ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Японд шинэ он тоолол эхэлнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-01

Манж Чин улсын үед хаад нь нэр тоололтой байсан гэдэг. Тухайлбал, Энх-Амгалангийн аравхоёрдугаар он гэх жишээтэй. Тэгвэл үүнтэй адил Японы бүх албан бичиг баримт Европ тооллоор бус хааныхаа тооллоор явдаг юм. Энэ дагуу улирсан 2018 он Хэйсэйгийн 30 дугаар он байв. 1989 оны нэгдүгээр сарын 7-нд Японы 125 дахь эзэн хаан болон 56 насандаа сэнтийд заларсан Акихито яг 30 жилийн дараа суудлаа хүүдээ шилжүүлэх гэж байна. Ингэснээр Японы албан ёсны баримт бичгүүдэд он тоолол “Хэйсэй”-ээс “Рэйва” болон өөрчлөгдөх аж. Энэ он тоолол ирэх тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Япончууд он тооллын нэрийг ихэд бэлгэшээн сонгодог. Тухайлбал, эдүгээ улирч буй Хэйсэйгийн эрин “Хэйва тассэй” буюу энхтайван тогтсон гэсэн үгний товчлол аж. Эзэн хаан Акихитогийн эцэг Хирохито дэлхийн хоёрдугаар дайны үед эзэн хаан байсан тул дараах эринийг дайн дажингүй, энх амгалан байхыг бэлгэдэж уг нэрийг өгч байжээ. Харин Хирохито хааны эрин үеийг “Шова” хэмээдэг бөгөөд энэ нь Японы мандан бадралыг бэлгэдсэн утгатай байсан аж. Тэрхүү цаг үед Япон хүчирхэг цэрэг армитай гүрэн болж, Ази тивийг эзлэн түрэмгийлэх дайн хийж байсан билээ.  Өмнө нь гай гамшиг, хямралын дараа эзэн хаан шинэ эринийг эхлүүлж, өнгөрсөн барцадаасаа салдаг байсан нь ч үүнтэй холбоотой. Товчоор он тооллын нэрэнд тус улсын цаашдын зорилго агуулагдаж байдаг юм. 

Харин дараагийн хааны буюу ирэх тавдугаар сарын 1-нээс ашиглагдах он тооллын нэрийг Японы албаныхан харьцангуй удаан хугацаанд зөвшилцсөний эцэст сонгож, саяхан зарлав. Ийн саатсан нь уламжлал ёсоор өмнөх бүх эриний нэр нэгэнт дархлагдсан тул дахин ашиглаж болохгүйтэй холбоотой гэнэ. Японд энэ маягаар 200 гаруй эрин үе солигдсон байна. Харин өнгөрөгч оноос хойш Азийн түүхчид, хэл бичиг, утга зохиолын экспертүүд зөвлөлдсөний эцэст шинэ эринийг “Рэйва” хэмээн нэрийдэхээр болжээ. 

Рэйва гэх үгийг долдугаар зууны шүлэг, яруу найргийн “Манёшү” гэх яруу найргийн эмхэтгэлээс авсан байна. “Рэйва” гэх үг нь “Дэг журмаар энх тайвныг олох” гэсэн утгатай үгсийн товчлол бөгөөд шинэ хааны үед Япон улс эл зорилгын дор урагшилна хэмээн ойлгоход ч хэтийдэхгүй юм. Өөр нэгэн сонирхолтой үйл явдал давхцаж буй нь Японы хаанчлалын 200 гаруй жилийн түүхэнд Акихито хаан анх удаагаа “тэтгэвэртээ сууж” байна. Өөрөөр хэлбэл, өмнөх хаад амьд сэрүүн ахуйдаа хаан ширээгээ үр хүүхэддээ шилжүүлж байсан түүх үгүй. 

Тэрбээр хаан ширээгээ шилжүүлэхээ бүр 2016 онд зарлаж байсан юм. Тухайн үед хэт хөгширч албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болохоосоо өмнө сэнтийгээ хүүдээ шилжүүлж, тэтгэвэртээ гарах хүсэлтэй байгаагаа дурсаж байсан удаатай. Ямартай ч, ирэх сарын 1-нээс Японы эзэн хааны сэнтийд шинэ хаан заларч, улс орон даяар шинэ тоолол эхлэх нь ээ. Тус улсын парламент дөрөвдүгээр сарын 1-ний өдөр шинэ эриний нэрийг зарлаж буй нь ч учиртай. 

Японд жил бүрийн энэ өдөр хичээл эхэлж, сакура цэцэгс дэлгэрдэг юм. Тиймээс шинэ цагийн эхлэлийг бэлгэдэн эл өдөр зарлалаа.