ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Өнөрмаа: Монгол хүний үнэ цэн гэхээс илүү амьд явах эрхээ эдэлж чадаж байна уу гэдгийг ярих цаг болсон

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-23

УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмааг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа. 

-Монгол Улсад амиа хорлолтын нөхцөл байдал ямар байна вэ. Хэдээс хэдэн насныхан ихэвчлэн амиа хорлож байна. Энэ талаар хийсэн судалгаа байгаа байх?

-Насны доод хязгаар нь 10, дээд тал нь 89 байна. Үндсэндээ бүх насныхан амиа хорлож байна гээд ойлгочиход болно. Хамгийн аюултай нь 10-25 насны хүүхэд, залуучуудын амиа хорлолт жилээс жилд өсөж байгаа. Амиа хорлосон тохиолдлын хамгийн залуу нь 10 нас гэдэг аймшигтай тоо. 10 настай хүүхэд амиа хорлох тухай бодох хэмжээний насанд хүрсэн бил үү. Хүүхдүүд энэ насандаа тоглоод л явж байдаг. Гэтэл 10 настай хүүхэд хорлож байна. 10, 12 настай хүүхэд амиа хорлосон тохиолдлыг судлаад үзэхээр, ар гэрийн амьжиргаа нь муу. Эсвэл эцэг, эхийнхээ хэн нэгнийг зуурдаар алдчихсан. Үгүй бол өсвөр насны хямрал, сэтгэл зүйн байдлаа даван туулж чадахгүй байгаа. Өөртэй нь холбоотой ямар нэг цуу яриа гардаг. Ангидаа гадуурхагддаг гээд маш олон хүчин зүйлээс болж амиа хорлож байна. Харамсалтай нь хүүхдийг харж хандаж, зан араншингийн өөрчлөлтөд  хяналт  тавьж байх  ёстой  багш, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гэж алга. Зөвхөн мэдлэг олгох сургалтаар хүүхдийг хэт бөмбөгдөөд, бусад зүйлсээ хаячихсан. Хүүхдийн сэтгэл хямрал, гутрал, зан араншингийн өөрчлөлтийг огт анзаардаггүйгээс болж тийм аймшигтай алхам хийхэд хүрээд байгаа юм. Хүүхэд амиа хорлож байгаа тохиолдол бүрт томчууд бид буруутай л гэж үзэх хэрэгтэй.  

-Амиа хорлож байгаа хүмүүс чухам ямар шалтгаанаар энэ алхмыг сонгодог юм бол. Нас насны хувьд өөр шалтгаантай байдаг уу. Энэ талаар судалгаа байгаа юу?

-Аливаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг эдийн засаг, улс төр, нийгмийн, ажилгүйдэл ядуурал гэх мэт том малгайн дор оруулж явлаа.  Эдгээр нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл мөн үү гэвэл тийм.  Харин яг тодорхой тохиолдолд тухайн хүний амиа хорлох субъектив хүчин зүйл нь юу байсан юм гээд судлахаар сэтгэцийн тулгамдсан асуудал бай­даг. Сэтгэцийн тулгамдсан асуудал  архины хамаарал, сэтгэл гутрал, хайр дурлал, цуу яриа, өөртөө итгэлгүй байдал гээд  маш олон хүчин зүйлээс шалтгаалж болно. Хамгийн гол нь хүнд асуудалд тулгарахад хаана очиж ярих вэ. Тийм газар хаана байна. Монгол Улсад хаягдсан нэг салбар байгаа нь сэтгэл зүйн боловсрол. Өөрөөр хэлбэл, эцэг, эх, найз нөхөд, багш нартаа итгэж чадахгүй зүйлээ сэтгэлзүйчтэй ярьдаг байх ёстой. Энэ чинь ханиад хүрээд хүн эм уудагтай адилхан сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай болсон хүнд эмчилгээ, тусламж хэрэгтэй гэсэн үг. Үүнийг сэтгэл зүйн тусламж, эмчилгээ гэдэг юм.  Харин энэ төрлийн эмч, мэргэжилтэн гэж манайд алга. ЭМЯ, Боловсролын яамны бодлогод байхгүй, хаягдчихсан.  Монголд сэтгэл зүйн боловсрол гэж огт байхгүй, хаягдсан гэдгийг энэ бүх жишээ харуулж байгаа юм. 

-Та илтгэл тавихдаа 35-аас дээш насны хүмүүсийн амиа хорлолт буурна. Харин 29 хүртэлх насны залуусын амиа хорлолт цаашид нэмэгдэх хандлагатай тал­аар дурдсан. Нэмэгдэх шалтгаан нь юу юм бэ?

-Амиа хорлолт амьжиргаа­ны түвшнээс доогуур, эсвэл энэ түвшнээс дөнгөж дээгүүр байгаа айл өрхийн бүсэд ихэвчлэн тохиолдож байна. Манай судалгаанд оролцсон  социалогич статистикийн шугаман хандлага тооцох аргачлалаар тооцож, амиа хорлолт нэмэгдэх магадлалтай гэдгийг гаргаж ирсэн юм. Жил жилийн үзүүлэлтийг аваад үзэхээр энэ тоо огт буурахгүй өсөөд байна. Гэтэл 35-аас дээш насныхан буюу сэтгэл зүй, амьдралын хувьд тогтсон хүмүүсийн дундах амиа хорлолт буурах гээд байгаа юм. Харин 14-25, цаашлаад 30 хүртэлх насны хүүхэд, залуусын дундах амиа хорлолт нэмэгдэх хандлагатай. 14, 18, 24 нас гэдэг хүүхэд, залуус бүрэн төлөвшөөгүй үе. Энэ үе дэх хямралыг даван туулах арга замыг нь зааж өгөхгүй. Асуудлаа шийдвэрлэхэд нь туслахгүй бол, үүсээд байгаа асуудлыг үхлээс өөрөөр шийдэж болдог юм шүү гэдгийг ойлгуулаагүй цагт нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг судалгаа харуулж байгаа. Тэр дундаа сая дурдсан амьжиргааны түвшнээс доогуур болон түүнээс арай дөнгүүр амьдралтай айлуудад энэ эрсдэл илүү гарах гээд байна.  

-Монгол хүний үнэ цэн ямар байна гэж та боддог вэ. Таны хийсэн судалгаа, ярьж байгаа ярианаас дүгнэхэд, энэ улсад монгол хүн үнэгүй болчихсон юм шиг санагдлаа?

-Та бүхэн энэ жил амиа хорлосон хүний тоог харсан байх. Ганцхан жилийн дотор 411 хүн амиа хорлож нас барсан. Маш эмгэнэлтэй тоо. Бусад хүчин зүйлийн улмаас хэдэн хүн амь насаа алдаж байгаа билээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс гадна өөрсдийн болгоомжгүй байдлаас, зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүний тоо хэд хүрч байна. Монгол хүний үнэ цэн гэж ярихаасаа илүү амьд явах эрхээ эдэлж чадаж байгаа юу гэдгийг ярих цаг болсон. Энэ бол хэдэн байгууллага бие биерүүгээ бичиг шидээд шийдэх асуудал биш. Цэцэрлэгийн наснаас нь эхэлж асуудлыг шийдмээр байгаа юм. Хүүхэд яагаад гэр бүлийн, бэлгийн хүчирхийлэлд өртөөд байгаа юм. Хүүхдийн аюулгүй ор­чинд амьдрах, хамгаалуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ярих бүх эрх зөрчигдөөд л байна. Тиймээс  хууль, эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох ёстой. Мөн хүүхдүүдийн амьдарч байгаа орчин нөхцөл хүний амьд явах жам ёсны эрхийг хангалттай хангаж чадаж байна уу, үгүй гэдгийг бодолцох цаг болсон. Түүнээс биш зориудаар монгол хүнийг үнэ цэнгүй болгосон гэж бодохгүй байна. 

-Цахим ертөнцийн замбараагүй хэрэглээ хүүхэд, залуучуудын амиа хорлолтод нөлөөлж байгаа юу. Энэ талаар тодорхой хэмжээнд судалсан байх?

-Хүүхэд, залуучуудын амиа хорлолтод цахим ертөнц шууд нөлөөлсөн тохиолдол цөөхөн байдаг. Маш ховор. Харин цахим орчны замбараагүй хэрэглээнээс болоод хүүхэд бэлгийн халдлагад өртөх, бэлгийн замбараагүй амьд­ралд татан оролцуулах, хар тамхи, мансууруулах бодис, садар самуунд уруу татагдах, тоглоомд донтох эрсдэл их байна. Түүнээс гадна, хүний нууц гэж байгаа. Магадгүй хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох магадлалыг цахим ертөнцийн замбараагүй хэрэглээ нэмэгдүүлж байгаа. Өөрийнхөө байгаа орчин, хүүхдийнхээ, гэр бүлийнхээ зургийг хамаагүй интернэтэд тавьж байгаа нь эрсдэл дагуулах магадлалтай.  Тэр бүхний хамгийн эцсийн үр дагавар нь амиа хорлолт байх ч магадлал бий.  

-Та түрүүнд боловс­ролын системд сэтгэл зүйн сургалт дутагдаад байгаа талаар дурдсан. Багш нар өөрсдөө хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байвал яасан юм. Багш нараа бэлтгэх хэрэгтэй юм биш үү?

-Багш, сурган хүмүүжүүлэгч гэдэг нэг талаараа хүүхдийн сэтгэлзүйч. Орон тоо, төсөв мөнгөнөөсөө шалтгаалаад хүүхдийн сэтгэл зүй рүү чиглэсэн сургалт, зөвлөгөөг өгөх зүйл нь бага байх шиг. Гэхдээ өнөөдөр сургалтын хөтөлбөрт байгаа мэдлэг олгох гэсэн, медалийн хойноос хөөцөлдсөн, тэм­цээн уралдаанд түрүүлэх хүсэлтэй, хүүхдийг хар багаас нь нэгдүгээрт орохын төлөөх тэмцэлд сургах гэсэн хичээлүүдээ бага ч болов хасаач ээ. Ядаж тийм хичээл зааж байгаа цагийнхаа 40 хувийг хүн тэмцээнд ялагдвал яах ёстой юм, ялагдсаны дараах мөчийг хүн яаж даван туулдаг юм гэдгийг заая. Гэр бүлд нь хагацал тохиолоо гэхэд хүүхэд яаж давж гарах вэ. Үе тэнгийнхэн дундаа гадуурхагдсан хүүхэд сэтгэл зүйн асуудлаа хэнд ярих ёстой вэ гэдэг сургалтыг түлхүү оруулаач гээд байгаа юм. Сургуульд сэтгэлзүйч ажиллуулах асуудал Монгол Улсад ор тас хаягдсан. Уг нь төрийн бодлогын хэмжээнд ярих ёстой асуудал байхгүй. Сургууль болгонд сэтгэлзүйч заавал байх ёстой. Өнөөдөр дунд сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа эмч нар хүүхдийн жин, өндрийг хэмжээд л сууж байгаа. Үүний оронд сэтгэлзүйч яагаад ажиллуулж болдоггүй юм.  

-Гарцаагүй амиа хорлох байдалд хүргэсэн гэсэн хуулийн заалт  байгаад байна. Гарцаагүй гэдэг нь яг ямар ойлголт юм бол?

-2002 оны Эрүүгийн хуульд бусдыг амиа хорлоход хүргэх. 2015 Эрүүгийн шинэ хуулийн 10.4-т “бусдыг амиа хорлоход хүргэх” гэсэн заалтууд ороод ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хамаарал бүхий хүнээ, тодруулбал, эхнэр, хүүхдээ байнгын бие махбодийн хүчирхийлэлд байлгасан. Сэтгэл зүй, эдийн засгийн хувьд өөрөөсөө бүрэн хамааралтай байлгаж, бие хүн байх чанарыг нь үгүй хийсэн тохиолдолд амь хохирогч энэ нөхцөл байдлыг даван туулж чадалгүйгээр амиа хорлосон уу гэдгийг шалгадаг.  Өөрөөр хэлбэл, гутраад, сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа давж чадалгүй амиа хорлож уу. Эсвэл амиа хорлож байгаа шалтгаан нь хэн нэгний шууд болон шууд бус буруутай үйлдэл байна уу гэдгийг шалгаад байгаа юм. 2002-2016 оны хооронд 19 хүн энэ зүйл ангиар ял шийтгүүлсэн байдаг.  Гэмт хэргийн хохирогчийн 90 хувь нь эмэгтэйчүүд байсан. Шүүхийн практикийг судлаад үзэхэд, амиа хорлосон эмэгтэйчүүдийн ихэнх нь нөхрийнхөө байнгын зодуур дарамтад байсан. Байнга харддаг, чөлөөтэй байх эрхээ хязгаарлуулсан, нөхрөөсөө айгаад бусдад хэлдэггүй. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Үндсэндээ нөхрөөсөө хараат, хоригдол мэт амьдарч байсан байдаг. 

-Тодорхой жишээ дур­даж ярьж болох уу?

-Хамаагүй жишээ татаж ярьж болохгүй л дээ. Шүүхийн цахим шийдвэрийн сангаас, олонд нээлттэй мэдээллээс судлаад үзэж болно. Судлаачийн хувьд хуульд байгаа зохицуулалт юунд эргэлзээ үүсгээд байна вэ гэдгийг л ярьмаар байна. Бусдыг амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол гээд байгаа юм. Гарцаагүй хүргэнэ. Өөрөөр хэлбэл, тэр хүнд сонголт байхгүй гэсэн үг. Гэтэл гарцаагүй хүргэж байгаа нөхцөл байдал гэдгийг хуульчилж болохгүй. Тодорхой хэлбэл, ийм гарцаагүй байдалд хүн амиа хорлодог юм гэдгийг хуульчилж, системчилж болдоггүй зүйл. Амь хохирогчийн өөрийнх нь хийсэн сонголт нь тухайн асуудлыг даван туулах сэтгэл зүйн ямар нэг боломжгүй, эсвэл хүчирхийллээс зугтах байсан байж болно. Амиа хорлосон тохиолдол болгонд өөр өөрийн онцлогтой байдаг болохоос биш гарцаагүй гэж ойлгож болохгүй. Дээрээс нь, 16 хүртэлх насны хүүхэд иргэний хувьд эрх зүйн бүрэн чадамжгүй хүн байдаг.  Ийм насны хүүхдэд нэр төр, алдар хүндийн талаар тодорхой ойлголт, мэдлэг байхгүй. Дээрээс нь, тухайн хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадваргүй. Эсвэл өөрийгөө илэрхийлээд, тайлбарлаад байхад томчууд ойлгохгүй жишээ байна. Амиа хорлосон гэдгээр шалгагдаж байна. Жишээлбэл, 16 настай охин амиа хорлосон тохиолдол байгаа юм. Аав, ээж хоёр нь архинаас бүрэн хамааралтай, гурван дүүтэй. Эцэг, эхээ архи уухыг нь болиулах гэж удаа дараа оролдсон. Аав, ээж нь гэр орондоо хүмүүс авчирч архиддаг. Архи уусан үедээ зодох тохиолдол гардаг байсан. Тэгээд л нэг өдөр 16-хан настай охин амиа хорлосон байгаа юм. Эцэг, эхийн хайр халамжгүй, архины хамааралтай байдал охиныг амиа хорлоход хүргэсэн үү гэвэл тийм. Гэр бүлдээ үйлдэгдээд байгаа хүчирхийлэлтэй, ээжтэйгээ санал нийлдэггүй. Ээжийнхээ хамтран амьдрагчийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар захиа бичээд, сургуулийнхаа багш, удирдлагад хэлсэн хүүхэд байна. Гэтэл тэр охиныг ээжтэй нь хамт цагдаагийн байгууллага руу явуулчихсан байх жишээтэй. Тэр хүүхэд ээжтэйгээ цагдаагийн байгууллагад очсон үйлдлийг тэвчиж чадахгүй амиа хорлосон. Тэр охин сургуулиасаа, багшаасаа тусламж хүссэн. Харин түүний хүсэн хүлээсэн үр дүн гараагүй учраас амиа хорлолоо. Тиймээс гарцаагүй гэдэг үг өөрөө субъектив шинжтэй учраас яаж тайлбарлах вэ гэдэг нь маргаан дагуулж байгаа юм. Амиа хорлосон хэргийг шалгалаа. Хэргийн бусад бүх хэв шинж нь тогтоогдлоо гэхэд гарцаагүй юу, үгүй юу гэдгийг хэн тогтоох юм бэ гэдэг асуудал маргаан дагуулж байна.

-Тэгэхээр шийдэл нь чухам юу юм бол?

-Би судлаачийн хувьд маргаантай зохицуулалтын талаар тайлбарлаж өгч байгаа. Цаашид энэ асуудлыг шийдэх байх. Ерөөс “гарцаагүй” гэдэг энэ үгийг маш болгоомжтой хэрэглэх ёстой юм.  Амиа хорлосон хэргийг шалгаж байгаа мөрдөгч, яллах дүгнэлт үйлдэж буй прокурор, ял оноох шүүгч “гарцаагүй амиа хорлоход хүргэжээ” гэдэг дүгнэлт хийх гээд байна аа даа. Гэтэл амиа хорлосон хүнд магадгүй өөр сонголт байсан байж болно. Харин тухайн үедээ цочмог уураасаа ч юм уу, гарцаагүй гэж үзээд ийм сонголт хийсэн байж болно биз дээ.  Тийм болохоор гарцаагүй нөхцөл байдал гэдгийг хуульчлах боломжгүй. Ямар гарцаагүй нөхцөл байдал бий болж байж хүн амиа хорлодог юм. Угаасаа болохгүй.