ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алтны татварыг нэмэх нь далд эдийн засгийг тэтгэх хөшүүрэг болох вий

O.Admin
2018-09-14

Тусгаар тогтносон бүрэн эрхт улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал баталгаа нь гадаад валютын нөөц байдаг. Манай улсын гадаад валютын нөөц долдугаар сарын байдлаар 2.95 тэрбум ам.доллар байгаа нь импортын зургаан сарын хэрэглээг хангах түвшинд байгаа гэсэн үг. Хоёр жилийн өмнөх мөн үед хасах утгыг зааж нөөцөө шавхсан байсныг бодоход байдал дээрдсэн ч гадаад өр төлбөртэй манай улсын хувьд нөөцөө 6-7 тэрбум ам.долларт хүргэх шаардлага бий гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч хэлж буй. Дэлхийн улс орны гадаад валютын нөөцийг сонирхвол 2017 оны эцэс гэхэд Хятад 3.2 их наяд ам.доллараар жагсаалтыг тэргүүлжээ. Харин удаах байрт Япон улс 1.3 их наяд, Швейцар 881 тэрбум, АНУ 451.3 тэрбум гэх мэтээр нөөцөөрөө тэргүүлж буй эхний 10 улсыг Дэлхийн банк нэрлэжээ. 

Монголын эдийн засаг уул уурхайн мөчлөг дагасан, бусад салбарын хөгжил нь сул, гаднаас мөнгө оруулж ирэх эх сурвалж тааруу, гадаад хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй гээд гадаад валютын нөөцөө ядаж аравтын орон руу ойртуулахад энэ мэт саад тотгор тулж байдаг. Гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд валютаас гадна хатуу валют болох алт чухал үүрэгтэй байдаг тул аль ч орны нөөцөд алт онцгой байр суурь эзэлдэг. Тийм ч учраас Монголбанкнаас нөөцийг арвижуулахад хэрэгжүүлсэн бодлогуудын нэг нь алт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарал тавьсан гэж хэлж болно. Үүний хүчинд өнгөрсөн онд алт худалдан авалтын нийт дүн нь түүхэндээ хамгийн дээд үзүүлэлт буюу 20 тн-д хүрч, 700 гаруй сая ам.доллараар нөөцөө нэмэгдүүлж чаджээ. Цаасан валютын орох урсгал хязгаарлагдмал харин байгалийн баялагтай бидэнд алтаа эдийн засгийн эргэлтэд оруулж, хатуу валют руу хувиргах боломж энэ мэтээр байгаа гэдэг нь харагдаж байна. Монголбанк энэ жил өнгөрсөн оны амжилтаа бататгаж түүнээс 10 хувиар илүү худалдан авалт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Үүний тулд төрийн бусад байгууллагуудтай хамтарснаар ченжийн гараар дамжиж, албан бусаар хил гаалиар нэвтэрдэг асуудлыг бууруулах, орон нутагт сорьцын лабораториуд нээж шууд худалдан авалтыг хийдэг болох, аж ахуйн нэгжүүдэд ноогдуулдаг татварын хэмжээнд анхаарах гэх мэтээр бодлогын санаачлагуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байгаа юм.

Гадаад валютын улсын нөөцийн зорилго нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орны богино хугацаат гадаад зээлийн төлбөрийг төлөх чадварыг хангах, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валютын баталгааг хангах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд зардал багатай гарах зэрэгт чиглэгддэг. Гадаад валютын улсын нөөц өндөр байх нь тухай орны санхүүгийн эрсдэл даах чадавхийг илтгэдэг тул зээлжих зэрэглэлийн өндөр үнэлгээ авах, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гол үзүүлэлт болдог гэдгийг захын эдийн засгийн мэдлэгтэй хүн ч мэднэ. Гэтэл манай орны гадаад валютын улсын нөөцийн хэмжээ нь гадаад өр, төлбөрийг төлж барагдуулах, эдийн засгийн дархлааг хангах түвшинд хүрээгүй байгаа тул валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага их бий. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад валютын улсын нөөцийг улсын импортын 12 сарын хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгахаар заасан байдаг юм. Алтаар гадаад валютын улсын нөөцийг Монголбанк 2012-2017 онд нэмэгдүүлсэн хэмжээг нэгдүгээр графикт дүрслэн үзүүлье. 

 

 Татварын уян хатан нөхцөл алтыг эх орондоо үлдээх хөшүүрэг болно

Монголбанк 1999 онд 99 үйлдвэрээс 10.902.4 кг, 2001 онд 117 үйлдвэрээс 13.760.03 кг, 2005 онд 133 үйлдвэрээс 15.232.9 кг алт худалдан авчээ. Хэдийгээр жил болгон алт худалдан авалт нэмэгдэж байсан ч 2006 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль” үйлчилж эхэлснээр тухайн онд 130 үйлдвэрээс 9.024.4 кг, 2010 онд 106 үйлдвэрээс 2.116.6 кг алт худалдан авсан нь алт олборлогчид алтаа тушаах нь эрс багассантай холбоотой юм. Үүнтэй уялдуулан 2011 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль”-ийг хүчингүй болгон “Ашигт малтмалын тухай” хуульд өөрчлөлт оруулан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ таван хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-ээс 5 хүртэл хувьтай тэнцүү байхаар болгосон. Энэ арга хэмжээний үр дүнд 2012 онд 95 үйлдвэрээс 3.344.5 кг, 2013 онд 72 үйлдвэрээс 6.041.9 кг алт худалдан авсан нь өмнөх үеэс нэмэгдсэн боловч санасан хэмжээнд хүрэхгүй байсан тул төр засгаас онцгой анхаарч “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан “Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү” байхаар зааж 2014 оны нэгдүгээс сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр хуульчилсан билээ. Ингэсний үр дүнд 2014 оноос эхлэн Монголбанкны алт худалдан авалт эрс өссөн үзүүлэлттэй байна.  1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээг хоёрдугаар графикт харуулав.

Дээрх графикаас харахад Монголбанкинд алт худалдах нь алтны дэлхийн зах зээлийн үнээс биш зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээнээс шууд хамаарч байна. Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хуулийн энэхүү заалтыг дагаж мөрдөх хүчинтэй хугацаа дуусгавар болох юм. Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нэмэгдэн таван хувь, нэмэлт төлбөр зах зээлийн үнийн түвшингээс хамаарч 0-5 хувь хүртэл нэмэгдсэн тохиолдолд Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ ирэх оноос эхлэн буурч, 2013 оны хэмжээнд буюу зургаан тонн болтлоо буурах эрсдэл үүсэж болзошгүй. Татвар, төлбөрийн хувь хэмжээ нь үндэслэл, судалгаагүйгээр тогтоогдсоноор далд эдийн засгийг улам нэмэгдүүлж, хууль бусаар хил гаалиар нэвтрүүлэх явдал мөн өсч болохыг дээрх графикаас харж болно. Тиймээс буцаад худалдан авалтын өсөлт уруудан гулсах юм. 

 

Дэлхийн зах зээл дээрх алт, алтны үнэ 

Дэлхийн Алтны Зөвлөлөөс (World Gold Council) мэдээлснээр энэ оны наймдугаар сарын байдлаар улсын төв банкууд нийт 33.736.9 тонн гулдмайлсан алтыг эзэмшиж байна. Төв банкинд хадгалагддаг алт нь банкны өөрийн эзэмшил биш бөгөөд Төв банк нь тухайн улсынхаа нэрийн өмнөөс тус алтыг хадгалж, удирддаг байна. Алтны нөөцийн хэмжээгээр тэргүүлэгч 10 улсын жагсаалтыг хүснэгт 1-т үзүүллээ.

Урт хугацаандаа портфельд агуулагдах алт болон бусад активууд хоорондоо урвуу харилцаатай байдаг. Алт нь улсын гадаад валютын нөөцийг төрөлжүүлж өгдөг бөгөөд нөөцийг бүрдүүлэх бусад валютаас ялгаатай ба харьцангуй эрсдэл багатай активын төрөл болж өгдөг учир одоо үед ч гэсэн алтыг нөөцөндөө байлгах өндөр ач холбогдолтой билээ. Дэлхийн зах зээл дээрх алтны ханшийн өөрчлөлт гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэхэд шууд холбоотой юм. 

График гуравт тусгасан алтны үнийн цувааг ажиглавал 2012-2018 он хүртэл зургаан жилийн хугацаанд оны эхэн болгонд алтны үнэ харьцангуй өсөлттэй байдаг нь харагдаж байна. Үүний дараагаар оны дунд үеэр буюу зуны улиралд байнгын үнийн огцом уналттай байна. Зун дуусаад есдүгээр сараас эхлэн алтны үнэ буцаад өсөж эхэлдэг бол оны сүүл үеэр алтны үнэ буурдаг дүр зураг ажиглагдаж байна. Иймээс алтны үнэ сүүлийн зургаан жилийн туршид мөчлөгийн давтамжтайгаар хэлбэлзэж ирсэн ба улирлаас шалтгаалан өсөж, буурах хандлагатай байна. 

Дээрх босоо шугам нь 2013 оноос 2018 хагас жилийн байдал хүртэлх Монголбанкны алт худалдан авалтын хэмжээг кг-аар харуулжээ. Улаан шугамаар алтны үнийн түүхэн тоон цувааг нэг унци худалдан авах ам.долларын хэмжээгээр харуулжээ. График гурав болон дөрөвт эхэн үе бүрээр алтны үнэ уналттай байдаг нь тодорхой харагдаж байна. График дөрвөөс алтны худалдан авалт оны эхэн үеэр мөн бага байдаг нь тодорхой байгаа юм. Энэ нь өвлийн саруудад Монгол Улсад алтны олборлолт буурч зогсдогтой холбоотой. Харин Монголбанкны алт худалдан авалт жил бүр наймдугаар сараас эхлэн намрын саруудад оргил цэгтээ хүрдэг байна. Энэ үеүдээр жил бүрийн алтны харьцангуй үнэ өсөлттэй байдаг. Эх орныхоо алтыг эх орныхоо хөгжилд зориулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бидэнд татварын уян хатан бодлого ийнхүү чухал аж. Түүнээс бус худалдан авалтыг нэмэгдүүлэх идэвхийг сэргээх бүх талын нөхцөл бололцоог бүрдүүлэх боломжууд нэгэнт бүрдсэн байна. 

Д.Ариунаа