ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Булгантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрд ажиллах, дэвших боломжийг хангалаа

O.Admin
2024-05-08

                  Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагийн томилгоог хийлээ. Төрийн албаны тухай хуульд өнгөрсөн жил өөрчлөлт оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дэвших, төрийн албанд ажиллах боломж бололцоог нээж өгсөн. Манай төрийн албанд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг. Харин удирдах албан тушаалд дэвшиж ажиллах нь бараг байдаггүй. Цаашлаад төрийн албаны хуулийн дагуу шалгалт өгөх нөхцөлөөр хангаж өгсөн. Хувийн хэвшлээ бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулсангүй торгодог атлаа төр өөрөө маш өндөр шалгуур тавьдаг. Иймд төр өөрөө манлайлалаа харуулах гэдэг үүднээс боломжийг нь нээж өгч байна. Асуудлаа мэддэг хүнийг удирдах албан тушаалд мөн томилж байна.

Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн намрын шалгалтад шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгүүлж, шалгуур хангасан М.Маргад-Эрдэнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний агентлагийн даргаар томиллоо. ТАЗ-өөс М.Маргад-Эрдэнийг удирдах албан тушаалд томилох бүрэн боломжтой гэсэн тул холбогдох хуулийн дагуу АТГ-т “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн бичгийг авснаар томилгоог хийлээ. 

Улсын хэмжээнд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамж, дэмжлэгээр тэтгэх ёстой үзэгдэл тогтсон. Харин хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хангаач ээ гэдэг. Нийтийн тээвэр болон соёлын үйлчилгээ авах эрхийг нь нээж өгөөч ээ гэсэн. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал болон амьдрах орчныг нь хангаж өгнө.