг ч хүн мэдсэнгүй. Шал нойрмогоор заримдаа ангайтал эвшээлгэх хүр охин дүү болох шивэгчнээс нь ондоо хэн ч үдэж мордуулсан нь үгүй. Би багынхаа төрхмүүдээр айлчлахаар явлаа, тэндээс мөргөлчид тааралдвал цааш хамт явж Хивчаг газар орж Яссави богдын сүмд мөргөнө гэж хүр дүүдээ өчигдөр үдэш хэлсэн байжээ.

Найманы Эх хот айлаас холдмогц тэртээ алс холхид зүг таамаг төдий үзэгдэх мөнөөхөн Шар талын зүг эргэвэй...

Энэ нутагт галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа үргэлж цувдаг билээ...

Харин төмөр замын хоёр талаар орших уудам их цөлийн газар дунд Шар тал хэмээх ээрэм цагаан тал байдаг.

Энэ нутагт ямар ч газрын хол ойрыг, цагийг Гринвичийн уртрагаас эхлэн хэмждэг шиг төмөр замаар тааруулан хэмждэг болой.

Галт тэрэг баруунаас зүүнээ, зүүнээс баруунаа явсаар байв.

«Конвенция» хэмээх нисэх онгоц тээгч далайн хөлөг онгоцноос тойрог замын «Паритет» станц дээр буй сансрын шалгагч нисэгчдэд бас нэг радио мэдээ явуулав. Тэр мэдээнд Нарны аймгийн Эрхсийн оддын гадна яваа сансрын эрх тэгш 1˗2, 2˗1 дүгээр нисэгчидтэй, тэдний тойрог замын станцад буцах цаг ба бололцооны тухай хэлэлцэх зорилгоор радио холбоо барьж болохгүй. Нэгдсэн удирдах төвийн зааврыг хүлээж бай гэж мөн аанай туйлын хатуу чанга сануулах байдлаар өгүүлжээ.

Гадаад далайд нэлээдгүй хүчтэй хар салхи тавьж, «Конвенция» далайн онгоц мэдэгдэм дайвалзана. Тэр аварга онгоцны хитгийг даган Номхон далайн ус бургилан наадна. Цагаан хөөс сахруулан эцэс хязгааргүй долгилон гүвэлзэх их далайн дээгүүр нар гялбаж, салхи жигдхэн үлээнэ.

«Конвенция» хэмээх нисэх онгоц тээгч далайн хөлөг онгоцны нисэгчид хийгээд төрийн эрх ашгийн аюулгүй байдлыг хамгаалах хэсгийнхнээс аваад бүх албаны хүмүүс цөм ямар нэгэнд бэв бэлэн туйлын сонор соргог байвай...

Акмай хэмээх цагаан ингэ явдал дундаа нэгэн жигд гингэнэн, цөлийн халуун хөрсөн дээгүүр шир шир хийх үл мэдэг чимээ гарган уудам их Шар талын нуга хөндийгөөр олон өдөр хээвнэг жонжуулсаар атал унасан эзэн нь улам шавхчин, улам шавдуулна. Гагцхүү шөнө аль нэг ховорхон худгийн дэргэд хонодог болой. Өглөө болмогц нүд алдам их талд бараа эс харагдах тэмээн сүрэг эрэн хайна. Шар талын энэ хавьд нэг их урт улаан эргээс холгүй тэр манкурт малчинтай тааралдсан гэж саявтар өнгөрсөн худалдаачид ярьсан байжээ. Эл учир Найманы Эх тэрхүү Улаан жалгын хавиар хоёр өдөр эргэлдэхдээ жуаньжуануудтай тааралдах вий гэж эмээн эмээн ийш тийш харавч, үүгээр түүгээр тэнэвч гагцхүү хоосон зэрэглээ мяралзсан их тал хөндийгөөс ондоо юу ч эс тааралджээ. Тэр зэрэглээн дотор нэг удаа бүр лалын сүм, хэрмэн цайз бүхий тэнгэрийн хот өөд явсан мурий тахир өргөн зам харагджээ. Хүү минь тэр хотод боолчуудын зээл дээр байдаггүй байгаа даа. Тэгвэл Акмай дээрээ сундлаад аваад давхих юм сан, тэд хойноос гүйцэх гэж үзвэл үзэг... гэж боджээ. Цөл газар явахад туйлын бэрх төвөгтэй болохоор тийм юм нүднээ үзэгддэг болой.

Үнэндээ тэр их нүд алдам талд ганц хүн эрж олно гэдэг нэн бэрх. Тийм их цөлд ганц хүн гэдэг бол ердөө хумхын тоос гэсэн үг. Гэвч тэр их уудам цөлд олон мал бэлчиж явах аваас эрт орон хэзээ нэгэн цагт зах сэжүүр нь заавал харагдах ёстой. Тэгвэл хариулж яваа хүн нь заавал байх ёстой. Найманы Эх ингэж л горилон явав.

Гэтэл хаана ч юу ч эс харагджээ. Эл учир тэр олон тэмээн сүргийг ондоо нутагт аваачсан биш үү, аль эсвэл жуаньжуанууд Хива юм уу Бухар хот оруулж зарахаар хүйгээр нь тууж одсон биш үү гэсэн эргэлзэл төрж эхэлжээ. Тэгвэл тийм хол газраас өнөө малчин залуу эгж ирж чадах болов уу? Эх хүүгийнхээ талаар уйтгар гуниг, сэжиг эргэлзэлд шаналан шаналан гэрээс мордохдоо хүүгийнхээ л амьд барааг олж харах юм сан, хүү нь манкурт боол ч болсон байг, юу ч санаж бодож чадахгүй ухаан солиу болсон байг, гагцхүү амьд л байгаасай, өөр яах вэ гэсэн ганцхан зүйл мөрөөдөж явсан бол харин мөнөөхөн Шар тал руу улам бүр гүнзгий орж, саяхан түүгээр өнгөрсөн худалдаачидтай тааралдсан малчин залуу явж байж болох тэр газар ойртох тусам хүү минь ямар ч оюун ухаангүй нэг мангуу амьтан болчихсон байвал яана гэж гэнэт айдас хүрч бүр сэтгэл нь зовоод явчхаж. Тэр малчин залуу миний хүү л биш, ондоо нэгэн золгүй амьтан байгаасай даа хөөрхий гэж тэнгэрт залбиран, ер миний хүү байхгүй, миний хүү өдийд амьд байх ёсгүй гэж бодохоос ч буцахгүй болж иржээ. Зөвхөн тэр манкурт боолын барааг харж, дэмий юманд сэжиглэн эргэлзэж байсныгаа мэдэж, үнэмшиж буцаж хариад сэтгэлээр тарчлах явдалгүй болж, оногдсон хувь зохиолоороо үеэ элээж дугжрах юм сан гэж бас бодов. Гэтэл бас Шар талд ондоо хүнийг биш, ямар ч байлаа гэсэн чухам өөрийнхөө хүүг л олж харах юм сан гэдэг уйтгарт хүслэнд дахин автжээ.

Ингэж харш зөрүү юм бодож сэтгэл уймарч яваад нэгэн ухаа гүвээ давтал учиргүй олон тэмээ өргөн хөндийд дураар бэлчин явахыг олж харжээ. Тарган тарган хүрэн тэмээд намхан, өргөст сөөгийн дотуур сэлгүүцэн тэдгээр ургамлын оройг хэмлэн байх нь харагджээ.

Найманы Эх, Акмайгаа гуядан тийш хар хурдаар тэшүүлэн явахдаа мөнөөхөн эрж гарсан тэмээн сүргийг олов гэж учиргүй баярлатал бас хүүгээ манкурт гэдэг боол болсныг одоо үзэх болно гэж бодохоос эмээн аймшигтай санагдан нуруу руу нь хүйт оргижээ. Гэтэл бас л баярлах сэтгэл төрж ер тэрхэн үес яаж яваагаа өөрөө боловч мэдэхгүй болжээ,

Өнөө сүрэг олон тэмээ бэлчих нь ч бэлчиж явна, гэтэл хүн нь хаана байна? Энэ хавьд л явах ёстой. Гэтэл хөндийн нөгөө захад нэг хүний бараа харагдаж. Гэвч ямар хүн болох нь холоос хараахан эс ялгагдах бөлгөө. Малгайгаа сайтар дарж хулгавчилсан тэр малчин урт гэгчийн шилбүүр тулж, ачаатай тэмээний бурантгаас бариад Эхийн ойртон очихыг огт ажиггүй тайван харан зогсож байв.

Найманы Эх ойртон очмогц хүүгээ мөн болохыг таниад тэмээнээсээ яаж буусныгаа ч мэдсэнгүй. Тэмээнээсээ ойчих шиг санагдсан авч юун тэрнийг мэдэхтэй манатай!

— Энхрий хайрт хүү минь! Би чамайгаа эрж явна! Би чиний эх чинь байна! гэж ширэнгэн дундуур явж байсан юм шиг гараа сарвалзуулан хүү рүүгээ зүтгэх нь тэр.

Найманы Эх бүх учрыг даруй мэдмэгц уруулаа жигтэй мурийлган, газар дэвслэн байж аймшигтай гашуунаар цурхиртал уйлж гарав. Хоёр хөл дээрээ тогтох гэж ядавч тогтож чадахгүй болов. Үхэтхийн газар ойчихгүйн тулд өнөө огт хайхрамжгүй зогсох хүүгийнхээ мөрнөөс шүүрэн авч уйлж, аль хэдийнээс дотор нь түгжигдэн явсан гашуун уйтгар нь нэгмөсөн дэлбэрэн гарчээ.

Тийнхүү уйлж тэгж байхдаа нүднийхээ нулимсны завсраар, нүүр рүү нь унжсан хэсэг нойтон буурал үснийхээ завсраар, замын тоос шороог нүүрэнд нялан салганаж буй гар хурууныхаа завсраар хүүгийнхээ танил төрх зургийг ширтэн байхдаа хүүгийнхээ харцыг ойлгож ядан эхийгээ таньдаг болов уу яадаг бол гэж улам бүр найдан горилон байж. Уул нь төрсөн эхийгээ танихаас хялбархан юм хаа байх вэ дээ!

Гэтэл эхийн нь ирсэн явдал хүүд хүний урамд ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй, өдөр болгон дандаа очиж эргэж тойрч байдаг юм аятай байжээ. Ядахдаа та юун хүн бэ, юунд уйлав гэж асуусан ч үгүй. Нэг хэдий болтол, өнөө хүү эхийн гарыг мөрөн дээрээсээ тавиулж, ботго тором наадан тонгочсоор холдож орхив уу гэсэн шиг өнөө салдаггүй ачаатай тэмээгээ хөтөлсөөр сүргийн нөгөө зах руу яваад өгчээ.

Хөөрхий эх тэр дороо явган сууж гараараа нүүрээ дарж өмөлзөн нэг хэсэг толгой таталгүй сууснаа босож хүү рүүгээ явахдаа биеэ барьж их л тайван байхыг хичээж байж. Манкурт гэдэг боол болсон хүү нь малгайгаа сайтар дарж хулгавчлаад юу ч болоогүй юм шиг эхийг огтоос хайхрамжгүй дэмий гөлрөн харж, нар салхинд холцруутаж тас харласан зовлонт царай нь инээвхийлэх аятай болов. Гэсэн ч харцанд нь нарт ертөнцөд юу ч сонирхохгүй болсон нойрмог янз илэрч, аанай л зожиг хайдаг хэвээр. Найманы Эх их дороос санаа алдан,

— Суу, хоёулаа юм ярья гэжээ.

Тэд газар суув.

— Чи намайг таньж байна уу?

Манкурт боол толгой сэгсэрч дээ.

— Чиний нэр чинь хэн гэдэг вэ?

Манкурт гэдэг.

— Одоо чи тийм нэртэй болж Урьд чамайг хэн гэдэг байсныг санаж байна уу? Жинхэнэ нэрээ санаач.

Манкурт боол дуугарсангүй. Эхийн үзвэл, хүү нь нэрээ санаж ядан байсан шиг хамрын нь хөтөл дээр хөлс бурзайж, нүд нь жигтэй чичирхийлэн бүрхжээ. Гэвч өмнө нь ямар нэг нэвтэлшгүй битүү хана хэрэм халхлан түүнийг давж чадахгүй байгаа бололтой байжээ.

— Эцгийн чинь хэн гэдэг вэ? Чи өөрөө хэн юм, хаана төрсөн бэ? Ядахдаа төрсөн нутгаа мэдэх үү?

Гэвч хүү нь юу ч санаж чадахгүй, юу ч мэдэхгүй байв.

— Чамайг ийм болгочих гэж байх уу гэж эх бас л өөрийн эрхгүй өмөлзөн гомдол хорсол, уй гашуудалдаа хахаж цацан байж уйлавч, уйлахгүйг ихэд хичээж байжээ. Эхийн тэрхүү гаслант байдал манкурт боол болсон хүүгийн сэтгэлийг уяруулсан нь нэгээхэн бээр үгүй.

— Хүний газар нутгийг булааж болно оо, эд баялгийг булааж болно оо, амь насыг нь ч сүйтгэж болно оо, гэхдээ хүний ухаан санаанд халдах гэж ямар хүний санаанд ордог байна аа, ямар хүн тэгж зүрхэлдэг байна аа? Тэнгэр бурхан минь, хэрэв чи үнэхээр байдаг аваас хүний ухаан санаанд тийм юм яаж оруулна вэ? Замбуулин хорвоод тэртэй тэргүй хортой муу юм багадав уу? гэж эх үглэв. Хүү огтхон ч анзаарсангүй.

Тэгэхлээр нь манкурт боол болсон хүүгээ ширтэн байгаад нарны тухай, тэнгэр бурхны тухай, эх хүний тухай өнөө өөрийн сайн мэддэг гаслант туужаа хайлан гарав. Тэрхүү туужийг мэддэг улс одоо ч Шар талын түүх домгийн тухай ярихдаа дуулан хайлдаг болой.

Хүүгийн сэтгэл хөдлөх янзгүй.