ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогджээ

O.Admin
2023-12-08

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган энэ  сарын 4-14-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байна. Тус чуулганаас Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн нийт гишүүн орнуудын олонхын саналаар Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр сонгогдлоо.

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн гурван удаа нэр дэвшин өрсөлдөж байсан бол ийнхүү анх удаа сонгогдож байгаа бөгөөд эхний санал хураалтаар Д.Эрдэнэбалсүрэн ганцаараа 81 орны санал авсан байна. Олон улсын эрүүгийн шүүх нь 18 шүүгчээс бүрддэг бөгөөд тэдгээрийн зургаа нь гурван жил тутамд есөн жилийн хугацаатай сонгогддог. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбалсүрэн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа 2023-2032 он хүртэл хэрэгжинэ. 

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас түүнийг Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж, дэмжин ажилласан бөгөөд шүүгч Ц.Цогт Улсын дээд шүүхийг төлөөлөн ажлын хэсэгт ажиллаж байгаа юм. Олон улсын эрүүгийн шүүхэд Монголын шүүгч өрсөлдөн сонгогдоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажил ихээхэн нөлөөлсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын дээд шүүх, Гадаад харилцааны яам, НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газар, Брюссель дэх Элчин сайдын яам болон бусад холбогдох байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэсэн байна.