ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Энхтүвшин: Хамрын хийдэд үйл ажиллагаа явуулах компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-16

Дорноговь аймгийн “Хамрын хийд”-ийн ойролцоох газрыг 40 жилийн хугацаатайгаар хятадын компанид худалдсан гэх мэдээлэл гарч, олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байна. Энэ талаар тус аймгийн засаг дарга Т.Энхтүвшингээс тодрууллаа.

-“Хамрын хийд”-ийн ойролцоох газрыг хятадын хөрөнгө оруулалттай уул, уурхайн компанид олон жилийн хугацаатайгаар худалдсан гэх мэдээлэл байна. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ? 
-2007 онд уг компани АМГТГ-аас ашиглалтын лиценз авсан юм билээ. 2014 онд хамрын хийдийн орчмын газрыг аймаг, орон нутгийхаа тусгай хамгаалалтад авсан. Хятадын хөрөнгө оруулалттай “Оюушима” гэх компани шүүхээр явж байгаад 2017 онд АМГТ-ны газрын лицензээ сэргээсэн юм билээ. Бид бол уг компанийг ажиллуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Хамрын хийдийн орчмын газрыг бид орон нутгийн тусгай хамгаалалтад 2014 онд авсан байгаа. Одоо ч тусгай хамгаалалтын газар хэвээрээ байна. Хамрын хийд бол манай аймгийн аялал жуулчлалын гол хөшүүрэг газар учраас лиценз авсан гэх тус компанийг ажиллуулахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

-Уг компанийг үйл ажиллагаагаа эхэлчихсэн байна гэх мэдээлэл байсан. Газар дээр нь аймгийн удирдлагууд очиж үзсэн үү?
-Газар ухаад эхэлчихсэн зүйл одоогоор байхгүй. Кэмп болон шатахууныхаа агуулгыг байрлуулсан байгаа. Энэ сарын 14-нд манай аймгийн цагдаагийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газраас уг газарт шалгалт хийсэн. Тус газарт үйл ажиллагаа явуулахгүй гэсэн албан ёсны мэдэгдлээ шат шатны засаг дарга нар хүргүүлсэн байгаа. Үүнээс гадна би АМГТГ-т энэ асуудлыг тавьсан. УУХҮЯ-нд тус компанийн лицензийг хүчингүй болгох хүсэлтийг хүргүүлээд байна. Зөвхөн хамрын хийд ч биш Дорноговь аймгийн түүх дурсгалтай газруудад ийм хэд хэдэн асуудал гарч байгаа. Тухайлбал Өргөн сумын нутагт “Аргалын уул” гэх улсын тусгай хамгаалалтын газар байдаг. Эндээс Австралийн нэг компани хайгуул хийж байсныг бид 2017 онд үйл ажиллагааг нь зогсоож, АМГТХЭГ-т лицензийг нь цуцлуулах хүсэлт хүргүүлсэн байгаа. Харамсалтай нь АМГТХЭГ “Аргалын уул”-ын лицензийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж, хариу өгөөгүй байна. Хамрын хийдийн газрын асуудлыг ч мөн ойрын хугацаанд лицензийг нь цуцлуулах, эсвэл адил төстэй өөр аймгийн газар нутагт шилжүүлэх байдлаар шийдэж өгөхийг УУХҮЯ болон АМГТХЭГ-аас хүсэж байгаа юм.

-Хятадын компани кэмпээ бариад эхэлчихсэн гэж байна шүү дээ. Аймгийн зүгээс энэ асуудалд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Аймгийн мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн газраас шалгалт хийсэн байгаа. Шалгалтын дүнд тус компанийн бичиг баримт нь дутуу байсан талаар шалгалтын ажлын хэсгээс мэдээлсэн. Тиймээс одоогоор тус компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байгаа. Аймгийн тусгай хамгаалалтын газарт үйл ажиллагаа явуулах гэж зүтгэж байгаа нь харамсалтай хэрэг. Орон нутгийн удирдлагуудын зүгээс, ялангуяа “Өргөн” сумын ЗДТГ-аас үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэдэг албан бичгийг хүргүүлсэн байгаа. Энэ хугацаанд бид АМГТХЭГ болон УУХҮЯ-нд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах албан бичгийг хүргүүлсэн. Үүнээс гадна Айраг сумын Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад оруулах хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Энд гар аргаар ашигт малтмал олборлогчид буюу “нинжа” нар хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг таслан зогсоохоор тэмцэж байна. энэ агуй бол Монголын хамгийн том агуйгаас гадна түүх, дурсгалын газар юм. Улсын тусгай хамгаалалтад оруулах санал Засгийн газрын хуралдаанаар ороод, дэмжигдсэн байгаа. Энэ газрын улсын тусгай хамгаалалтад аваач гэдэг асуудлыг УИХ болон Засгийн газрын хуралдаанд гурав дахь удаагаа тавьж байгаа юм.

-Хамрын хийдийг аймгийн тусгай хамгаалалтад 2014 онд авсан гэж байна. Гэтэл хятадын хөрөнгө оруулалттай гэх тус компанид 2007 онд тусгай зөвшөөрөл олгосон байсныг мэдээгүй юм уу?
-Энэ компани 2007 онд “А” лицензээ авсан байдаг. Хамрын хийдийг 2014 онд аймаг Улсын тусгай хамгаалалтад авсан. Улсын тусгай хамгаалалтад авснаас хойш энэ газрын талаар яригдаагүй. Би 2016 онд ажлаа авсан. Тэгэхэд ийм компани тусгай зөвшөөрөл авсан талаар 2017 онд ч яригдаагүй. 2018 онд ч АМГХЭГ-аас энэ компанийн тусгай зөвшөөрлийг шүүхээр сэргээлээ гэдгийг мэдэгдээгүй. “А” лицензтэй тус компани дөрвөн шатны шүүхийн шийдвэрээ аваад, үйл ажиллагаагаа эхлүүлнэ гээд оччихсон байгаа. Гэхдээ бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийгээ ч албан бичгээр шат, шатны байгууллагуудад хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг аль аль талдаа хохирол багатайгаар шийдэх гарц нь адил төстэй өөр аймгийн нутаг дэвсгэр луу шилжүүлэх юм. Эсвэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой. Үүнийг УУХҮЯ болон АМГТХЭГ шийдэх ёстой. Лицензийн асуудлыг аймгийн засаг дарга шийдэхгүй. 

-Нэгэнт тусгай зөвшөөрөл өгчихсөн байхад үүнийг цуцлахаар улсаас уг компанид нөхөн төлбөр өгөх байх. Таныхаар ийм байдалд хүрсэн хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? 
-2007 онд тусгай зөвшөөрөл аваад хайгуулаа хийгээд дуусчихсан юм билээ. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс нь үүнийг зогсоох ёстой байсан. Тэр үед л энэ газрыг улсын тусгай хамгаалалтад авах ёстой байсан юм. 

-Тусгай зөвшөөрлийг нь АМГТХЭГ-аас өгсөн юм уу?
-Тийм ээ 2007 онд “Оюушима” компанид тусгай зөвшөөрөл олгосон юм билээ. 

-“Оюушима” компанийн удирдлагуудтай та биечлэн уулзсан уу?
-Уулзсан. Улсын тусгай хамгаалалтын газар учраас үйл ажиллагааг нь явуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.