ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Bloomberg: Цагаан хэрэм, түүнийг барьсан түүх хийгээд бүтэлгүйтэл

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-01-22

Эдүгээ АНУ-Мексикийн хилд Хятадын цагаан хэрэм лугаа адил шалтгаанаар хана босгох асуудал шийдлээ хүлээж, Нэгдсэн улсын төрийн үйл ажиллагаа тасалдахад хүрээд буй. Ерөнхийлөгч Д.Трамп аюулгүй байдал нэгдүгээрт хэмээж, өөрийн санаачилгаа бодит болгохыг чармайх ахуйд, түүний өрсөлдөгч намынхан өртөг өндөртэй гэх шалтгаанаар санхүүжилтийг нь батлахгүй бойкот хийх болсон юм. Харин эдүгээ тэдний аль аль нь Хятадын их хэрмийг судалж буй гэх.

Тэгвэл энэ талаар “Блумберг” хэрхэн мэдээлснийг, тэрхүү мэдээлэлд бидний өвөг дээдэс хэрхэн дурьдагд­саныг уншигчиддаа сонир­хуулахаар бэлтгэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп анх сонгуульд өрсөлдсөн цагаасаа л өөрийн улсын өмнөд хилд хана босгохыг хүсч, түүнийгээ Хятадын цагаан хэрэмтэй харьцуулан ярьсаар ирсэн. Гэвч, Д.Трампын ханыг босгох санхүүжилтийг сөрөг хүчний Ардчилсан намынхан эсэргүүцсэнээр тус улсын Засгийн газар хэсэгчилсэн түр зогсолт хийгээд байгаа билээ. Үүний улмаас Д.Трамп хийгээд түүний өрсөлдөгчид ч Хятадын цагаан хэрэм, бэхлэлт, басхүү бүтэлгүйтлийг илүү нарийн судалж эхэлсэн байх юм. Өнөөгийн Хятадын аялал жуулчлалын гол төвийн нэг болох Цагаан хэрэм XVI зуунд буюу Мин гүрний үед баригдсан түүхтэй.

Тухайн үед Хятадын хойд хилийг гадны түрэмгийлэгчдээс хамгаалах зорилготой баригдсан гэх нийтлэг ойлголт байдаг. Гэхдээ Их хэрэм ч гэсэн баригдахдаа улс төрийн саатал, дотоодын тэмцэлтэй тулгарсан ч, эцэст нь баригдаж байжээ. Хилийн аюулгүй байдал Хятадын эзэн хааны ордныхны хамгийн гол шалтгаан байсан гэдэг. Учир нь хойд талаас зэрлэгүүд буюу Түрэг, Хүннү, Монгол, Зүрчид болон бусад улсууд Дундадын эзэнт гүрнийг байнга заналхийлж байв. 13 дугаар зууны үед Чингис хаант монголчууд ч зарим томоохон эзэнт гүрнүүдийг эзэлж байсан түүх бий. Урт үргэлжлэх хойд хилийнхээ аюулгүй байдлыг хамгаалах асуудал Хятадын эзэнт гүрнүүдийн толгойны өвчин байсан бөгөөд гадны зэрлэгүүдээс юу ч худалдаж авахгүй байх зэргээр тэдний томоохон цэргийн дайралтыг зогсоохын тулд янз бүрийн аргыг туршиж байжээ. Гэсэн ч шинэ овог аймаг хилийн орчимд тулгарах үеэс л дахин асуудал манддаг байж. 

Ерөнхийдөө Мин гүрний үед Хятадтай худалдаа хийхийг эсэргүүцсэн хойд хөршүүдийнхээ эсрэг хатуу шугам барьж, Чингис хааны үр удмаас эзэнт гүрнээ хамгаалж, сэргээн мандуулж эхэлсэн байна. 

Харин монголчууд асар уудам нутагт тархай бутархай амьдарч ирсэн тул үр тариа, бусад хэрэгцээгээ хангахын тулд зайлшгүй худалдаанаас хамааралтай байдаг байжээ. Тиймээс тэдэнд цөөн сонголт үлдээсэн ч, монголчууд хэрэгцээт зүйлсээ тонон дээрэмдэхийн тулд Хятад руу дайралт хийж эхэлсэн гэдэг. Ингээд Монголын овог аймгууд нийлж, Хятадын эзэнт гүрэн рүү довтолж эхэлсэн тул хилийн аюулгүй байдлыг хангах яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсон байна. Тиймээс Мин гүрэн шийдэл хайж эхэлжээ. Зарим түшмэд ноёд нь монголчуудтай худалдаа наймаагаа сэргээж, асуудлыг илүү дипломат аргаар шийдэхийг санал болгосон байна. Гэсэн ч, эцэст нь цэргийн хүчээр асуудлыг шийдэхэд тэд санал нэгджээ. Гэхдээ хойд зүгт тархай бутархай нүүдэлчдийн эсрэг цэргээ илгээх нь өртөг зардал ихтэй байж. Түүхч Артур Валдрон “Хятадын цагаан хэрэм” судалгааны бүтээлдээ “Монголчуудтай худалдаа хийх сонирхолгүй, цэргийн хүчээр ч ялан дийлж чадахгүй байсан учраас 16 дугаар зууны үед Мин улсад ямар нэг бодлогын сонголт үлдээгүй. Тиймээс л нүүдэлчдийн эсрэг хэрмийг босгож эхэлсэн” хэмээн бичжээ. 

Харин цагаан хэрэм боссоны дараа монголчуудын довтолгооныг зогсооход үр дүнгээ өгч эхэлсэн байна. Гэхдээ асуудал нь морьтон эрс нь хилийн хамгаалалтгүй бүсээр нь дайрч орох боломжтой байсан гэдэг. 1550 онд Монголын морьтонгууд бээжин хотын зах хэсэг рүү нэвтэрснээр илүү олон хана хэрэм босгох шаардлагатай болжээ. Тиймээс цагаан хэрэм бол батлан хамгаалах бодлогын үр дүн байсан юм. Харамсалтай нь, Мин гүрний том, гайхамшигт хэрэм хамгийн гол үүрэг болох Хятадыг гадны довтолгооноос хамгаалах үүргээ хангалттай биелүүлж чадаагүй. Гэхдээ Мин гүрэн 1644 онд нуран унахад ч, хэрмийг бага багаар засч сэлбэн ашигласаар байсан түүхтэй.