ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ард түмнээсээ дэмжлэг хүслээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-09

АНУ-ын Засгийн газар түр зогсолт хийгээд удаж буй. Тодруулбал, Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Доналд Трамптай санал зөрөлдөж, төсөв батлаагүйн улмаас тус улсын Засгийн газар хэсэгчилсэн түр зогсолт хийгээд  байгаа юм. Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих хөрөнгө мөнгийг төсөвт суулгах асуудлаар Ардчилсан нам болон Бүгд Найрамдах нам зөвшилцөлд хүрч чадаагүй учир 2019 оны санхүүгийн жилийн төсвийг одоог хүртэл батлаагүй байна. 

Хэвлэл мэдээллийн бай­гууллагын олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас ч ард иргэд төрийн гацаанд Д.Трамп буруутай гэж үзэж байгаа нь тодорхой болсон билээ. АНУ-ын Ерөнхийлөгч “Үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амар тайван амьдралын төлөө Мексикийн хил дагуу хана барих нь маш чухал” гэдгийг онцолж байгаа ч, түүний шийдвэрийг Конгресс дахь Ардчилсан намынхан, БНН-ын зарим гишүүд ч дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа. 

Тиймээс эцэст нь тэрбээр ард түмнээсээ дэмжлэг хүсч, тус шийдвэрийнхээ давуу талыг ард иргэддээ өчигдөр ухуулан танилцуулжээ. Д.Трамп нийслэл Вашингтон хот дахь Цагаан ордноос илтгэл тавьсан бөгөөд “Хүмүүнлэг болон аюулгүй байдлын хямрал улам бүр нэмэгдэж байна” гэдгийг онцолж, АНУ руу нэвтрэхийг санаархсан олон цагаач иргэд америкчуудад эрсдэл учруулж буйг сануулжээ. Улмаар өөрийнх нь санаачилга болох ханыг дэмжихийг уриалжээ. Өмнө нь тэрбээр бат бэх ган хана барина гэдгээ мэдэгдэж байсан бол энэ удаа “Ардчилсан намынхны шаардаж байгаачлан хана заавал ган байх албагүй, төмөр хашаа байсан ч болно” хэмээж, асуудалд ойлголцолд хүрэхийг уриалжээ. Харин түүнтэй бараг зэрэгцэх шахам Конгрессын танхим, Ардчилсан намын бүлгийн дарга Нанси Пелоси болон сенатч Чак Шумер нар телевизээр мэдэгдэл хийж,  Мексикийн хил дагуу хана барих төсвийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Д.Трамп Засгийн газрын үйл ажиллагааг тасалдуулсан хэмээн буруутгаж, дахин хэвийн байдалд нь оруулахыг шаарджээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч нийт 3500 км урттай АНУ-Мексикийн хилийн 1600 километр талбайд хана барих санаачилга гаргасан бөгөөд үүнд нийтдээ 5.7 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Харин Ардчилсан намын гишүүд ийм хэмжээний мөнгийг хана барихад зарцуулахгүй, өртөг нь үүнээс ч илүү гарч магадгүй гэж үзэн эсэргүүцэж байна. 

Тэгвэл ийн сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарч, ганцаардсан тэрбээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Конгрес ажлаа хийхгүй байгаагаас болж хэчнээн америкчуудын цус урсах ёстой вэ” гэжээ. 
Д.Трамп өнөөдөр өмнөд хил рүү айлчлал хийхээр төлөвлөсөн. Гэхдээ хана барих асуудлаар улс орон даяар онц байдал зарлах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэрбумтнаас төрийн тэргүүн болсон тэрбээр анх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө л хана барина гэдгээ тодорхой илэрхийлсэн байдаг. Гэхдээ мөрийн хөтөлбөртөө зардлыг нь Мексикийн талаар гаргуулна хэмээсэн байдаг ч, Мексик уг зардлыг гаргахаас албан ёсоор татгалзсан юм. Ерөнхийлөгч нь амлалтаа биелүүлэхийн тулд ард иргэдийнхээ дэмжлэгийг авахын тулд америкчуудын эмзэг цэг болох хууль бус цагаачдын асуудлыг хөндлөө.