ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гамшгаас хамгаалах сургалтын үеэр хотын хөдөлгөөнийг зогсооно

O.Admin
2019-02-17

ОБЕГ-аас өнөөдөр нийслэлийн мэдээллийн төвд гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дэд, хурандаа Б.Ууганбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Нийслэлийн гамшгаас хамгаалах сургалтыг ирэх дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн гурван өдөр зохион байгуулах ажээ. Тус сургалтад нийслэлийн бүх албан байгууллага, орон сууцны иргэд оролцох юм байна.  

Хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр “Сүүлийн үед Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа. Болзошгүй аюул занал тохиолдсон үед хохирол багатайгаар даван туулах ажлыг эртнээс төлөвлөж, зохион байгуулалтад оруулах шаардлагатай. Тиймээс гамшгаас хамгаалах сургалтыг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулна.  Эхний өдөр зөвхөн  нийслэлийн хэмжээнд байгаа бүх албан тушаалтнуудад хандсан сургуулилалт хийнэ. Дараагийн хагас өдрийн хугацаанд  бүх орон сууцны иргэд оролцоно. Зөвхөн эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, цагдаагийн байгууллагын машинаас бусад бүх машины хөдөлгөөнийг зогсооно.

Мөн бид нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авна. Үүнд Улаанбаатар хотын бүх барилга байгууламж, аж ахуй нэгжийг хамруулна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Улаанбаатар хотод 40 гаруй аюулгүй цэгүүд байгаа. Онцгой байдал, томилгоотой байгаа алба, эрүүл мэндийн байгууллага бүгд хамтарч зохион байгуулна. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахдаа хотоос гарч байгаа болон орж ирж байгаа бүх хөдөлгөөнийг зогсооно. Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд мөн адил арга хэмжээг авна” хэмээлээ.

 Мөн нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Иж бүрэн сургалт зохион байгуулахаар нийслэлийн Засаг даргын захирамжаар  14 ажлын хэсэг ажиллаж байна. Тухайн өдрүүдэд ард иргэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих учраас ажлаа зохицуулах шаардлагатай юм” гэлээ. 

Д.Отгонтуяа