ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Яармагийн 300 ортой эмнэлэг сувилагчдаа хоёр ээлжинд дараалан ажиллуулдаг уу

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-27

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж буй 0-2 насны 17 хүүхэд тариа хийлгэсний дараа таталт өгч, биеийн байдал нь муудсан юм.

Уг хэргийг хууль хяналтын байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар сувилахуйн технологийн стандарт зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн хэргийн хариуцлагыг тухайн ээлжинд гарч байсан сувилагчид үүрэх бололтой. Гэвч, эмнэлгийн удирдлага, менежментийн баг хариуцлагаас мултраад үлдэх ёсгүйг нөхцөл байдал харуулж байна. Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төв эмнэлэг Хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн зургаадугаар бүлэг

84.2.Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна.

87.4Ажилтныг хоёр ээлжид дараалуулан ажиллуулахыг хориглоно.

88.2.Шөнийн цагаар ажилласан ажилтныг дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар нөхөн амраана хэмээн заажээ.

Гэтэл энэ удаагийн хэрэгт холбогдсон сувилагч өмнөх өдөр нь мөн жижүүрт хонож таарсан байгаа юм. Энэ тухай нэгэн хохирогч хүүхдийн ээж хэвлэлд өгсөн ярилцлагадаа тариа хийсэн сувилагч нь “Бид хоёр жирэмсэн эх төрүүлээд нойргүй хоносон. Эртхэн амармаар байна” гэж хэлсэн тухай дурьдсан байдаг. Энэ бол тус эмнэлэг өмнөх өдөр нь ээлжинд хоносон сувилагчаа дахин дараа ээлжинд дараалуулан ажиллуулсан гэсэн үг.

Нойр ажлын бүтээмж, анхаарал төвлөрөлтөд шууд нөлөөлдөг гэдгийг судалгаагаар хэдийнэ тогтоосон байдаг. Хүний унтах нойрыг ердөө 1-2 цагаар хорогдуулахад ажлын гүйцэтгэлд шууд хамааралтай сөрөг нөлөө үзүүлдэг байна. Гэтэл Яармагийн 300 ортой эмнэлэг сувилагч нараа удаа дараа хоёр ээлжинд дараалан ажиллуулдаг тухай нэгэн нэрээ нууцалсан эх сурвалж ч илчиллээ.

Тэрбээр мэдээлэлдээ “Яармагийн 300 ортой эмнэлэг хүнгүй үед дахиж сунгаж гаргадаг. Тийм зүйл маш олон удаа тохиолдож байсан. Удирдлагынхаа урдаас юм хэлэхээр зуучихдаг, юм хэлж болдоггүй. Ахлах сувилагч, тасгийн эрхлэгчдээ хэлэхээр хая хая гэдэг. Бүгд л айдаг. Би ажиллаж байхдаа нэлээд хэдэн удаа тэгэж гарч байсан. Жирэмсэн долоон сар 20 хоногтой байхад хүртэл шөнийн ээлжинд явуулж байсан. Ялангуяа тулаа хийлгэдэг. Ээлжинд хоночихоод дахиж гаргадаг зүйл одоо хүртэл байгаа шүү. Хүн олдохгүй байна, гарах хүн байлгүй байна гээд удирдлагууд нь гуйгаад гаргадаг. Одоо бүр дасал болсон. Сувилагч нар нь ч мөнгө хэрэгтэй болохоор гарч л байдаг” гэжээ.

Keterangan tidak tersedia.

Хохирогч хүүхдүүдэд хийсэн тариа асуудалгүй гэж эмнэлгийн зүгээс тайлбарлаж байгаа. Тэгвэл олон хавар нэгэндээ гэгчээр ээлжинд хоносон сувилагч нараа хангалттай нойр авах боломж нөхцлөөр хангаагүй,  зөв зохион байгуулалт хийж чаддаггүй, ажлын гүйцэтгэлд нь шууд нөлөөлсөн  эмнэлгийн удирдлага энэ хэргийн хариуцлагаас мултраад үлдэх ёсгүй.

Одоогоор тариа тариулсаны дараа биеийн байдал нь муудсан гэх 17 хүүхдийн эрүүл мэндийн байдал тогтворжиж, зарим нь эдгэж эмнэлгээс гарахаар зэхэж байгаа юм. Харин сувилагч нарыг сувилахуйн технологийн стандарт зөрчсөн буюу тариагаа найруулаад удсан, хүүхдийн биед тариагаа хурдан шахсан байж болзошгүй гэх үндэслэлээр үргэлжлүүлэн шалгаж байна.