ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Бат-Үүл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэмээр сайхан үг хэллээ

O.Admin
2024-03-14

Төрийн ордонд болж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил”-ийн эдийн засгийн форумд хотын дарга асан Э.Бат-Үүл оролцож байна. Тэрбээр Ерөнхий сайдын бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөний талаар дараах байр суурийг илэрхийллээ.

-Хотын үнэт зүйл юу вэ. Бүсчилж хөгжүүлэхийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Хэдий улиг болсон үг мэт боловч хотын үнэт зүйл нь иргэд. Хотын үндсэн бодлого иргэдийн мэдэлд байдаг өмч хөрөнгийн үнэ цэнийг тогтвортой өсгөхөд чиглэх ёстой.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний ярьсан нэг зүйлд баярлаж суулаа. Би бүр фэйсбүүктэй “Ерөнхий сайдын бөгсийг долоомоор сайхан үг хэллээ” гэж пост оруулсан. Нийслэлийн засаг захиргааны нэгжийг суурьшлийнх нь нийтлэгээр бүсчлэн хувааж, засаг захиргааны нэгж дэх хотуудыг бий болгох тухай ярьсан. Бидний үед Багануур, Налайхад туршсан. Гэхдээ төсөв, эдийн засгийн эрх нь хотод очиж чадахгүйгээс амжилтгүй болсон. Энэ төслийг одоо дорвитой, өргөн цар хүрээтэй хийх гэж байна. Ингэснээр Улаанбаатар хотын байдал орвонгоороо өөрчлөгдөнө гэдгийг хэлмээр байна.

-Таны үед Метро барих тухай асуудал яригдаж эхэлж, маш их хүчин зүтгэл гаргаж байсан. Одоо бас метро барих асуудал яригдаж байна. Есдүгээр сараас эхлэн барилгын ажил нь эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Метроны тухайд бид оройтсон эсэх, ямар байдлаар орж ажиллах ёстой талаар таны байр суурь юу вэ?

-Хотын дарга Х.Нямбаатар метро барих ажлыг үргэлжлүүлэх чиглэлээр тууштай байр суурьтай байгаад би баяртай байна. Метро 2016 онд баригдаад 2020 онд ашиглалтад орох ёстой байсан ч, улстөржилтөөс болоод зогсчихсон асуудал. Х.Нямбаатар дарга “Метро бол улстөржих асуудал биш. Бидний хийх ёстой ажил” гэж хэлж байна. Гэхдээ хам хум байдлаар асуудалд хандаж буй нь сэтгэл түгшээж байна. Есдүгээр сараас газар шорооны ажил эхэлнэ ч гэх шиг. Метро бол газар шорооны ажил биш. Маш өндөр технологийн инженерийн байгууламж. 2013 онд хийгдсэн ТЭЗҮ бүрэн шинэчлэгдэх ёстой. ТЭЗҮ-г шинэчлэхийн тулд нарийн хэмжилтүүд хийгдэнэ.

Метрог дагалдаж хийгдэх ажлууд яригдах ёстой. Жишээ нь метро барих 1500 гаруй инженер, техникийн ажилтныг хэн бэлтгэх юм бэ. Хонгил ухаад вагон тавих ажил биш шүү дээ.

Онцгой аюулгүй байдлын технологийн байгууламжийг ажиллуулах 1500 өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг яагаад ярихгүй байна вэ. Би сүүлдээ сонгууль дөхөөд пиар хийж байгаа юм болов уу гэж хардаж байна. Ногоон автобусны хэрэг шиг болох вий гэдгээс Х.Нямбаатар дарга болгоомжлох хэрэгтэй. Метро барих тийм амар ажил биш, зөвхөн бэлтгэл ажилд хоёр жил зарцуулдаг.

- Орон сууцжуулах ажлын хүрээнд тусгай бүс нутгуудыг бий болгож, төвлөрлийг сааруулах тухай бодлого танилцуулагдаж байсан. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Нийслэл гэдэг засаг захиргааны нэгжийг хотуудад хувааж, энэ хотууд нь өөр өөрийн чиглэлтэй, нийтлэг онцлогтой болоод явбал хувьсгал хийх хэмжээний маш том өөрчлөлт болно. Үүнийг орон сууцжуулах бодлоготой уялдуулах нь яах аргагүй зөв. Гэхдээ хэрэгжихдээ суларчих вий. Бид бөөндөө хөөрч ярьж ярьчихаад, ард иргэд нь бөөн горьдлоготой үлдчихдэг. Улаанбаатарчууд 2020 онд метротой болно гэсэн горьдлоготой байсан. Тэгээд л зогссон. Ийм зүйл болох вий гэж болгоомжилж байна. Манай улс төрд их хөөрч ярьдаг ч , бодит байдалд хэрэгждэггүй. Хоёрдугаарт, хийж буй ажилд нь амьдралд, эрэлттэйгээ уялдсан байх ёстой. Эрэлтгүй бүтээн байгуулалт бол дампуурал гэсэн үг. Тийм учраас уялдуулах ёстой.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх гэж буй нь сайн хэрэг. Гэхдээ тэд чинь газрын эзэд шүү гэдгийг ойлгоорой гэж хүсээд байгаа юм.

Тэдэнд үнэ тулгаад, захиргааны хэргээр чөлөөлнө гэвэл бүтэхгүй. Хүмүүс газраа чөлөөлж өгөхгүй. Эрэлт бий болоход газрын үнэ өснө. Тэрийг яаж хоёр өрөө байраар өгөх юм бэ. Хашааны газрын эздийгээ хот нь түншлэх ёстой. Хашааны газар руугаа дэд бүтцээ татаад өгчих. Хашааны газраар нь барьцаалж ипотекийн зээл өг. Тэгвэл 5 айл хашааны газраа нийлүүлээд 20 айлын орон сууц барьчихна. Тавд нь амьдраад 15-ыг нь зараад зээлээ төлнө. Хашааны газрын эздийг бизнес босгоход хот хамтрах ёстой.