ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сэржмядаг охины сураг гарчээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-06-07

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдарч байсан найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон билээ. Охиныг ЦЕГ-ын Мөрдөн шалгах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг таван сарын турш хайсны эцэст уг хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр сэжигтнийг илрүүлэн баривчилсан байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас сэжигтнүүдийг хэзээ илрүүлж баривчилсан талаар тодруулахад “Энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй”  хэмээн хариулт өгөхөөс эрс татгалзсан юм. 

Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр охины амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх таамаг байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан хоёр сэжигтнийг баривчилсан нь үнэн гэсэн юм. Харин тэдгээр хүмүүс нь хамаатны хүмүүс байсан эсэх нь тодорхойгүй байна. 

Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12.30 цагийн үед ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусч байсан учраас авч чадаагүй аж. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байжээ. Охиныг алга болсныг ар гэр нь мэдсэн даруйдаа орон нутгийнхаа цагдаад өргөдөл гаргаж, тухайн өдрийн 18.00 цагаас хойш 200 гаруй хүн, цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлсэн самналт хийсэн боловч олоогүй юм. Охин Замын-Үүд сумын хоёрдугаар бөгөөд сургуулийн 3а ангид суралцдаг байсан тухайн өдөр сургууль дээрээ огт очоогүй байдаг юм. Охиныг хамгийн сүүлд гэрээсээ гараад сургууль руугаа явж байхыг хөрш айлынх нь хүүхэд харсан байдаг аж.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэхүү ноцтой хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүй ажиллаж байгаа бөгөөд охиныг олдох хүртэл эрэн хайх ажиллагааг зогсоохгүй гэв.