ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өвлийн гурван сар буюу өмнөх гучин жил

O.Admin
2024-01-11

Уг нь өвлийн сарууд шувтрах дөхөж л байна. Гэхдээ хүйтний ам цаашлах шинж алга. Энэ өвөл урьдынхаас илүү хатуурхав. Цас ихтэй. Жавар чангатай. Энэ хатуу өвлийн цасыг ч, хүйтнийг ч Монгол даяараа яггүй хүртэж байна. Эндээс Улаанбаатар хотын тухайд хоёр асуудал гарч ирдэг. Цас унаж гулгаа халтиргаа нэмэгдэнэ. Тэгээд нам түгжирнэ. Бас утаа найгаа алдана. Тэгж ч байна. Ер нь бол манай хотын өнөөдрийн түгжрэл, утаа хоёр бол энэ өвлийн хүйтнээс болоод байгаа юм биш л дээ. Шулуухан бөгөөд товчхон хэлэхэд, өнгөрсөн 30 жилийн л үр дүн, өр төлөөс юм. Үнэндээ хот гэдэг тусдаа нэг улс болчихсон. Хэсэг улстөрч эзэмшдэг. Тэд цаанаа бизнесүүдийг дэмжиж, тэднээсээ орлого ашиг хүртдэг. Сүүлийн үед ээлж дараалан илэрч, дэлбэ үсрээд байгаа хот дагасан авлигатай холбогдсон нөхдүүд бараг л бүгдээрээ тэрбумтнууд байна. Сайн ухвал ам.долларын тэрбумтан ч байж мэднэ. Энэ нь хот дагасан авлига яаж хөгжиж цэцэглэсний тод илрэл шүү дээ.

Ингэж хэсэг бүлэг хүн хэмжээ хязгааргүй аашилснаас болоод өнөөдрийн Улаанбаатар утаандаа төөрч, түгжрэлдээ хонох шахсан хот бүрэлдсэн. Түгжирнэ, замаа өргөтгөх газар байхгүй. Газрыг нь өнгөрсөн 30 жилд хотын эрх барьсан дарга нар зараад дуусгасан. Бүгдээрээ мэднэ. “...Газрын наймаагаар баяжсан, боссон юм гэнэ лээ” гэдэг олон том улстөрч, бизнесмэн бий. Цас орно, түрэх техник байхгүй. ТҮК-ийнхэн хүрз бариад зам нүдэж зогсдог. Давс хужир цацна, нөгөө л ТҮК-ийнхэн машины тэвшин дээрээ тагтаа хооллож байгаатай адилхан л ажиллана. За бас, утаа ихэснэ, зуухаа л тараана. Шахмал түлш гэдэг шахааны бизнесийг таван жил цэцэглүүлсэн. Үр дүн байхгүй. Ийм л болгосон доо. Тусгаар улсын шинэ зууны нийслэл хот гэхэд “...Арай ч дээ” л гэмээр шүү.

Бас хот төлөвлөлт зөвхөн цаасан дээр үлдсэн. Бодитоор бол ердөө л нэг Монгол улсын иргэдийн тал хувийнх нь бөөгнөрөл болчихсон. Стандарт гэж бүр ч ярилтгүй. Угаасаа хот биш “хот”-д ямар ч стандарт гаргаад, мөрдүүлэх боломжгүй. За, бид чинь иймэрхүү л дүр зурагтай амьдарч байна.

Яг одоо хотын энэ айхтар асуудлуудыг хариуцаж байгаа хоёр хүн бий. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, Хотын дарга Х.Нямбаатар хоёр л доо. Энэ хоёр эдгээр албан тушаал дээр гуйж очоогүй байх гэж боддог юм. Сонгууль дөхөж байхад ийм хүнд ажил дээр очдог бол маш “тэнэг” хүний л сонголт юм. Ер нь утаа, түгжрэл хоёрын талаар бурхан бууж ирээд ярьсан ч муу үгээр булуулаад буцна даа. Ийм л “сэдэв”-үүд шүү. Дээрээс нь Б.Дэлгэрсайханы тухайд сайдтай сайдгүй нутагтаа нэр дэвшихэд нэг их саадгүйгээр гарч ирэхээр болчихсон. Том тойрог ч түүнд нэг их саад болохгүй дээ. Х.Нямбаатар ч ялгаагүй. Магадгүй, тойрог томрох нь түүний улс төрд улам хэрэгтэй байсан байж мэднэ. Өөрсдийнх нь хэлдгээр “...Хайруулын таваг дээр суучихсан” хэрэг. Гэхдээ гаднаасаа“..Торгуулийн суманд түлхүүлсэн” гэж л харагдаад байгаа юм. Гээд яахав дээ, нэгэнт очоод тамгыг нь тосоод авчихсан, ажиллахаас өөр аргагүй. Тэгэх гээд үзээд л байх шиг байна. Угаасаа тэднийг Ерөнхий сайд нь Б.Дэлгэрсайханыг “...Хотын асуудал бол цогц асуудал тэр дундаа аж ахуйн ажил юм. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томиллоо” гэсэн. Х.Нямбаатарыг “...Хотын суудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгоод нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана. Хотод “5Ш” ажиллагааг идэвхжүүлэх, цогц шалгалт хийх, Хотын эрх зүйн орчныг шийдэх, Бүтцийн цогц реформ хийх, Хотын амьдралын чанарын стандартын шинэтгэл хийх, Төлөвлөлтгүй газар олголт, хот байгуулалтын алдааг засах зорилтын хүрээнд Хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэр гаргалаа” гэж байв. Улмаар сарын өмнө УИХ-аар Түгжрэлийн буюу Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийг янз бүрээр л ярьж байна. Гэхдээ асуудал бүр нь гацаа бөглөөнд орчихсон хотыг ийм хуулиар зохицуулахгүй өөр яах юм бэ. Зарим нэг чангадаад байгаа хуулийн заалтууд нь ч өнөөгийн хотод ихээхэн хэрэг болж мэднэ. Мөн түгжрэл дээр гаргаж байгаа шийдвэрүүд өнөөдөртөө хийхээс өөр аргагүй нь харагдаж байна. Үнэндээ, машины замыг өргөтгөх байтугай мотоцикль, унадаг дугуйг ч тусдаа зам бариад явуулах боломж алга. Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хангамжийг нэмэхийн тулд газаргүй болсон төр нь газар эзэмшигчдээс “дээрэмдэх” маягаар авахдаа тулж байна. Тэгэхээр тэд одоо эргэлтийн шинжтэй шийдлүүд л гаргах хэрэгтэй гэсэн үг. Утаа л гэхэд зуух тараах, түлшээр хангахаасаа яндангаа цөөлөх л ганцхан гарцаар буурна. Түгжрэл бол метро,тэр “Шинэ тойрог зам”, гүүрэн замууд зэргийг барьж байж сийрнэ. Нэлээдийг нь эхлүүлсэн. Гэвч улс төрийн өнцгөөр шүүмжлэл, басамжлал бишгүй л харагдаж байна. Ямар ч байсан бүтэн 12 жилийн турш хуучин, капитал автобус “унаж” ирсэн хотынхон одоо шинэ автобусаар зорчихоор болж байна. Худалдан авах ажиллагааг нь нээлттэй явууллаа. Тэгээд “ногоон автобус”-ны үнээс хэд дахин хямдаар шинэ автобуснууд оруулж ирж байна. Он солигдох үеэр эхний ээлжийн 35 автобус ороод ирсэн. Мөн “...Метро барина” гэлээ. Ажил нь эхэлсэн байгаа юм. Нийтээрээ шоолох хандлагатай. Яах вэ, олон жил ийм “санаачилга” гарсан ч хэзээ ч эхлүүлээгүй. Үлгэр болж үлдсээр ирсэн юм.

Ерөөсөө өнөөдрийн энэ хотын царай, биднийг зовоож буй зам, агаар хоёрын асуудал бол гуравхан сарын үзэгдэл биш юм. Гучин жилийн “ургац” шүү. Үүнтэйгээ хамт өнгөрсөн зуны гурван сарыг ч бид нийлүүлж санах ёстой. Мартаж болохгүй. Зуны тэр их үер бас л авлигаас үүдэлтэй байсан. Энэ тодорхой. Гэвч хууль шүүхийнхэн шийдэж чаддаггүй. Зарим шийдвэр нь үүнтэй тэмцсэн захиргааны актуудыг хүчингүй болгоно. Авлигыг хамгаалдаг систем ингэж л боссон байгаа юм.

Хот дагасан авлигын талаар сүүлийн гурван жилд эрчимтэй ярьсан. Тэгээд олон олон авлигын кейс ил боллоо. Эмгэнэлтэй нь тэр бүхэн урьд нь байсан л хэрэг явдлууд байдаг. Улс төр, бизнес, хууль хяналтынхан бүгд мэддэг. Гэхдээ байхгүй юм шиг дарж ирсэн. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн оны сүүлчээр илэрсэн “ногоон автобус”-ны хэрэг гэж бий. Нэг л кэйс шүү дээ. Автобусны худалдан авалтыг бүр 2008, 2009 оноос хойшхийг шалгавал зохино. Энд хэлэхэд, АН-ынхан ногоон автобусаар сонсгол хийх санаачилга гаргаад явж байна. Санаа нь зөв. Гэхдээ хаяг андуураад байна. Ногоон автобусыг УИХ-аар биш НИТХ-аар хэлэлцэх хууль зүйн гарцтай юм байна лээ. АН-ынхан үүнийг мэдэхгүй байна гэж баймгүй. Тэгээд бас ганц ногоон автобусаар биш дээр хэлсэнчлэн 12 жилийн хугацааны автобусны худалдан авалтаар сонсгол хийх “захиалга” өгөх хэрэгтэй. Тэр ч бүү хэл, “...Хот дагасан авлига гэдэг том сэдвээр сонсгол хийе” гэвэл үнэмшилтэй хийгээд хэрэгтэй сонсогдоно. Тэгэлгүй, “ Ногоон автобусаар сонсгол хийхгүй байгаа УИХ-ын даргыг Цэцэд өгнө” энэ тэр гэдэг бол сонгуульд зориулсан улс төрийн шоу шиг үзэгдээд байна.

Ер нь зарим улс төрийн хүчнүүд, нэр бүхий улс төрийн бүлэглэлүүд хотын 30 жилийг бүдгэрүүлэх гэж мөн ч их хичээж байгаа харагдана. Хотыг ийм болоход гар бие оролцсон нөхдүүд баригдаж ирээд хоригдоход “...Хөөрхий минь, настай хүнийг яах нь вэ” гэнэ. Гэтэл хотын өнгөрсөн 30 жилийн газрын наймаа, хот төлөвлөлтийн завхралыг тэр хүмүүсээс сайн мэдэх хүн байхгүй. Тэр хүн өөрөө авлига, албан тушаалын хэрэг өдөөгөөгүй гэхэд тэдгээргийн хамгийн сайн мэдэх хүний нэг мөнөөс мөн. Түүнчлэн бас нэг улстөрчийн тухайд “...Түүнийг буулгаад л амьдрал сайжирна гэсэн яасан бэ” гээд л олон нийтийн сүлжээгээр ойр ойрхон турхирч байна. Тэр хүн нь хотыг хамгийн олон жил удирдаж, хот дагасан авлигуудтай холбоотой яригдаж ирсэн байх жишээтэй. Тэр байтугай МАН-д Хотын фракц гэж байгуулсан. Тэр нь сүүлдээ МАНАН болж өргөжсөн. Энэ фракц одоо ч хүчтэй хэвээр байна. Зөвхөн энэ ганц хоёр хүнийг л гэхэд хотын авлигатай холбоотой юу үгүй юу гэдгийг иргэд мэдэх эрхтэй. Энэ бололцоог хууль хяналтынхан гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэгийг нь шүүхээс буцааж, нөгөөхийг нь мөрдөх шатанд нь царцаах байдлаар хэргүүдийг нь сонгууль өнгөртөл “амраачихсан” байгаа шүү.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин