ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батшагай: Худалдааны төвүүдээс 3.3 тонн гахайн мах хураан авч, устгасан

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-21

Сар шинийн баярыг угтан мэргэжлийн хяналтын байгууллагаас худалдаа, үйлчилгээний газруудад хяналт, шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Шалгалтын үр дүнгийн талаар НМХГ-ын дэд дарга Б.Батшагайгаас тодрууллаа.

-Сар шинийн баярыг угтан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байгаа гэж байна. Шалгалтын дүнгээс танилцуулаач. Зөрчил хэр гарч байна вэ?
-НМХГ-аас урьдчилан сэргийлэх шалгалтыг энэ сарын 09-ний өдрөөс хоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Шалгалтын эхний арав хоногийн мэдээгээр 158 аж ахуйн нэгж, 1108 худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд  шалгалтад хамрагдсанаас 518 зөрчил илэрсэн. Үүний 291 буюу 56.2 хувийг газар дээр нь арилгууллаа. Мөн 71 аж ахуйн нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэл явуулсан байгаа. Тухайлбал, “Тэнгэрийн хур газрын ааг” цай, “Дельта фүүд” ХХК-ийн цагаан будааг газар дээр нь буцаан татан авалт хийлгүүлж, “Мон давс” ХХК-ийн хадгалах хугацаа дууссан 100 уут иоджуулсан давсыг битүүмжлэн, зөрчлийн хэрэг нээсэн. Мөн СХД-ийн “Эшүгэн” ХХК-ийн хүнсний дэлгүүр, Энхжин, Сэлэнгэ зах,  Хархорин худалдааны төв, Барс-2, Шилэн зах, Нарантуул худалдааны төв зэрэг газруудад худалдаалж байсан хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 кг, 346 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч, устгалын комисст шилжүүлээд байна. 

-Гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор га­хайн махан бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ. Хяналт шалгалтаар зөрчил илэрсэн үү? 
-НМХГ-аас гахайн мялзан өвчинтэй холбоотойгоор хяналт шалгалтын хуулийн хүрээнд шалгалт хийгээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг болон Баянзүрх дүүргийн хэмжээнд уг өвчний шинж тэмдэг илэрсэн 314 гахайг устгасан. Мөн өнгөрсөн долоо хоногт зургаан байгууллагын 72 цагийн эрчимжүүлсэн бие бүрэлдэхүүн ажиллан хоол үйлдвэрлэл болон худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар гахайн түүхий мах худалдаалж байсан аж ахуйн нэгжүүдийг лацдан, 3.3 тонн гахайн махыг устгаад байна.

-Дэлгүүрүүд гахайн махан бүтээгдэхүүн, хиам худал­даалсан хэвээр байна шүү дээ. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байгаа вэ. Рестораны хоолноос хүртэл гахайн мялзан өвчний ДНК илэрсэн гэсэн? 
-Хиам үйлдвэрлэдэг 10 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнээс 40 дээж авахад урьдчилсан байдлаар Мал эмнэлгийн ерөнхий газар болон Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос өгсөн мэдээллээр хиамнаас одоохондоо ДНК илрээгүй байна гэсэн. Лабораторийн дүн мэдээг хараахан ирж амжаагүй байна. 

-Хиамнаас авсан дээжний лабораторийн хариу эцсийн байдлаар гараагүй гэж байна. Сар шинийн баяраар хиамны хэрэглээ эрс нэмэгд­дэг шүү дээ. Энэ асуудлыг хэрхэн хянаж байгаа вэ. Дэлгүүрүүдэд хиам худал­даалж болохгүй гэсэн мэдэг­дэл хүргүүлсэн үү? 
-Мал эмнэлгийн ерөнхий газар болон Нийслэлийн мал эмнэлгээс гахайн махыг түүхийгээр нь хэрэглэхгүй байх зөвлөмжийг хүргүүлж байгаа. 2018 оны зургадугаар сарын 01-нээс малын генетикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш Мал эмнэлгийн ерөнхий газар болон Нийслэлийн мал эмнэлгийн газраас малын гоц халдварт өвчинтэй холбоотой үйл ажиллагааг ахалж, гол үүрэг гүйцэтгэхээр хуульчилсан. Үүний дагуу дээрх байгууллагаас өвчний талаар гол мэдээллийг авах боломжтой. Худалдааны төвүүдэд гахайн махан бүтээгдэхүүн худалдаалахгүй байх албан шаардлагыг хүргүүлсэн байгаа.

-Рестораны хоолноос гахайн мялзан илэрсэн гэж МХЕГ-аас мэдээлж байсан. Бүх ресторан, худалдаа үйлчилгээний газрууд гахайн махан бүтээгдэхүүн огт худалдаалахгүй байна гэж байхгүй байх? 
-Гахайн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний ДНК илэрсэн.