ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким Жон Ун төрсөн өдрөө Хятадад тэмдэглэлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-08

БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун 1983 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн билээ. Дэлхийн улс орны хамгийн залуу удирдагчдын нэг болох тэрбээр өчигдөр 35 нас хүрсэн юм. Улмаар төрсөн өдрөө эх орондоо бус хамгийн ойрын түнш гэгдэх БНХАУ-д айлчлал хийж, Ши Жиньпинтэй оройн зоог барин тэмдэглэв. Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлагийн дамжуулснаар, нэгдүгээр сарын 7-ны орой Ким Жон Ун гэргий Ри Сол Жугийн хамтаар Хятад улсад айлчлахаар Пхеньянаас хөдөлсөн аж.

Айлчлалын багт АНУ болон Өмнөд Солонгостой хийх Хойд Солонгосыг хэлэлцээг хариуцан ажилладаг Ким Жон Уны баруун гар Ким Ён Чол тэргүүтэй дипломатууд багтсан байна. 

Тэдний суусан тусгай хамгаалалттай галт тэрэг Хятадын хилээр шөнө давж, өчигдөр өглөө Бээжинд очжээ. Кимийн БНХАУ-д хийж буй дөрөв дэх удаагийн энэ айлчлал гурван өдрийн турш үргэлжлэх юм байна. 

Айлчлалын үеэр талууд Хятад, Хойд Солонгосын түншлэлийн асуудал болоод АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Ким нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэнэ гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Өмнө нь Трамп, Ким нар Сингапурын Сэнтоза аралд өндөр дээд хэмжээний түүхэн уулзалт хийсэн бөгөөд тус уулзалтаар 70 гаруй жил үргэлжилсэн хоёр орны дайсагнасан харилцааг шинэ шатанд гаргах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талаар ярилцсан байдаг. Гэвч асуудлыг хэлэлцэн тохиролцох үедээ цаг хугацааны цар хүрээ болоод нарийн зорилтуудыг тусгаагүй тул хоёр тал зарчмын ялгаатай байр суурь баримталж, явц нь удаашрах төлөвтэй байгаа юм. Харин энэ онд, тэр дундаа ойрын хугацаанд тэд дахин уулзаж, зарим асуудалд санал нэгдэх учиртай. АНУ, БНАСАУ-ын хувьд аль аль нь хоёрдахь удаагийн уулзалт болно гэдгийг онцолсон бөгөөд одоогоор яг хэзээ, хаана уулзах нь тодорхойгүй байна. Хойд Солонгосын төрийн эрхийг барьснаас хойш гадаад харилцаанд төдийлөн ач холбогдол өгөөгүй Ким долоон жилийн дараа Хятадад гурван удаагийн айлчлал хийсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай нэг удаа уулзаж, БНСУ-ын тэргүүнтэй хэд хэдэн удаа уулзсан байдаг. 

Хятад Хойд Солонгосын хамгийн ойрын түнш. Тиймээс түүний БНХАУ-д олон удаа айлчлах болсныг олон улсын шинжээчид НҮБ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулахад дэмжлэг хүсэх зорилготой гэж харж байна. Мөн БНХАУ-д ойр ойрхон айлчилж буй нь Вашингтон, Сөүлээс гадна гадаад харилцааны болоод эдийн засгийн сонголт бий гэдгийг олон улсад харуулахыг хүсч  байж магадгүй аж. 

Гэхдээ Ким бусад улс орны төрийн тэргүүнтэй уулзахдаа ихэвчлэн БНХАУ-д айлчлал хийдэг юм. Өнгөрсөн жил БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахаар тов нь нэгэнт гарсан байх үед Бээжинд нууц айлчлал хийснээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай зургадугаар сард уулзахаасаа өмнө мөн л Ши Жиньпинтэй уулзсан билээ. 

Энэ өнцгөөс харвал Ким аль хэдийнэ Д.Трамптай хийх уулзалтдаа бэлтгээд эхэлсэн бололтой. Ийм дүгнэлтийг ч шинжээчид хэлж байгаа юм. 

Хятадын судалгаа шинжилгээний “Тайхэ” төвийн судлаач Дин Ифань “РИА Новости” агентлагт “Ким Жон Уны айлчлалын үеэр талууд АНУ-Хойд Солонгосын дараагийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг хэлэлцэж магадгүй. Ким өнгөрсөн удаад Д.Трамптай уулзахын өмнө Далян хотод Ши Жиньпинтэй уулзсан.  БНАСАУ аюулгүй байдлын баталгааны оронд цөмийн зэвсгээсээ татгалзсаны дараа улс орноо хөгжүүлэх тал дээр Хятадаас туршлага судлах хүсэлтэй байна. Ийм учраас АНУ-тай энхийн хэлэлцээ хийх явцад Хятадын саналыг асуух хэрэгтэй. Эцсийн эцэст Хятад улс ч Солонгосын дайнд оролцож, мөн дайныг зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурагч тал байсан” гэж ярьжээ.