ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мужийн захирагч онгоцны ослоор амиа алдлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-24

Мексикийн Пуэбла мужийн захирагчаар сонгогдоод удаагүй байсан Марта Эрика Алонсо нисэх онгоцны ослоор амиа алджээ. Түүний нөхөр сенатч Рафаэл Морено Валле ч тус онгоцонд зорчиж явсан бөгөөд гэр бүлийн хоёр улстөрч харамсалтайгаар амь үрэгдсэн байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, тэдний сууж явсан онгоц Пуэбла хотоос хөөрснийхөө дараахан осолджээ.

М.Алонсо нь ширүүн өрсөлдөөн бүхий сонгуульд хүчтэй өрсөлдөгч байж, Пуэбла мужийн анхны эмэгтэй захирагчаар сонгогдоод удаагүй байсан юм. Энэ тухай мэдээллийг Мексикийн шинэ Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор албан ёсоор мэдээлж, амиа алдагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Тэрбээр “Ослын шалтгааныг олж, үнэн мөнийг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг явуулах болно” гэжээ. Онгоц юуны учир осолдсон нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ албаныхан урьдчилсан байдлаар техникийн доголдлын улмаас сүйрсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Онгоц унасныхаа дараа шууд шатжээ.