ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Бямбадорж: Хурдан морины уралдаанаас болж хүүхэд бэртэж, амиа алдаж байна

Б.ГАНЗОРИГ
2019-01-31

ХЭҮК-ийн удирдлагууд өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд хууль бусаар зохион байгуулсан морины уралдаанаас болж хүүхэд унаж гэмтэх, мөн морины ажил буюу уралдаанд бэлтгэсэн морийг унаж хөлслөх үеэр хүүхэд амиа алдсан ноцтой хэрэг гарч байгааг сануулав. 

Тухайлбал, Сүхбаатар аймгийн нутагт 10 настай хүүхэд “морины ажил” буюу морь хөлслөх үеэр унаж амиа алдсан бол Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон хурдан морины уралдааны үеэр хүүхэд унаж, хүнд гэмтэл авч, ГССҮТ-д хүргэгдэж иржээ. Ж.Бямбадорж дарга энэ талаар хэлэхдээ “Бид сүүлийн 4,5 жил хүйтний улиралд бага насны хүүхдээр хурдан морь унуулдаг асуудлаар тодорхой шаардлага, зөвлөмжийг холбогдох албанд хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүрсэн.

Тун саяхан Сүхбаатар сумын Халзан суманд морь хөлсөлж байсан 10 настай хүүхэд мориноосоо унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Харин Засгийн газраас хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх бус жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан.

Гэвч овооны наадам, үсний найр зэргийг зохин байгуулж, нууц байдлаар хурдан морь уралдуулж, бага насны хүүхдийн эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулдаг учраас ХЭҮК-оос аймгуудын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн. Өнгөрсөн жил 12 настай хүүхэд хурдан морь унаж байгаад нас барсан. Гэтэл эцэг, эх нь гомдолгүй гэсэн учраас шүүхээс хэргийг хаасан. Үүнийг ХЭҮК-оос буруутгаж асуудал дэвшүүлэхэд эцэгт нь нэг жилийн тэнсэн харгалзах ял өгч байлаа. Хүүхдээ хамгаалахын тулд хүйтний улиралд морь уралдуулж байгаа энэ явдалтай тууштай тэмцэхийг уриалж байна” гэв.