ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ш.Зоригоо: Удмынх биш бол зүрх судасны өвчнөөр өвдөхгүй байх боломжтой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-21

Зүрх судасны өвчин залуужиж байгаатай холбогдуулан “Сонгдо” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс засалч Ш.Зоригоотой ярилцлаа. 

-Зүрх судасны өвчнөөр сүүлийн үед хөгшин залуугүй өвчлөх хандлага ихэссэн байна. Энэ нь юутай холбоотой вэ? 

-Зүрх судасны өвчин бол манайхаас гадна бүх оронд хүндрэлтэй байгаа л даа. Зүрх судасны өвчин нь дотроо олон төрөл байдаг. Тэдгээрээс даралт ихсэлт, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох гэсэн гурван чиглэл нь өндөр хувьтай явдаг юм. Энэ гурав нэг л өвчин. Судас нь хатуурснаасаа болж хагарвал харвалт, бөглөрвөл зүрхний шигдээс болно гэсэн үг. Мөн судас нь хатуурахаараа даралт ихэсгэдэг. Харин даралт ихсэлтийн хоёр хүндрэл нь тархинд цус харвах, зүрхний шигдээс хоёр байдаг.  Сүүлийн үед энэ өвчин улам ихсээд бас залуужаад байна.  25 настай залуу хүртэл зүрхний шигдээстэй болж байна. Ингэх болсон шалтгаан нь стресс, хотжилттой холбоотой. Эдгээр шалтгаанаас үүдэн хөдөлгөөний дутагдалд орж, улмаар таргалалт ихэсч байгаатай холбоотой юм.

-Яавал зүрх судасны төрлийн өвчнөөр өвдөхгүй байх боломжтой вэ?

-Удмынх биш бол энэ өвчнөөр  өвдөхгүй байх боломжтой. Урьдчилан сэргийлэх арга маш энгийн. Даралтаа ихэсгэхгүй, жингээ хэвийн байлгах, өөх тос болон биед орж байгаа хүнсний бүтээгдэхүүнээ хэтрүүлэн хэрэглэхгүй, тогтмол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

-Жингээ яаж хэвийн барих вэ?

-Өдөрт 30 минутаас дээш тасралтгүй хөдөлгөөн тогтмол хийж, хүнсний зүйлийг багаар хязгаартай идэх хэрэгтэй. Өглөө, өдөр, оройдоо бор махан хоол идээд дундуур нь өөр зүйл идэхгүй. Цадталаа идэхгүй, хоолны дараа дессерт зэрэг элдэв зүйл идэхгүй, чихэр ихтэй амттаныг хэтрүүлэн хэрэглэхгүй байхад болно. Хэрвээ цадсан л бол хоолоо үлдээж сурах хэрэгтэй.  

-Зарим нь хүнд дасгал, хөдөлгөөн хийхээр зүрх, толгой нь өвддөг болдог гэж ярьдаг. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Ямар нэгэн эмгэгтэй бол тархинд ачаалал үүсч, толгой өвдөж болно. Гэхдээ манайхан хөдөлгөөн хийж байна гээд буруу хийх нь элбэг байдаг. Дасгал хийж байна гээд өөрийн жингээсээ хэд дахин хүнд төхөөрөмж өргөснөөс зүрхэндээ ачаалал өгч, өвдөж байгаа хүмүүс байна. Биеийн жингээсээ хэд дахин хүнд зүйл өргөвөл зүрх ачааллаа дийлэхгүй, өвдөнө шүү дээ. Мөн хэт огцом гүйх нь зүрх, тархинд өндөр ачаалал өгөх эрсдэлтэй байдаг. Тиймээс аль болох биедээ таарсан зөв хөдөлгөөн, дасгалыг хийх хэрэгтэй юм. Түүнээс биш хөдөлгөөн хүнд муугаар нөлөөлнө гэж хэзээ ч байхгүй.

-Зүрхний шигдээс болохын өмнө ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

-Анагаахын шинжлэх ухаанд зүрхний шигдээс хамгийн түрүүнд хүчтэй өвдөлт үүсгэнэ гэж үздэг. Гэхдээ монгол хүмүүст бараг өвдөлт өгдөггүй, амьсгаа бачуурах, багалзуур шахах дотор давчдах, ходоод гэдэс өвдөж байгаа юм шиг зовиур ч илэрдэг. Зарим хүнд ямар нэгэн зовиур илэрдэггүй. Ер нь аль ч өвчний үед зовиур илэрсэн л бол хамгийн түрүүнд эмнэлгийн байгууллага, эмчид хандах ёстой гэж зөвлөмөөр байна. Үзүүлэхэд өвчин байгаа бол цаашдын эмчилгээгээ хийлгэнэ, байхгүй бол урьдчилан сэргийлнэ. 

-Монголд одоогийн байдлаар хамгийн их хийгдэж байгаа зүрхний мэс засал юу вэ?

-Зүрхний төрөлхийн гажиг, хавхлагийн гажиг, титэм судас, захын судасны мэс заслууд голчлон хийж байна.

-Монголчууд нэг үеэ бодвол эрүүл мэнддээ их анхаардаг болсон. Таны бодлоор ямар байна вэ? 

-Тийм ээ. Манайхан нэг үеэ бодвол эрүүл мэнддээ анхаарч өглөө бүр гүйдэг, алхдаг болсон байна. Үүнийгээ улам идэвхжүүлж, илүү олон хүн эрүүл мэнддээ анхаардаг болох ёстой. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарч байна гээд өөртөө дүн шинжилгээ хийж, дур мэдэн эм ууж, интернетээр эмчилгээ хайж,  эсвэл би эмнэлэгт дургүй гэж зугтаадаг байж болохгүй.й