ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Сүнжидмаа: Геологийн шинжлэх ухаан хүний эрүүл мэндийг хүртэл судалж байна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-31

“Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалтыг УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, МУИС, ШУТИС, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран энэ оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд 11 дэх жилдээ зохион байгууллаа. Чуулга уулзалтад 1000 гаруй зочид төлөөлөгч, 100 гаруй гадаад дотоодын хөрөнгө оруулагч оролцжээ. Орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, Элчин сайдын яамд ихээхэн ач холбогдол өгч оролцсон нь энэ удаагийн чуулга уулзалтын онцлог байв гэж зохион байгуулагчид нь үзэж байлаа. Мөн Төрийн соёрхол хүртсэн геологичдод анх удаа хүндэтгэл үзүүллээ. 

Уг чуулга уулзалтыг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажилд нийт 24.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад даруй 11.3 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Энэ нь бид бүхний зүгээс геологийн салбарыг түрүүлүүлэн хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологийн судалгааны ажлыг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, төсвийг тогтмол өсгөх зорилтын нэг илрэл гэж үзэж байна” гэв. Чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн,  эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг чуулга уулзалтын үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаатай уулзаж ярилцлаа.

-Геологийн судалгааны өнөөгийн байдал ямар байна вэ? 

-Геологийн судалгааг улсын төсвөөр, хувийн хөрөнгөөр, хөрөнгө оруулагч Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, Засгийн газар хоорондын хамтран ажиллах гэрээгээр гэсэн дөрвөн нөхцлөөр хийдэг. Улсын төсвийн хөрөнгөөр сэдэвчилсэн судалгаа 13, хамтарсан хоёр төсөл хэрэгжиж байгаа. Мөн гэрээ дүгнэх шатандаа яваа зургаа, эцсийн үр дүнгийн тайлантай зургаа, хээрийн ажилтай байгаа 21, шинээр эхлэх арван геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил явагдаж байна.

-Сэдэвчилсэн болон хамтарсан ямар ямар судалгааны ажил хийгдэж байгаа вэ. Томоохоноос нь нэрлэж болох уу?

-Сэдэвчилсэн 13 судалгаанаас Баруун Монголын цул сульфидын хүдэржилт, түүний хэтийн төлвийн судалгаа, Монгол орны металлогени, ашигт малтмалын ордын төрлүүдийн тархалт, байршлын зүй тогтлын судалгаа, Налайхын районд гүйцэтгэх чичирхийллийн судалгаа-2017, Улаанбаатар хотын геоэкологи.гидрогеологийн судалгаа хийгдэж, тайлантай байгаа. Харин Монгол орны төв болон зүүн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлвийн судалгаа, Голлох ашиг малтмалын хэтийн төлвийн судалгаа, Ашигт малтмалын төрөлжсөн судалгаанд сансрын зураг ашиглан тайлал хийх зэрэг судалгаанууд хэрэгжиж байгаа. Шинээр Геохимийн судалгаа - 2019, Баруун болон Баруун өмнөд бүсийн Алтны хүдэржилт-2019, Ховд-1 агаарын  геофизикийн таван сувгын судалгаа-2019, Геомэдээл­лийн сан-2019, “Геоэкологи-гидро­геологийн судалгаа-2019”/Эрдэнэт/, ГАСАМ-2019 судалгаанууд эхэлж байна. 

-Геологи хайгуулын ажил сүүлийн жилүүдэд багасч байгаа гэдэг үнэн үү. Ямар шалтгаанаар ийнхүү багасах болов? 

- Өнгөрсөн онд улсын төсвөөс 13.3 тэрбум төгрөг төсөвлөж, геологи хайгуулын ажил хийгдсэн. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр  гүйцэтгэх геологийн судалгааны ажилд 24.3 тэрбум төгрөг төлөвлөсөн байгаа. Геологи хайгуулын ажил 2010 оноос хойш эрс багассан. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон шийдвэр гарсанаас болж, геологийн судалгааны ажил эрс багассан. Хайгуулын тусгай зөвшөөрөл 2010 онд 2979 байсан бол 2018 онд 1404 хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу  8.7 сая га талбайд ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг хийж байна. Геологийн судалгаа гэдэг бол уул уурхайн үйлдвэрлэлээс 15-20 жилээр түрүүлж явах ёстой. Геологийн судалгаа гэхээр хүмүүс заавал орд нээх юм шиг төсөөлөөд байдаг. Гэтэл тийм биш. Хүний эрүүл мэндийг хүртэл геологийн шинжлэх ухаан судалж байна. Жишээ нь, та хаана төрсөн, ямар хатуулагтай ус хэрэглэж өссөн гэх зэргээр нарийн судалгааг гаргаж ирдэг. Энэ нь эргээд хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна гэх мэтээр судалгааны ажил явагддаг. Мөн хотын геологийн судалгаа гэж явах ёстой. Тухайн хотод баригдах гэж байгаа орон сууцны хорооллын доорхи хөрсний судалгаагаас эхлээд олон төрлийн судалгааны ажлууд явах ёстой. Гэтэл энэ бүхэн орхигдож байна. Геологи хайгуулын ажил 2010 он нийт нутгийн 16.3 хувьд нь хийгдэж байсан бол 2018 онд 4.5 хувьд нь л ашигт малтмалын эрэл хайгуулын ажил хийгдэж байгаа. Тэгэхээр маш бага хувь байгаа биз. Нийт хайгуулын 89 хувь нь үнэт, өнгөт металийн эзэлдэг. Өөрөөр хэлбэл, алтны хайгуулын ажил гэсэн үг.

-Монгол анх удаа нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулахаар бүтээн байгуулалт нь эхэлсэн. Гэтэл газрын тосны хайгуул судалгааны ажил ямар түвшинд явж байгаа вэ?

-Газрын тосны эрэл, хайгуулыг 2018 онд хөрөнгө оруулагчтай хамтран эрлийн гэрээтэй 12, үүнд газрын тосны тав, занарын дөрөв, нүүрсний давхаргын метан хийн хоёр, бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 12 үүнээс газрын тосны 17, нүүрсний давхаргын метан хийн нэг судалгааны ажил хийгдсэн. Өнгөрсөн онд хийгдсэн гол ажлуудыг нэрлэвэл, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт номгон IX талбайд “Жи Өү Эйч” ХХК-тай нүүрсний давхаргын метан хийн талаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хайгуулын Гурванбаян ХХХ талбайд газрын тосны талаар байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг яамдаас санал авахаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр гурван талбайд, газрын тосны чиглэлээр хоёр талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хэлэлцээр хийгдэж байна. 

Шинээр газрын тосны болон шатдаг занарын дөрөв, нүүрсний давхаргын метан хийн хоёр, нийт эрлийн арван гэрээ байгуулсан. Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолын дагуу газрын тосны хайгуулын 30, эрлийн гэрээт 17 нийт 47 талбайн солбицлыг олон улсын геодезийн байрлалын “WGS-84“, “UTM” системд шилжүүлэн талбайн хэмжээ шинэчилсэн. Төрөөс газрын тосны салбарт 2018-2027 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахад оролцож, Засгийн газрын 2018 оны зургадугаар сарын 6-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор батлуулсан. “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан өгөх, хүлээн авах” журмыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн  А/06 дугаар тушаалаар батлуулсан.

-Тулгамдаж буй ямар асуудал байна?

-Газрын тосны хайгуул хийгдэж буй талбайд орон нутгийнхан саад учруулах, ажлыг нь хийлгэхгүй эсэргүүцэх тохиолдол гарч байна. Өнгөрсөн онд хайгуулын дөрвөн талбайд ийм байдал үүссэн. Цооног өрөмдөж хайгуул хийж буй хөрөнгө оруулагчийн ажлыг зогсоовол тэд хийгдсэн хөрөнгө оруулалтаа буцааж авна гэдэг. Хэрэв бид хөрөнгө оруулалтыг нь буцаан олгох болвол татвар төлөгчдийн мөнгөнөөс л гаргаж өгнө шүү дээ. Энэ нь улсад хохиролтой. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол орон нутгийнханы буруу биш. Бид ч сайн ажиллаж, салбарын онцлогийг олон нийтэд зөв зүйтэй танилцуулж, соён гэгээрүүлэх ажлыг шат шатандаа зохион байгуулах шаардлагатай байна.  Геологи хайгуулыг эрчимжүүлэх ажлыг төрөөс дэмжих, чанарыг дээшлүүлэхэд геологич бүр анхаарч мэргэжлийн ёс зүйг дээдэлж ажиллах шаардлага бидний өмнө байна гэж ойлгож байгаа.