ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Рэнчинлхүмбэ суманд алга болсон 13 настай охин олдоогүй байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-17

Бид бой нь арилж, бойтгон хонхоо тайлсан үрсээ хаданд гарч, модонд авирсан мэтээр ор сураггүй алдсаар л байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гарсан найман настай Д.Сэржмядаг гэх охин ор сураггүй алга болсон юм. Эрэл сурал болж хэсэгтээ шуугисан ч энэ хэрэг цагийн эрхэнд эдүгээ мартагдах тийшээ ханджээ.

Д.Сэржмядаг охин алга болдог өдрийнхөө 12:30 цагийн үед ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг дууссан учраас авч чадаагүй гэдэг. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байжээ. Охиныг ЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг таван сарын турш хайж, уг хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр сэжигтнийг илрүүлэн баривчилсан тухай мэдээлэл гарч байсан ч мөн л ташаа мэдээлэл болж таарсан.

Тэгвэл өнгөрөгч оны наймдугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын “Далайн зах” багийн “Товог уул” гэх газраас 13 настай охин малдаа яваад мөн л ор сураггүй алга болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр охин алга болохоосоо хоёр хоногийн өмнө хонинд яваад ирэхдээ гэртээ чихэр, печень зэрэг амттан авчирсан аж. Дараагийн өдөр ирэхдээ “олж авлаа” хэмээн мөн л чихэр, гар утас авчирсан гэх. Ингээд гурав дахь өдрийнхөө өглөө хонио туугаад гарсан ч эргэж гэртээ ирэлгүй өнөөдрийг хүрчээ. 

Бид уг хэргийн талаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад “Хэрэг гарснаас хойш Хөвсгөл аймгийн мөрдөн шалгах цагдаагийн бие бүрэлдэхүүн нутгийн иргэдийн хамт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, самнасан ч охиныг олоогүй” гэв. Олоогүй учраас энэ хэрэг мөн л чимээгүйхэн мартагдах бололтой. Харин цагдаагийнхан гурван ч удаа хайгаад олдоогүй гэх тайлбарыг өгч байгаа юм. Мөн маш олон хүнийг сэжигтнээр тооцон байцаалт авсан ч ямар ч сэжим гараагүй аж. Яг л Зам-Үүдэд алга болсон охинтой адилхан ор сураггүй алга болжээ. Гэтэл түүний ард цэцэг шиг үрээ алдчихаад элгээ тэврэн эмтэрч суугаа эх хүн байгаа.

Алга болсон охины ээж тэртээд харагдах модны хожуулыг охин минь байх вий хэмээн горьдож, дуранддаг тухайгаа айл хөршийнхөндөө ярьсныг нутгийн иргэд шимшрэн ярилцаж байлаа.  Охиныг алга болох үеийн нөхцөл байдлаас үзвэл малдаа явсан алс тайгын охин хүний наймаа гэх “тахал”-ын золиос болсон байх магадлал өндөр мэт санагдав. Өөрөөр хэлбэл, хүүхэд хулгайлах гэмт хэрэг суурин газраас хүрээгээ тэлж, хараа хяналт сул алслагдсан нутаг руу хаяагаа тэлэв үү гэх хардлага төрснийг нуух юун. Гэвч олдохгүй болохоор хэсэгтээ шуугиад л намддаг жишиг нийгэмд тогтох нь энэ үү.

Өнгөрөгч оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 9491 хүүхэд сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэдэг. Эдгээрээс 9448 хүүхдийг эсэн мэнд олсон ч харамсалтай нь 23 хүүхдийн хувь заяа хаашаа эргэсэн нь тодорхойгүй байсаар байна. Харин 2017 онд 70 гаруй хүүхэд сураггүй алга болсноос 24 нь олдсон гэх мэдээлэл цацагдаж байв. Цаана нь 46 хүүхэд олдоогүй байгаа гэх. Энэ тоо бол “ор сураггүй алга болох” үзэгдэл “тахал” болсон гэх хангалттай шалтгаан мөн. Монголын төр, хууль хүчний байгууллага анхаарлаа хандуулах цаг болоогүй юу. Бид ирээдүй болсон үрсээ алдсаар, алдсанаа олохгүй өнгөрүүлсээр байх уу. Алдсаныг олох нь чухал ч алга болгоод байгаа хүчин зүйлтэй тэмцэж, илрүүлэх цаг болсныг энэхүү баримтууд харуулж байна. Төр сэрж, түмэн сэрэмжлэх цаг болжээ.