ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятадад зарагдсан гадаад бүсгүйчүүд

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-24

Франц пресс агентлагийн сурвалжлагч Айдан Жонс БНХАУ-д худалдагдсан гадны орны бүсгүйчүүдийн талаарх сурвалжлагыг бэлтгэжээ. Тэрхүү сурвалжлагыг орчуулан хүргэж байна. 

Залуухан канбож бүсгүй Налиг хятад хүнтэй гэрлэхэд хүн бүр л баярлан хүлээн авчээ. Гэхдээ ганц хүн л баярласангүй. Тэр нь Нали өөрөө байв. Тэр явдлаас хойш зургаан жилийн дараа хүнд бэрх амьдралаа тэсвэрлэж чадалгүй, доромжлол ичгүүр дундуур  туучиж, бүх л итгэл найдвараа гээн тэрбээр төрхөмдөө буцсан байна. Дахиад хүүтэйгээ уулзаж чадахгүй гэдгээ мэдсэн ч тэр энэ шийдвэрийг гаргажээ. Түүнийг 17 насандаа хүнтэй гэрлэн Канбожийг орхиход, нөхрийн тал нь 10000 ам.доллар гаргасан байх бөгөөд үүний 3000 ам.долларыг нь ах нь хулгайлж, зугтсан байна.

Харин үлдсэн 7000 ам.долларыг гэрлэлт зуучилсан хүмүүст хувааж өгчээ. Ингээд л 17 настай охин амьдарч байсан хөдөөгийн тосгоноосоо хэдэн мянган километрийн алсад орших харь нутагт амьдрах болж. Төрөлх хэлээр нь бус, огт ойлгохгүй харь хэлээр ярих хүнтэй эхлүүлсэн амьдрал нь эхнээсээ л там шиг байжээ. Нали шиг Хятад залуутай гэрлэх Канбож, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг орны бүсгүйчүүд жил бүр хэдэн арван мянгаар тоологдоно.

Ингэж л тэд БНХАУ-ын “нэг өрх-нэг хүүхэд” бодлогын үр дагавраар бий болсон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тооны зөрүүг ойртуулдаг гэж хэлж болох билээ. Одоогоор “нэг өрх-нэг хүүхэд” бодлогыг цуцалж байгаа ч, Хятадад эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 33 саяар бага байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус улсад ийм тооны эрчүүд эхнэр олох хүндхэн сорилттой тулгардаг.

Улмаар Меконг мөрний дагуух улс орны ядруухан өрхийн олон охид Хятадад бэр болон очдог аж. Боловсролынх нь түвшин тааруу, эцэг эхдээ санхүүгийн багахан ч атугай нэмэр өгөх хүсэл нь тэднийг давхар дарамтад оруулдаг байна. Нөгөөтэйгүүр, БНХАУ-д 10-15 мянган ам.доллар төлбөл эхнэртэй болно гэсэн ойлголт байдаг аж. Энэ мөнгийг гэр бүл зуучлагч байгуулагад төлнө. Харин үүний  2000-3000 ам.долларыг тохирох эхнэр хайж олох гадны түншүүддээ зуучлагч байгууллага төлдөг бол бэрийн эцэг эхэд инж болгож, 1000-3000 ам.долларыг өгдөг аж. Хятадад гэрлэлт зуучийн үйлчилгээ аль хэдийнэ бизнесийн нэг том салбар болтлоо хөгжсөн байна. Албан мэдээллээс үзвэл Хятадын өмнөд хэсгийн Гуандун, Гуйжоу, Юньнан зэрэг мужид бүртгэлтэй гадаад бүсгүйчүүд түүний дотор канбож бүсгүйчүүдийн тоо 10 мянгыг давжээ. 

Улмаар сүйт бүсгүйгээ  ирэхэд нь “агуулахад” хорих тохиолдол элбэг. Энэ тохиолдолд “wechat” болон болзооны сайтуудад бүсгүйн зургийг тавьж, эрчүүдэд зардаг байна. Бүсгүй нь залуухан, царайлаг байх тусмаа үнэ нь өснө.  Мөнгө авч, хүнтэй гэрлэх зорилгоор нутгаа орхисон эмэгтэйчүүдийг өөрийн хүслээр эсэхээс үл хамаарч НҮБ хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч гэж үздэг. 

Канбожид хэрэв баригдсан тохиолдолд зуучлагч болон бусад гуравдагч этгээдэд ихдээ 15 жилийн хорих ял ногдуулах хуультай. Хохирогч насанд хүрээгүй тохиолдолд хугацаа нь уртасдаг. Гэвч яг ийм шийтгэл ногдуулах нь ховор. Зуучлагч хохирогчид хамгийн ихдээ 5000 ам.долларын л нөхөн олговор төлөөд хэрэг хаагддаг байх юм. 

Налигийн хувьд хятад хүнтэй эхлүүлсэн амьдралаа хүүгээ төрүүлснээс хойш нэг сарын дараа дуусгажээ. Учир нь хадам эцэг эх нь тэднийг салахыг шаардсан гэнэ. Налигийн Хятадад оршин суух визний хугацаа нь дууссан байсан бөгөөд нөхрийнхөө гэрээс гарах л юм бол хууль бусаар оршин суугч болно гэдгийг мэдэж байсан ч, тэрбээр эцэст нь гэрээсээ гарч, ойролцоох шилний үйлдвэрт маш бага цалинтай ажиллаж, хэдэн жилийг өнгөрүүлжээ. Улмаар хууль бусаар оршин суусан хэргээр нэг жил хоригдсон байна.

Түүнтэй адил хувь тавиланг туулсан вьетнам, канбож эмэгтэйчүүд маш олон. Нали хорих байрнаас суллагдсаны дараа ээж нь канбожийн буяны байгууллагатай холбоо барьж, тус байгууллагын ачаар бүсгүй энэ оны наймдугаар сард төрсөн нутагтаа очжээ. Нали одоо хувцасны үйлдвэрт хамгийн бага цалинтай ажил хийдэг. Тэр там шиг амьдралаасаа зугтаж чадсан ч, төрүүлсэн хүүгээсээ холын холд салан оджээ. “Хүүтэйгээ дахиж уулзаж чадахгүй байх” хэмээн тэр нулимс дуслуулан ярьж байна.