ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨНДӨХ СЭДЭВ: Тэгш, сондгой зохицуулалт одоо л хэрэгтэй байна, дарга нар аа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-07

Нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түгжрэлийг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаж байв. Ингэснээр нийслэлийн иргэд хоёр сарын турш тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зорчсон юм.

Уг шийдвэр энэ сарын 1-нээс дуусгавар болж, үргэлжлүүлэх эсэх талаар олон нийтээс санал авсан ч дийлэнх дэмжээгүй тул цуцалсан юм билээ. Гэтэл, монголчуудын бүх нийтээр тэмдэглэдэг Цагаан сарын баяр дөхсөн энэ өдрүүдэд цугтаа төв зам дээрээ хонож байна гэвэл хэтрүүлсэн болохгүй байх. Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт цуцлагдсан үеэс эхлээд нийслэлчүүд үндсэндээ автозам дээрээ амьдрах боллоо.

Судалгаагаар нийслэлчүүд хоногт 4-5 цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг аж. Тэгвэл сар шинийн баярын бэлтгэл эхэлсэн эл өдрүүдэд зургаагаас дээш цагийг зарцуулж байгаа нь маргашгүй үнэн. Үүнийг дагаад тэр хэмжээний мөнгө, цаг хугацаа, боломжийг дэмий урсгаж байна, бид.

Багахан тооцоо хийж үзье л дээ. Болд сард гар дээрээ 660 мянган төгрөг авдаг гэж бодъё. Ажлын 20 хоногт, өдрийн найман цаг ажиллана гэж үзвэл түүний нэг цаг 4500 орчим төгрөгийн үнэтэй.  Болд яг энэ өдрүүдэд зургаан цаг түгжирч байна гэж тооцвол өдөрт 25000 төгрөгийн боломжоо алдаж байна. Амрах,  гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цагийг нь мөнгөөр ч үнэлэх боломжгүй. 

Нэгэнт л бид өргөс авсан мэт түгжрэлийг шууд шийдэж чадахгүйгээс хойш иргэдийн гарах урсгал нэмэгддэг, автозамын ачаалал ихэсдэг томоохон баяр, тэмдэглэлт өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болохгүй бол болохгүй нь ээ. Ядаж л шинэ жил, цагаан сар, хичээлийн шинэ жил эхлэх ид ачаалалтай үед дугаарын хязгаарлалтын зохицуулалтаа чангатгая. Харин бусад цагтаа замд түгжрэх үү, автобусаар зорчих уу гэдэг нь хувь хүний эрх юм байгаа биз. 

Болд, Бат, Чимгээ, Дулмаа гээд бүгд нэг дор түгжрэх биш нэг, нэг өдрөөр ээлжлэн автозамын урсгалаа сайжруулахгүй л бол зам дээрээ зогссоор өдөр дуусах нь ээ. Ажил хийх ч боломж алга, амьдрах боломж ч бас алга.

Нийслэл хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд дунд болон урт хугацааны хөтөлбөрүүдийг санаачлан, эхнээсээ биеллээ олоход ойртож буй. Өнөөдөр л гэхэд жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэх Францын “Пома” компанийн төлөөлөл мэдээлэл хийж, гэрээнд заагдсаны дагуу ирэх жилийн зургаадугаар сард ашиглалтад оруулна гэдгээ тодотгосон.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 600 шинэ автобусыг худалдан авч, үйлчилгээнд гаргалаа. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэшсэн автобусны жолооч нарыг бэлтгэж, 3.5 сая төгрөгийн цалин амлахаа ч хотын удирдлагууд илэрхийлээд байгаа юм. Үүнээс гадна түгжрэл үүсгэдэг зам, гарцуудыг чөлөөлж, урсгал сайжруулах шат дараатай үйл ажиллагаануудыг ч эхлүүлсэн билээ. Дэвшил гарсан уу гэвэл гарсан. Гэвч, нэг өглөө босоход бүх асуудал шийдэгдэхгүй, урт хугацааны оновчтой төлөвлөлт хэрэгтэйгээс хойш баярын их түгжрэлийн үед давс мэт гашуун зохицуулалт байхгүйгээр өөрсдөө учраа олцгоо хэмээн орхиж боломгүй байлтай.

Өмнө нь сарын хугацаанд тэгш сондгой дугаарын хязгаартайгаар зорчсон иргэд бухимдах нь гарцаагүй. Гэхдээ баярын өдрүүдэд замын түгжрэл нэмэгддэг учраас хүүхэд амарсан үед бус ийм цаг үед хийж сурмаар байна, дарга нар аа. Хүссэн ч эс хүссэн ч энэ өдрүүдэд тэгш, сондгойн зохицуулалт л хамгийн хэрэгтэй байж дээ.