ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Дамба-Очир: Сандал ширээ, хэрүүл хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарлаж болохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-20

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-УИХ-ын намрын чуулган арав гаруй хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. УИХ-ын гишүүдийн 1/3 нь ээлжит бус чуулган  хуралдуулахаар санал гаргаж, гарын үсэг цуглуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс мөн албан бичиг илгээлээ. Одоог хүртэл УИХ-ын даргын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах талаар ямар нэг алхам хийсэнгүй. Энэ нь даргаас огцрох үндэслэл болно. Хуулийн заалттай гэж гишүүд тайлбарлаад байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Ээлжит бус чуулган зарлах боломжгүй. Удахгүй намрын чуулган нээлтээ хийх гэж байна. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн болон яаралтай шийдэх асуудлаа оруулаад явна байх. 

-Ээлжит бус чуулган зарлаагүй нь УИХ-ын даргын огцрох үндэслэл болно гэсэн. Та санал нийлэх үү?

-Ийм хуулийн заалт байхгүй шүү дээ. 

-Таны хувьд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага байсан гэж байна уу?

-Шаардлага  байхгүй. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хууль дүрэмтэй шүү дээ. Онцгой шаардлага гарсан тохиолдолд зарладаг. Мөн зайлшгүй хойшлуулж болохгүй асуудал гарсан тохиолдолд хурал зарлана. Улс орны амин чухал асуудлууд гарвал зарладаг юм. Түүнээс сандал ширээ болон хэрүүл хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлана гэж байхгүй. 

-Ерөнхийлөгчийн илгээсэн албан бичиг болон УИХ-ын гишүүдийн цуглуулсан гарын үсэг юу болж хувирах юм бэ?

-Тэрийг би мэдэхгүй. Улс орны хөгжилд хэрэгтэй томоохон бүтээн байгуулалт болон эрх ашигтай холбоотой зүйлийг шийдээд явах хэрэгтэй. Ингэхийн тулд төр засаг тогтвортой байх ёстой. Удахгүй 2020 оны сонгуулийн асуудал ярина. Одоо тэгж хэрэлдэж, хэрүүлийн сэдэв хөөж явдаг цаг нь биш. Үүний тулд хэн,  хэн нь учраа олоод явах хэрэгтэй. 

-Намрын чуулганаар хэлэлцэх хэдэн том хуулийн төсөл хүлээгдэж байгаа. Тухайлбал, Төсвийн тухай хууль, Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ. Таны хувьд намрын чуулганаас юу хүлээж байна вэ?

-Намрын чуулган нэлээд хүндхэн болно. Учир нь чуулганаар нэлээд хүнд хүнд асуудлыг хэлэлцэнэ. Хамгийн түрүүнд төсвөө хэлэлцэнэ. Зам тээврийн хөгжлийн сайдыг томилно. Үндсэн хууль, намуудын тухай хууль гэх мэт томоохон асуудлууд байна. Мөн банк санхүү, эдийн засагтай холбоотой хуулиуд бий. Тиймээс нэлээд амаргүй  байна байх. 

-Цаашид Сонгуулийн тухай хуулиар бүх сонгуулийг зохицуулаад явах уу. Үүнийг бас ярих ёстой байх?

-Тийм ээ. Тус тусдаа хуулийн заалттай зохицуулсан хуультай байхгүй бол ганцхан Сонгуулийн тухай хуулиар явах нь учир дутагдалтай байна гэдгийг ярилцаж байгаа. Сайжруулах үүднээс өөрчлөлтүүдийг хийнэ. Тэгэхээр тус тусад нь салгаж өгсөн нь зүйтэй. 

-Тавантолгойн IPO, Оюутолгойн орд, Эрдэнэтийн өр гэх мэт яаралтай шийдэх асуудлууд бий. Тэр дундаа улстөржилт бага хийж, асуудлаа нэг талд гаргахгүй бол Монгол Улс хохирч болзошгүй байна?

-Намрын чуулган эхлэхэд Оюутолгойд оруулсан ажлын хэсгийн дүгнэлт гарчих байх. Дүгнэлтээ албажуулаад Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын чуулганаар оруулах ёстой. Эрдэнэтийн ажлын хэсгийн дүгнэлт гараад дуусаж байна. Энэ бүхнийг намрын чуулганаар хэлэлцээд, нэг мөр шийдвэрлэх нь чухал. Мөн тойргоороо яваад иргэдийн санаа бодлыг сонсоход сэтгэл зовоосон өчнөөн зүйлийг хэлж, ярьж байна. Тухайлбал, шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, ханшийн савалгаа гэх мэт асуудлаар иргэд байр сууриа илэрхийлж байгаа юм. Энэ бүхнийг намрын чуулганаар хэлэлцэж, болж өгвөл эргэж хэвэнд оруулах асуудлыг ярилцах ёстой. 

-Төрөөс тодорхой дэмжлэг үзүүлээд байхад шатахууны үнэ нэмэгдлээ. Дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болоод ханшийн өөрчлөлт нэлээд байлаа. Одоо ч  тогтворгүй байна. Зах зээлд байнгын савалгаа үүсгэж, үнэ хөөрөгддөг байдалд төрөөс ямар нэгэн сахилга хариуцлагын асуудлыг ярих уу?

-Засгийн газар эдгээр асуудалд санаа тавьж байгаа биз. Засгийн газраас татварын аргаар юм уу үнийг барих ёстой. Шатахууны үнийг Засгийн газраас татварын аргаар ч хамаагүй барих хэрэгтэй. Засгийн газар, Сангийн яам, УУХҮЯ хамтран ажиллаж байгаа байх. Тайлангаа УИХ-д тавих ёстой. Ханшийн савалгаа бий. Монгол Улсын эдийн засаг өөрөө улирлын чанартай. Намар болоод эдийн засаг сайжраад эхлэхээр ханшид өөрчлөлт гардаг. Үүнд Монголбанкнаас хяналт тавьж байгаа. Тиймээс ханш айхтар хэлбэлзэхгүй. Монголбанкинд ам.долларын нөөц хангалттай бий. 

-Чуулганаар сайдын асуудлыг ярина. Дахиад төрийн албанд ийм зүйл гаргахгүй байх талаар төрөөс шийдвэр гарах уу? 

-Энэ Засгийн газар хариуцлага ярина гэж гарч ирсэн. Хариуцлагаа ярих болов уу. Сайдаас нь эхлээд газар хэлтсийн даргаа хүртэл солилоо. Үүнийг би хариуцлага тооцож байна гэж харж байгаа. Ёс зүйн хариуцлага тооцдог зөв жишиг тогтлоо гэж харж байна. Яаралтай сайдыг томилох асуудал байгаа юм. 

-МАН-аас ЗТХ-ийн сайдад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Я.Содбаатар хоёрын аль нэгийг томилно гэсэн мэдээлэл байна?

-Энэ талаар надад мэдсэн зүйл алга.