ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголд өссөн залуу Украины Ерөнхийлөгч болох уу

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-02

Украины өнөөгийн Ерөнхийлөгч Петро Порошенкогийн бүрэн эрхийн хугацаа дуусч, дараагийн шинэ Ерөнхийлөгчийг тодруулах сонгууль өнгөрөгч ням гарагт боллоо. Тус сон­гуульд 39  улстөрч нэр дэвшин, бод­­логоороо өрсөлдсөн. Гэсэн ч санал тоол­логын дүн албан ёсоор гарахад ихэнх нь буюу 36 улстөрч 10 хүрэхгүй хувийн дэмжлэг авчээ. 

Харин ирэх жилүүдэд дахин Украиныг удирдахаар дэвшсэн Петро Порошенко, Ерөнхий сайд асан Юлия Тимошенко нар 18 болон 14 хувийн санал авсан бол “Ард түмний зарц” намаас дэвшсэн Владимир Зеленскийг хамгийн их буюу сонгогчдын 30.1 хувь нь дэмжжээ. Ийнхүү нэр дэвшигч­дийн хэн нь ч 50-иас илүү хувийн санал авч чадаагүй тул  Сонгуулийн төв хорооноос шийдвэрлэх шатны сонгууль явуулахаар боллоо.

Хоёр дахь шатны сонгууль энэ сарын 21-нд болох бөгөөд эхний шатанд хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан П.Порошенко, В.Зеленский нар Украины Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөнө. Товчоор өөрийгөө ард түмний зарц хэмээн тодорхойлсон хошин урлагийн жүжигчин В.Зеленский, “Шоколадны хаан” хочит тэрбумтан П.Порошенко нарын аль нэг нь ирэх жилүүдэд Украины бодлогыг тодорхойлохоор болж байна. Чихрийн “Рошен” үйлдвэрийн захирал, Украины тэрбумтан эдүгээ 53 настай П.Порошенко экс төрийн тэргүүн Виктор Януковичийг төрийн эрхээс буулгасан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний дараа буюу 2014 онд тус улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Тэрбээр тухайн үед Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд Крымыг буцаах чиглэлээр улс төрийн болон дипломат тэмцэл хийхээс гадна Европын холбоотой харилцаагаа хөгжүүлнэ гэдгээ амласан. Гэхдээ түүний бүрэн эрхийн хугацаанд гадаад бодлогынх нь эл хоёр амлалтын аль нь ч биелээгүй юм. Харин энэ удаагийн сонгуульд Украиныг УАЦЭ /Умард Атлантын цэргийн эвсэл/, болон Европын холбоонд элсүүлнэ гэж амласан ч, ард иргэд нь түүнд итгэл хүлээлгэсэнгүй. 2014 оны сонгуульд илт давуугаар буюу 50 гаруй хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулж байсан тэрбумтан энэ удаад 20 хүрэхгүй хувийн дэмжлэг авсан нь түүний рейтинг иргэдийнх нь дунд хэрхэн унасан бэ гэдгийг нотолсон хэрэг. Эсрэгээр шинэ удирдагч, шинэ бодлого хүсч буйгаа украинчууд илэрхийлээд амжлаа. 

“Ард түмний зарц”

Улс төрд ямар ч туршлагагүй, бусад нэр дэвшигчдээс нас залуу, мэдлэг мэргэжлийн хувьд ч онцгойрох зүйлгүй инээдмийн жүжигчин, шоумэн В.Зеленский Украины сонгуульд амжилттай оролцож хамгийн их санал авч чадав. Урьдчилсан санал асуулга болон Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтад хэрхэн өндөр рейтингтэй оролцож чадсан бэ гэдэг нь яг одоо шинжээчдийн гол ярианы сэдэв болж байгаа юм. Тодруулбал, шинжээчдийн ихэнх нь В.Зеленский уламжлалт бус арга хэрэглэсэн нь залуусыг өөртөө татаж чадсан хэмээн дүгнэж байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ уламжлалт уулзалт, хэвлэлийнхэнтэй уулзахын оронд инээдмийн шоунд илүүтэй оролцож байжээ. Мөн сонгуулийн штабын байрандаа ширээний теннис байрлуулж, ярилцлага авах хүсэлт тавьсан сэтгүүлчдэд “Теннис тоглоод ялбал ярилцлага өгье” гэх санаанд оромгүй хариулт өгч, аль болох сэтгүүлчдээс бултаж байсан гэх. Тиймдээ ч, манай улсаас 10 дахин их буюу 40 сая гаруй хүн амтай Украиныг өнөөгийн хямралын үед удирдах чадвартай хүн гэж түүнийг дүгнэх шинжээчид ховор байв. Гэтэл сонгуульд хамгийн их дэмжлэг авсан нь жинхэнэ утгаар дуулиан тарилаа. 

Амьдрал дээрх жүжиг

В.Зеленский өөрөө ч, түүний нам нь ч улс төрд шинэ. “Ард түмний зарц” нам 2018 оны гуравдугаар сарын 30-нд албан ёсоор бүртгүүлж байжээ. Уг нь хуульч мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаагүй. Гагцхүү “95 дугаар хороолол” гэх кино студийг байгуулж байжээ. Тэд “Ард түмний зарц” гэх телевизийн хит киног хийж, гол дүрд нь В.Зеленский тоглож байсан гэдэг. Үүнээс үзвэл сонгуулийн кампанитаа  аль эртнээс базаасан байх магадлалтай. Намын нэр тухайн кинотой давхцаж буйгаас гадна өгүүлэмж нь ч тун ойролцоо байгаа нь сонирхол татаж байгаа юм. “Ард түмний зарц” кинонд эгэл жирийн түүхийн багш Украины Ерөнхийлөгч болж буй тухай өгүүлдэг бөгөөд гол дүрд нь В.Зеленский тоглож байжээ. Киноны гуйвшгүй тууштай гол баатрын дүрээр хэдийнэ танигдаж чадсан нь жүжигчнийг П.Порошенко тэргүүтэй авлигад идэгдсэн улстөрчдөд итгэл алдарсан украинчуудаас дэмжлэг авахад нөлөөлсөн гэж зарим эх сурвалж онцолж байна. Хэрэв шийдвэрлэх шатны сонгуульд ялалт байгуулж чадвал кинон дээрх үйл явдал бодит болох билээ. 

Монголд өссөн хүү

Петро Порошенког олон улсын харилцааны асуудалд анхаарал хандуулдаг хэнбугай ч таних биз ээ. Тиймээс энэ удаа сонгуульд “битүү морь” гэгдэж буй В.Зеленскийн тухай мэдээллийг уншигчиддаа илүүтэй хүргэхийг зорилоо. Түүний талаарх мэдээлэл хайхдаа нэгэн сонирхолтой зүйл олж мэдсэн. Тодруулбал, Украины дараагийн Ерөнхийлөгч  болж мэдэх өндөр рейтингтэй яваа шинэ улстөрч бага насны зурвас үеэ манай улсад өнгөрүүлжээ. Тэрбээр 1978 оны нэгдүгээр сарын 25-нд одоогийн Украины Кривой Рог хотод төрсөн байна. Түүний эцэг математикч программист, техникийн ухааны доктор профессор Александр Семёнович Зеленский бөгөөд Монголд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг босгох ажилд гар бие оролцон, 20 гаруй жил ажиллаж амьдарч байжээ. Харин ээж Римма Зевенский нь инженер мэргэжилтэй гэнэ. Эцгийгээ дагаж Монголд ирсэн Владимир нэгдүгээр ангид элсэтлээ Эрдэнэт хотод дөрвөн жил амьдарсан байна. Түүний бага, балчир нас ингэж л “Эрдэнэт” хотноо өнгөрчээ. Харин дараа нь Украин руу буцаж, 1995 онд дунд сургуулиа төгсөөд Киевийн үндэсний эдийн засгийн их сургуульд элсэн хуулийн боловсрол эзэмшсэн ч, мэргэжлээрээ огт ажиллаагүй. Тэрбээр 2003 онд гэрлэсэн. Хоёр хүүхэдтэй аж. 

Сонгуульд “одгүй” Ю.Тимошенко

Украины Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажилласан атлаа Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа нэр дэвшээд бүтэлгүйтсэн Юлия Тимошенко энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн хүч үзсэн билээ. Гэвч, мөн л “өвдөг шороодож”, төрийн тэргүүний сонгуульд өрсөлдсөн туршлага нь дөрөв болж нэмэгдсэн юм. Хэрэв сонгуульд ялбал Украины зүүн нутагт энхтайван байдал тогтоож, Крымыг ОХУ-аас буцаан авахаа амлаж байв. Ю.Тимошенко 2011 онд Виктор Янукович Украины Ерөнхийлөгч байх үед ОХУ-тай хийсэн байгалийн хийн нийлүүлэлтийн гэрээнд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр долоон жилийн хорих ял сонсож байжээ. Харин 2014 онд Украинд засаг солигдсоны дараа суллагдсан байна. Улмаар энэ сонгуульд дахин нэр дэвшсэн ч, төрийн тэргүүн болох аз дутаж, бусад 36 нэр дэвшигчийн хамт эхний шатнаас хасагдлаа. ОХУ, Европын холбооны дунд байрладаг геополитикийн чухал талбар болох 42 сая хүн амтай Украиныг цаашид ямар хүн удирдах нь ойрын сар орчим хугацаанд олон улсын анхаарлын төвд байх нь.