ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эдийн засгийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-09-25

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг  өчигдөр УИХ-ын даргад өргөн барив.  Үндсэн чиглэлд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт ажиглагдаж буй сэргэлтийг бэхжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа. Мөн мэдээллийн технологийн болон тогтвортой санхүүжилтийн сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр санхүүгийн зах зээлийн хөгжлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийн хүртээмжийг нэмэгдүүлэх аж.   

Мөн өнгөрсөн хоёр жилд манай улсын гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой байсны зэрэгцээ уул уурхайн хөрөнгө оруулалт үргэлжлэн тэлж, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж бизнесийн орчин сайжирчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөв. Эдийн засгийн өсөлтийг дагаж инфляци алгуур сэргэж байгаа ч Монголбанкны 2018 оны зорилтот төвшинд хадгалагдах юм байна. Цаашид эдийн засгийн өсөлт, түүний үр өгөөжийг тогтвортой төвшинд хамгаалахад инфляцийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдлыг нэмэгдүүлэх, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн юм.

Гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг сайжруулах, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд валютын улсын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлагатай.   Гадаад валютын орох урсгалын нэмэгдүүлэхэд Монгол Улсад үйлдвэрлэгдэж буй бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх нь нэн чухал болж байна. Иймээс Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгасан байна.

Ирэх онд хийх банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл нь банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд томоохон алхам болно гэсэн юм. Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж, Байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэхээр тусгажээ. Түүнчлэн технологийн дэвшилд тулгуурласан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зарчим, стандартыг тодорхойлж, мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож нэвтрүүлэх юм байна.

Цаашид чанаргүй активыг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангаж, Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог бий болгохоор тусгажээ. Мөн санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг институцийн хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгажээ.