ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

В.Путин: Ялагч ард түмэнд ялалтын баярын мэнд хүргэе

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-05-09

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн сүрт парад ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар 10:00 цагт эхэллээ. Жагсаалд цэргийн 13600 албан хаагч оролцож,  тус улсын батлан хамгаалах салбарын өнөөгийн хүч чадлыг тодорхойлох 130 гаруй дугуйт болон гинжит техник, зэвсэг, 74 нисдэг тэргээ дэлгэн харуулав. 

Тодруулбал, “Искандер-М”, пуужингийн систем, стратегийн “Яарс” пуужин, “Армата” систем, БМП “Курганец”, “БТР “Бумеранг” танк, стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95МС, Ту-22М3, сөнөөгч Су-35С болон Су-30СМ зэрэг агаарын 74 хөлөг үзүүлэв. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан агаарын үзүүлбэрийг цуцалсан аж. Цэргийн парадыг уламжлал ёсоор ОХУ-ын Батлан хамгаалах сайд Сергей Шойгу командлав. Энэ жилийн Ялалтын баярын парадад гадны ямар ч улсын төрийн тэргүүн оролцсонгүй. Украины Крымын зарим хэсгийг ОХУ өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсний дараа Ялалтын баярын парадад гадны удирдагчид оролцохоо больсон билээ. 2018 онд гэхэд Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар хүрэлцэн ирж байсан бол 2017 онд Молдавын Ерөнхийлөгч Игор Додон л оролцож байжээ.

 

Харин энэ жил аль ч оронд урилга илгээгээгүй гэдгийг  ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн билээ. Гэсэн хэдий ч Казахстаны анхны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев баярын жагсаалын хүндэт зочин болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамтаар Улаан талбайн индэрт гарлаа.  Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч В.Путин ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ “Дайнд ялалтын төлөө амиа өргөсөн, одоо бидэнтэй хамт байхгүй байгаа хөвгүүд, охид, эцэг, эхчүүд, нөхөр, гэргий, ах, эгч, дотны нөхөд, ахмад дайчдаа толгой бөхийн хүндэтгэе” хэмээж, нэг минут дуугаа хураан гүн хүндэтгэл үзүүлэв. Улмаар үргэлжлүүлэн “Бидний бахархал, уйтгар гунигт өдөр нацизмыг ялсан эх орныхоо хамгаалагч нарт талархаж байна. Өнөөдөр тэд бүгд ялалтад хүрлээ. Манай орны түүхэнд баатарлаг ялалт олон бий.

Гэхдээ нацистуудыг ялсан нь бидний түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. Өнөөдөр хэд, хэдэн улс дайны үйл явцыг буруугаар тайлбарлаж байгааг бид харж байгаа. Жинхэнэ баатруудыг хамгаалах нь бидний ариун үүрэг. Тэд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа ч гэсэн ялалтыг нь хэн ч булааж чадахгүй. ОХУ терроризмын эсрэг хүчтэй зогсож, бүгдтэй нь хамтран ажиллахад нээлттэй байх болно. Ялалтын баярын өдөр бол та бүхний баяр. Энэ баяр залуу үеийг ахмад дайчидтай хамгийн их ойртуулдаг баяр. Би та бүхнээр бахархаж байна. Фашист Герман орос улсыг маш богино хугацаанд эзэлж авна гэж бодсон.

Олон зуун жилийн түүхтэй Орос улсыг шүү дээ. Маш олон цэрэг сургуулийн ширээнээс явсан. Гэвч тэд буцаж ирсэнгүй, үүрд фронтод үлдсэн юм. Ялагч ард түмэнд Ялалтын баярын мэнд хүргэе. Ура” хэмээв. 
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор парадын агаарын үзүүлбэр цуцлагдсан тул сүрт парад ийнхүү өндөрлөсөн юм. Үүний дараа Москвагийн өнцөг булан бүрт баярын үйл ажиллагаа эхэлж, “Мөнхөд дуурсагдах дайчид” жагсаал уламжлал ёсоор Улаан талбайд 15.00 цагт боллоо. Уг жагсаалд 700 мянган хүн оролцохоор бүртгүүлжээ. Мөн дайны цаг үеийг харуулсан урлагийн тоглолт болсноос гадна гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байна.