ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчууд дээлээ хүртэл Хятадаас импортлохдоо тулжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-05

Монголчууд хэрэглээний ихэнх бараагаа хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гар угаах савангаас эхлээд хөлнөөс толгой хүртэлх бүхий л зүйлсээ гаднаас импортоор авдаг нь үнэн. Гэлээ ч, үндэсний дээлээ ядаж Хятадаас импортолмооргүй байх юм, монголчууд аа.

Сар шинийн баяр дөхөж, дээл, гутал хувцасны худалдаа эдүгээ ид эрчээ авч байна. Гарын ур ухаан шингэсэн үндэсний дээл хувцсаа өв соёл тээгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оёж, хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа. Харин нөгөө талд худалдаа эрхлэгчид үндэсний баяраар Хятадаас дээл импортлон, хямд үнээр зарж байх юм. Дээл бол бидний үндэсний омогшил, ондоошил, түүх, соёл юм. Энэ бол өнөөдрийн 20 мянган төгрөгийн ашгаас ч үнэ цэнэтэй зүйл.

Дээл монголчуудын нийгмийн түүхийн явцад хувьсан өөрчлөгдөж, тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухааны нөлөөнөөс хамаарч өвөрмөц донжийг бүрдүүлэн хөгжиж ирсэн ч шилбэ, товч, үндсэн хийцийг нь огт өөрчлөөгүй өдийг хүрсэн. Сүүлийн үед харин хэт гоёж, өөрчлөх гэж хэлбэр хийц, өв соёлыг нь алдуулах болсныг нуух юун. Дээл эсгэх, товч шилбэ хадах нь тэр чигээрээ ур ухаан, өв соёлын хувьд ч дахин давтагдашгүй уламжлал. Айлын эзэгтэй бүр нөхөртөө, үр хүүхдэдээ эртнээс дээлийг нь урлаж ирсэн бөгөөд орчин үеийн завгүй амьдралын урсгалаас шалтгаалан үндэсний дээлээ оёдолчдоос худалдан авч өмсөх болсон билээ.

Харин сүүлийн жилүүдэд интернэт худалдаа хөгжихийн хэрээр татвар төлдөггүй худалдаачид үндэсний соёлоо уландаа гишгэлж, өв тээгчдийнхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлэх боллоо.

Хятад хээ хуар, донж маягтай дээлийг “Монгол загвартай” хэмээж, хямд үнээр худалдан борлуулж, түүнийг нь худалдан авах иргэд ч ихэссэн байх юм. Зах худалдааны төвүүдэд буруу зөрүү энгэр, товчтой хантааз, цамц тэргүүтэн ч худалдаж байгаа харагдах юм. Хүүхдийн хятад дээл ч оруулж ирэн түүнийг нь худалдан авч, үр хүүхдээ гоёх монголчууд ч цөөнгүй болжээ.

Хэдхэн жилийн өмнө Өвөрмонгол руу Монголын бүх л гайгүй оёдолчид цувраад дууссан. Гайгүй үнэ хөлс, цалинтай ажил руу оёдолчид явж буйг бид мөн хөндөж л байлаа. Тэгвэл төд удахгүй бид энд дээл оёдог хүмүүсгүй болж эцэстээ урд хөршөөсөө тэр чигээрээ дээлээ худалдан авч өмсдөг болох вий дээ. Тэртээ, тэргүй сүүлийн үед хятадын вичат, тик ток орчинд хятад залуус монгол ахуйг харуулсан реел, бичлэг хэдэн зуугаараа хийдэг болчихоод байгаа. Манайхаар инфлүүсэр гэж хэлж болох олон дагагчтай залуус ч баатрын дээл хувцас өмсөж монгол гэрээс гарч ирээд цасаар шүдээ угааж, монгол дээл хувцсыг өмсөж, морь унаж буй бичлэгүүд хийдэг болов. Эрийн гурван наадмыг ч тэд ӨМӨЗО-ноор дамжуулан хийж, дэлхийд сурталчилсаар байгаа.

Энэ бол Төв Азид Монгол Улс гэж дангаар улс байхгүй дагаар болно оо гэсэн алс хэтийн мессеж гэчихвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй байх аа. Энэ бүхний эцэст Монголын өв соёл, үндэсний баяр наадам, цагаан сар юу болох вэ.  Хямд юм чинь худалдаад авчихъя. Адилхан хээ хуартай юм чинь гэж хандсаар байвал цаашдаа бидний өв соёл юу болж хувирах вэ.

Үндэсний үйлдвэрлэл үнэтэй байна гээд Хятадаас дээлээ хүртэл импортлоод байвал эцэстээ дээлээ ч оёж чадах хүнгүй, өвлүүлэн үлдээх соёлгүй болох вий дээ. Хэн юугаа өмсөж, юугаа зарах нь хамаагүй ч, дотооддоо хийдэг салон, үйлдвэрлэгч, оёдолчид өчнөөн байхад дээлээ хүртэл Хятадаас авмааргүй байх юм. Үндэсний өв соёлдоо хүндэтгэлтэй хандаж, наад захын этик гаргаач, бизнес эрхлэгчид минь.

Монгол дээл үнэтэй гэх иргэдээ зөвхөн хэлбэрт анхаарч хятад дээл өмсөх хэрэггүй. Бүтээгдэхүүний үнэд материал, ажиллагаа, хийц, хөдөлмөр, татвар шингэж буй.  Өөрсдөө оёод өмсөх боломжгүй, завгүй бол үндэсний дээлээ л худалдан аваач. Таны төлсөн мөнгө Хятад улс руу биш Монголдоо үлдэнэ шүү дээ.