ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Машины хөдөлгүүр шатсан тухай дуудлага нэмэгджээ

O.Admin
2023-12-18

Онцгой байдлын байгууллагад сүүлийн өдрүүдэд автомашины хөдөлгүүр шатсан тухай дуудлага нэмэгджээ. Зөвхөн өчигдрийн байдлаар гэхэд машин шатсан дөрвөн дуудлага бүртгэгдсэн байна.

Тодруулбал,

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 10 дугаар хорооны “Морин даваа”-ны наймдугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 09:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 09:55 цагт очиход иргэн Г-ын “Инсайт” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан.  

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. есдүгээр хорооны “Шар хад”-ны 56 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 13:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:56 цагт очиход иргэн Ө-ны “Караван НВ-350” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

- Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Баянхан багийн Задгайд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид нэг км замыг туулан 14:05 цагт очиход иргэн Д-ийн “Раум” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг дөрвөн минут ажиллаж унтраасан.

- Дорноговь аймаг, Сайншанд сум. дөрөвдүгээр багийн “Баруун буянт-Ухаа”-гийн 2 дугаар  гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 23:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 23:22 цагт очиход иргэн О-гийн “Аурэс” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор жолооч нар автомашинаа халаах зорилгоор машины хөдөлгүүрийн доод хэсэгт гал асааж, хяналтгүй орхисноос тухайн тээврийн хэрэгсэл шатах тохиолдол гарсаар байгаа юм. Иймд жолооч та бүхэн энэ мэт зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, таны анхаарал алдсан мөч бүхэн өөрт болон бусдад төсөөлж баршгүй хор хохирол учирдаг гэдгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.