ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Батцэцэг: Ажил, амьдрал минь өөрөө яруу найраг юм

Ц.ЭНХТҮВШИН
2019-02-11

Энэ удаагийн “Эгэл амьдрал” буландаа төлбөр хураах цэгт ажилладаг эгэлхэн яруу найрагч бүсгүйг урьж, ярилцаа. 

-“Сэтгэлийн уялга” хэмээх номын тань анхны уншигчийн хувьд  өөртэй чинь ярилцах таатай байна. Бас сонирхолтой юм. Ингэхэд яруу найрагч бүсгүй минь ямархан ажил эрхлээд байна.  Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Дамдиндоржийн Батцэцэг гэдэг. Одоо Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Зам тээврийн хөгжлийн төвийн Замын-Үүд төлбөр авах цэгт төлбөр хураагчаар ажиллаж байна. Энэ ажил маань авто зам ашигласаны төлбөр хураагч. Зургаан  жил ажиллаж байна. Алтан шар зам минь бүрэн бүтэн,  бартаа саадгүй байлгахад бидний хураасан мөнгө ордог.

-Та нэгэнтээ миний амьдрал гэж найраг шиг л  гэж хэлж байсныг санаж байна. Тэр тухайгаа хуучлаач?

-Тэр бол миний л бодол. Би чинь эгэлхэн л амьдралтай, хүнд нэг их гайхуулаад бахархаад байх зүйл хомс ч наддаа бол найраг шиг л сайхан. Арван жилийн сургуулиа дүүргээд  аймагтаа монгол бичгийн багшийн курс төгссөн.  Хожмоо Улс төрийн боловсролын академи төгссөн. Боловсрол гэвэл ердөө л энэ. Харин цэл залуу, хорь ч хүрээгүй  насандаа хөдөөний малчин залууд унан тусан дурлаад,  өөрийн бүх хүсэл мөрөөдлөө орхиод, айлын бэр болсон шүү. Аав, ээжийнхээ дэргэдээс ч холдож үзээгүй танхилхан охин хайр сэтгэлтэй залуугаа дагаад нэг л өдөр малчин болсон доо. 10 гаруй жил мал малласан. Сүртэй их биш  ч өөрсөддөө  бол под хийсэн малтай. Хонь, ямаа, үхэр, адуутайн дээр ачлагын хоёр тэмээтэй. Аав,  ээжүүд маань бидэнд тасдаж өгсөн юм. Нөхөртэйгээ суухын тулд аав,  ээжтэйгээ ам муруйн айлгаж, туньж,  уйлж унжиж ёстой л зоргоороо зүтгэсээр айлын бэр болж билээ. Суурин газар аймгийн төвд аав,  ээжийнхээ гар дээр эрхэлж өссөн танхилхан охиноо хөдөөний хүн болоод явчихана гэж хэн ч санаагүй биз ээ.

-Сонин сайхан түүх байна. Ээж,  аавдаа “эрхийн балай “явсан охин айлын бэр болох гэж чардайсан л байх даа?

Би угаас гүжирмэг “нөхөр”.  Айл орон болно, амьдарч ханилна гэсэн хүн чинь нэг л өдөр бүх зүйл нуруун дээр ирэхэд мэдээж амаргүй байсан. Гэхдээ л би чадсан. Харин ч намайг хавь ойрын ахмадууд ажилсаг шаавайг минь гайхаж байсан шүү.  Бүхэл бүтэн таван ханатай гэрийн дээвэр туургийг хуучин хувцас задлаж зүйж, мяндсан тампуу хөвж байгаад оёод л гэрээ босгоод айл болж чадсан л юм даа.  Тэмээн тэргээр аргал түүн нэг чингэлгийг нь 3000 төгрөгөөр борлуулчихна.  Боловсруулсан цагаан идээгээ савлаад л зарж байлаа. Ер нь хүн чинь амьдралын нарийн ширийн ухааныг аав,  ээжээсээ өвлөж, дээр нь амьдралаасаа өөрөөс нь сурдаг юм билээ дээ. Чихэр,  жимс ногоо цагаа аваад тэр бүхнээрээ салат амттан хийгээд малчин залуусаа дайлж,  хонио хяргуулж,  ямаагаа самнуулж,  хотоо гишгүүлчихдэг сэргэлэн бүсгүй явсан шүү. 

-Дэгжин шаавай гэдэг шиг ажилсаг чамбай бүсгүй байж. Бармен хийж явсан гэж бас сонссон? 

-Өө, зах зээлийн энэ хөдөлгөөнтэй нийгэмд чинь хүн гээч амьтан хөдөлж байж л амьдарна гэдгийг их л залуугаасаа мэдэрч. Спирт зардаг шагчин, мах авдаг ченж, дэлгүүр ажиллуулдаг босс, хоол хийдэг тогооч, бааранд зогсдог  бармен хүртэл хийж,  унаж босож,  бүдэрч явсаар нэг л мэдэхэд Замын-Үүд хэмээх газар ирсэнсэн. Эрхлүүлж өсгөсөн ээж,  аавынхаа зөв байсаныг ухаарч амжаагүй явтал тэд минь бурхан болж би гэдэг хүн алдсаар бас амьдралыг сөрсөөр . . . Энэ хооронд мөн ч их зүйл үзсэн дээ.

-Та чинь энэ нутгийн хүн биш үү? 

-Унасан газар угаасан ус минь Сүхбаатар аймаг Баруун урт хот. Хожмоо амьдралын мөр хөөж энэ нутагт ирсэн. Одоо ч төрсөн нутгаас дутахааргүй болж дээ. Эх сайхан монгол орны минь газар шороо бүхэн биднийх, ялгаа юу байх вэ. Энэ нутагт ирээд банштай цай, бууз хийж наймаалдаг, орифлеймчин, хөтлөгч, нийгмийн ажилтан гээд мөн ч олон төрлийн ажил хийж  ах дүүгээсээ хол хүний нутагт хөл алдахгүй, хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэчих юмсан гэж мөн ч их хичээсэн дээ. Зүтгэл минь ч талаар болоогүй.  Өөрөө хүрч чадаагүй мөрөөдөл боловсролоо хүүхдүүддээ эзэмшүүлсэндээ, эрүүл саруул элэг бүтэн өсгөсөндөө хамгийн их баяртай байгаа. Миний хамгийн том гавьяа энэ. Бүгдийг нь дээд боловсролтой ажилтай орон гэртэй болгосон. Энэ л миний амьдрал бололтой. 

-Зам дагаж хөгжил гэдэг шиг зам тоссон ажилтай та бүхний ажил ч амаргүй байх шүү?

-Алтан шар зам олон хүний заяа буян тэгшитгэдэг гэж боддог доо. Бидний энэ хурааж авдаг мөнгө замын чанарыг сайжруулахад, шинээр зам барихад ордог. Гэвч мэддэг хүн ховор. Заримдаа бид ч өөрсдөө тайлбарлаж хэлж өгөхөөсөө айдаг. Аваар осол их, хагарсан хэмхэрсэн зам байгаа болохоор тэр. Дээр нь хүмүүсийн харьцаа хардалт сэрдэлт үл тоосон харц, доромж хатуу үг гээд л яривал жаахан хэцүү. Улайж,  цайж,  хэрэлдэж хэлэлцэж авлаа ч биднийг ойлгох хүн ховор. Жилийн дөрвөн улиралд доороос халж,  хүйтэнд даарч зогсдогийг минь мэдэх мэдлээ ч өмөөрөх хүн ховор. Гэхдээ л ажлаа хийсэн шиг л хийхийг хичээнэ. Гомдоллоод ч хэрэггүй гэдгийг ойлгоно. Ингээд бодохоор бичих шүлгүүд маань ч яг л нэг хүмүүсийн сэтгэл зүрх амьдрал гэсэн сэдэвтэй болчихдог бололтой.

-Шинэ сар гараад удаагүй байна. Айлчин их ирэв үү?

-Цагаан сараар би айл хэсэж амждаггүй.  Манайд ирсэн хүмүүс  тухласаар байгаад өдөр өнгөрч сар хуучирдаг. Энэ жил шинийн 1-нд бас л ажилтай таарсан. Ажил бол ажил. Би гурав дахь жилээ шинийн 1-нд “хонины ээлжтэй” сууна. Хөдөө байхад хонины ээлжтэй хүнд ээж,  аав минь өвчүү чанаад л бэлддэгсэн. Золголт шинэлгээнд явж байгаа хүмүүсийг хараад жаахан санаа алдасхийн сууна. Юуг нь ч нуухав. Манайх угаас хөл ихтэй айл. Баяртай,  баяргүй гийчин олонтой айл.

-Шүлэг бичих авъас хэдийгээс тодров. Удам байна уу?

-Би эгэл жирийн жолооч аавын охин. Аав минь насаараа аймгийн дарга нарын машиныг барьсан. Хараа маш сайн болохоор том дарга нар урьж анд явдаг байсан юм. Явсан газар бүрийнхээ уул ус,  дов толгод,  зам харгуйг тоо км-ээр, нэр устай нь нэг бүрчлэн тогтоодог,  тэрийгээ маш гоё ярж өгдөг хүн байсансан. Бас морин хуур тоглодог,  дуулдаг байлаа аав минь. Ээж Норовбадам минь сувилагч  байсан.Түүх шастир, ерөөл, магтаал, үлгэр,туульс, найраглал, шүлгийг ёстой л нэг урсгадаг байлаа. Боловсрол бичгийг өөрөө л сурсан юм гэсэн. Тийм сайхан буурлуудын дэргэд өссөн хүн уншихгүй байх аргагүй. Сайн уншигч байсан. Бичихийн тухайтад хүүхэд байхаасаа л энд тэнд дэвтэр цаасны булан дээр мөр толгой холбоод элдэв юм биччихдэг байсан. Хадгалж ариглаж, шүлэг биччихлээ гэж бодож явсангүй. Харин сүүлийн арван жил овоо цэгцлээд байгаа. Найз нөхөд их урам өгдөг. Арав шахам жил бичсэнээсээ түүж түүвэрлэж, шилж сонгож байж “Сэтгэлийн уялга” хэмээх анхны номоо гаргалаа. Сэтгэл гэж далай л байна.

-Манай сонины уншигч­дад үг дайвал?

-Дээд тэнгэр, алтан нарандаа сүүгээ өргөж
Дэргэдийн жаргал аз хийморио хоймортоо залж
Элэг бүтэн илч дулаан хайраар өргөө гэрээ дүүргэж
Энх мөнх,  эрүүл сайхан оршихын ерөөл өргөе.