ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

20 жилийн түүхийг бичилцсэн та бүхэндээ баярлалаа

O.Admin
2018-12-11

Монголд чөлөөт хэвлэлийн түүчээ болж 20 жилийн өмнө анхны дугаараа уншигчиддаа өргөн барьж байсан “Монголын мэдээ” сонины үе үеийн удирдлагууд, сэтгүүлч сурвалжлагч, ажилтан, ажилчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа сонины 20 жилийн ойн баярын мэндийг уншигч, захиалагч, хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүст бүгдэд нь хүргэж байна. 

Бид энэ 20 жилийн хугацаанд 5070 дахь дугаараа өнөөдөр гаргаж байна. Өдөр тутмын сонины хувьд ийм хугацаанд, өдий тооны дугаар хэвлэн гаргана гэдэг маш том амжилт, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл билээ.  
Хорин жилийн түүхийг хамт бичилцсэн, бичилцэж яваа, бичилцэх их хувь тохиол та биднийг холбожээ. Та бидний энэхүү зүтгэлийн хүчинд сонин маань Дэлхийн сонины холбоонд гишүүнээр элсэж, 1999, 2002, 2013 оны шилдэг сониноор шалгарч, сэтгүүлзүйн олон арван гавьяатнуудыг төрүүлж, зуу зуун сэтгүүлчдийг эгнээнээсээ төрүүлсэн юм. 

Бидэнд бусдаас ялгарах сайн зүйл олон бий. Өдөр тутмын сонинуудаас хамгийн анхны чөлөөт хэвлэл гэгдэж, хамгийн түрүүнд улстөр, улстөрч хоёрыг хойш тавьж, олон нийтийг эерэг хандлагад уриалсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, уриалгууд гаргаж ирлээ. 
Нийгмийг гэгээрүүлэх үүргээ ухамсарласан манай хамт олон сониныхоо 20 жилийн ойд зориулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуулийн  дотуур байрны хүүхдүүдэд ном хандивлах, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд “Гэр номын сан” байгуулах, сэтгүүлчийн мэргэжлээр сурч буй оюутнуудын дунд сая төгрөгийн шагналын сан бүхий “Эерэг хандлага” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлаж, амьдралын боломж тааруу бүтэн өнчин нэг оюутны жилийн сургалтын төлбөрийг даах, цэцэрлэгийн насны 30 хүүхдийг Хүүхэлдэйн театрын үзвэр үзүүлэх зэрэг сайн үйлсийн аяныг зохион байгуулаад байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

Сониныхоо 20 жилийн ойг тохиолдуулан та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ        Б.ОЮУНГЭРЭЛ