ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Идэрцог: “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгт холбогдуулан нийт таван хүнийг шалгаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-25

АТГ-аас сар бүр хийдэг мэдээллээ өнөөдөр хийв. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр, “Боловсролын яамтай холбоотой гомдол чамгүй ирлээ. Тухайлбал, 84 дүгээр сургууль дээр өөрийн гэрийн хаяг дээр хүүхэд бүртгэж сургуульд оруулж байсан зөрчил илэрлээ. АТГ-аас өнгөрсөн хугацаанд 897 хүний хувийн ашиг сонирхлын зөрчлийг шалгаж холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Орон нутаг дахь мал эмнэлгийн газрын даргад нэр дэвших хүмүүсийн ашиг сонирхлын зөрчлийг шалгалаа.

Дундговь, Увс, Баян-Өлгий зэрэг аймгийн Мал эмнэлгийн даргад нэр дэвшигчид илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал бий болсон учраас хариу бичгийг хүргүүллээ. Өнгөрсөн хугацаанд нийт есөн хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн Тэргүүн дэд захирал, албан тушаалтнууд эрх үүргээ давуулан ашигласан гэх асуудлыг шалгаж байна.

Зам тээврийн яамны Тээврийн ухаалаг системийн мэргэжилтний хэргийг мөн шалгаж байна” гэв. Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Э.Идэрцог:

-Ч.Ганзориг нарыг баривчлан шалгаж эхэлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд барьцаанд тавьсан асуудлыг шалгаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Мөрдөн байцаалтын хэрэг нээгдэж шалгаад явж байгаа. Энэ хэрэгт холбоотой гэх Ч.Ганзоригийг хорьж шалгах санал прокуророос гарч баривчлан шалгаж байна.

-Ц.Нямдорж сайдтай холбоотой асуудлыг шалгаж өгөөч гэж олон санал ирсэн юм билээ. Энэ асуудлыг эцэслэж болохгүй юу. Прокурор дээр хааж байгаа гэх юм?

-Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалтаас Ц.Нямдорж сайдтай холбоотой 17 хөрөнгийг шалгаж өгнө үү гэсэн. Дурдагдсан хөрөнгүүдийг шалгасан. Ямар нэг байдлаар хууль бусаар хөрөнгөжсөн асуудал байгаагүй. Хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт хүргүүлсэн ч эргэж нягтлах зүйл байна гэж ирүүлсэн учраас шалгаад явж байна.

-Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралын хэргийг шалгаж байна уу?

-Т.Бадралд холбогдох хэргийг шалгаж байна.

-Ч.Ганзоригоос гадна хэчнээн хүнийг шалгаж байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгт холбогдуулан нийт таван хүнийг шалгаж байна. Мөрдөн байцаалтын шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэрэг асуудлын мөрдөн шалгах явцад тодорхой үндэслэл байвал шалгах зүйл ярина. Н.Мөнхжаргал, н.Амарбат, н.Галбадрах, Г.Батхүү мөн Ч.Ганзориг нарыг шалгаж байна.

-Цагдаагийн дарга нарын хэргийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Цагдаагийн байгууллагатай хамтарсан хэрэг дотор Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагч н.Алтан-Очир гэдэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа нь үнэн. Энэ хэрэг дээр өөр хүнийг шалгаж байгаа асуудал байхгүй.

-Ерөнхий сайдуудтай холбоотой хэрэг юу болж байна вэ?

-Тус хэлтэс дээр шалгагдаж байгаа олон улсын гэрээтэй холбоотой асуудлаар аль болох шуурхай ажиллаж байна. Ард түмний хүлээлт байгаа нь үнэн. Оюутолгойн хэрэг асуудал буюу Ерөнхий сайд нартай холбоотой асуудлаар нэлээд олон шинжилгээний дүгнэлт гарах ёстой юм. Дүгнэлт гараагүй байна. Бусад шалгалтын ажиллагаа явагдаж, шинжилгээний хариу ирсний дараа бид прокурорын байгууллагад дүгнэлтээ хүргүүлнэ.