ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким Жон Ун, Доналд Трамп нар ойрын хугацаанд уулзана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-07

Солонгосын хойгийн хур­цадмал нөхцөл байдалтай холбоотойгоор таарамжгүй харилцаатай байсан АНУ, БНАСАУ-ын төрийн тэр­гүүнүүд өнгөрсөн жилийн зургадугаар сард Сингапурт уулзаж, дипломат яриа хэлэлцээр хийсэн билээ. Тус уулзалтаас гарсан санал, зөвлөмжийн дагуу талууд аль аль нь алхам хийж эхэлсэн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун нар энэ онд дахин уулзахаар товложээ. 

Одоогоор яг хэзээ хаана уулзах нь тодорхойгүй байгаа юм. Д.Трамп, Ким нарын тухайд хоёр дахь уулзалтыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлснээс гадна, уулзалт болох хугацааг “удахгүй” гэдгийг онцолж  буй. Одоогоор талууд хоёр дахь удаагийн түүхэн уулзалт болох боломжит газрыг судалж байгаа аж. Өнгөрөгч оны зургадугаар сард болсон Сингапурын дээд хэмжээний уулзалтаар Доналд Трамп болон Ким Жон Ун нар солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Тухайн үед цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг хэрхэн хийх тухай нарийн зүйлсийг хэлэлцэн тохиролцоогүй бөгөөд хоёр тал уг ажлыг хэрхэн эхлүүлэх талаар зарчмын ялгаатай байр суурийг баримталж байгаагаас хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг энэ оны нэг, хоёрдугаар сард багтаан хийх хүсэлтэй байгаагаа Д.Трамп, Ким Жон Ун нар удаа дараа уламжилсан билээ.

Дээд хэмжээний уулзалтыг Азийн аль нэг улсад хийх нь тохиромжтой хэмээн АНУ болон Өмнөд Солонгосын зүгээс үзэж байгаа бол Хойд Солонгосын зүгээс Пхеньяныг санал болгож байгаа юм. Түүнчлэн уулзалт хийх боломжтой бусад газруудаар Сингапур, Хавай болон Солонгосын цэрэггүй бүсийг нэрлэсэн байна.

Д.Трамп Хойд Солонгостой хийх яриа хэлэлцээ “амжилттай явагдаж байгаа” гэсэн боловч тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдээ цуцлахгүй байх байр сууриа өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дахин нотолсон аж. “Бидний харилцаа маш сайн байгаа. Пуужингийн аюул занал ч байхаа больсон. Хэрвээ надаас өөр хүн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол бид одоо дайны байдалтай байх байсан. АНУ өдийд Ази тивд Хойд Солонгостой дайтаж байх байсан” хэмээн Д.Трамп хэлжээ. Шинэ оны эхний өдөр Д.Трамп Ким Жон Унаас захидал хүлээн авсан боловч агуулгыг дэлгэрэнгүй зарлаагүй байна. Түүнчлэн Ким Жон Ун он солигдох мөчид ард түмэндээ хандан телевизээр мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ  “Бидний дараагийн уулзалтыг олон улсын хамтын нийгэмлэг таатайгаар хүлээн авна гэдэгт найдаж байна. БНАСАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур ашиг сонирхлыг зайлшгүй хамгаалах ёстой бөгөөд үүний тулд солонгосын хойгт энх тайвныг тогтоох арга замыг эрэлхийлэх хэрэгтэй юм. Хэрвээ АНУ манай улсын ард иргэдийн эрх ашгийг хохироож, хориг арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байвал бид өөр арга замыг сонгох болно” гэжээ.

Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийг мөн л АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тэргүүлж буй. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эл асуудлаар хэд хэдэн удаа Хойд Солонгост айлчилсан юм. 
Өнгөрсөн оны есдүгээр сарын 26-нд Помпео АНУ-БНАСАУ-ын төрийн тэр­гүүнүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион бай­гуу­лахаар Хойд Солонгост айлчилсан бол аравдугаар сарын 7-нд Пхеньянд айлчилж, Ким Жон Унтай уулзжээ. Энэ үеэр хоёр тал Трамп, Ким нарын уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон байна. Одоогоор хэзээ, хаана болох вэ гэдгийг албаныхан  хэлэлцэж, болох газруудыг судалж эхэлжээ. Гэхдээ БНСУ-ын тал ойрын хугацаанд болно гэдгийг тодотгож байгаа юм.