ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

65-уулаа сайд болоорой

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-14

Зээ, 60 тэрбумын эсрэг ЖДҮХС-гаас хумслагчид жадлалцаж байгаа балагт энэ өдрүүдийн барагтай ерөөлийг та бүхэндээ айлтгая аа. Эвтэй байна гэж амлаж, 65 суудал авсан, эвдрэлцэж 32, 33  боллоо, тээ. Замын дундаас нэгийгээ бандаашны хэргээр татаж, Засгийн газраа унагаад, хоёрдугаар ээлжээ хоолонд оруулсан, эрхэм эрх баригчид минь ээ.  

Хэрээ хэрээнийхээ харыг гайхахаа болиод, хэн хэнийхээ хуудууг олигтойхон илчлээд, татвар төлөгчдийн мөнгийг ичих ч үгүй хуу хамсан, тэрбум тэрбумдаа сэтгэл ханахаа больсон, ёс зүйгээ умартсан гишүүддээ хариуцлага тооцьё оо. Сэлэм эргүүлнэ гэж амласан нь танайд байна, төсөв хэмнэнэ гэж уриалсан УИХ-ын дарга нь ч байна. Өөрийнхөө тойрогт хэдэн тэрбумаар төсөвлөдөг нь ч танайд байна, өөрийн банкаараа хэдэн зуун тэрбумыг авсан нь ч бас бий.  Сэлмээ эргүүлнэ гэсэн нь эргүүлж чадахгүй, шударга царайлсан даргынхаа гарын үсгэнд бүдэрчих гэж байгаа бол хөөрхий дөө. Гуядаж авсан засгаа тогтоож чадахгүй бол гуравдугаар ээлжийхээ гишүүдийн гэдсийг цатгахыг ерөөе.

Ард түмний итгэлийг дааж чадахгүй байгаа “бор халзангууд”-аас чинь аль нэг яамны сайд болоогүй нь цөөнгүй байна.  Тэднийхээ дундаас 16-г нь сайд болгоод, дээлийг нь давхарлаж зузаалахыг ерөөе. 2020 оны сонгуулиас өмнө 65 гишүүнээ сайд болохыг харахын өлзий дэмбэрэлгүй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.  Эрх барьж байгаа намынхаа энэ хэдхэн гишүүний хэнийг нь “дан дээл”-тэй дөрвөн жил “дааруулах” билээ. Бүгд дулаан явж, тэрбумаар нь халааслаг.