ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТЕГ: Хар тамхи зөөсөн дипломатын хэргийг Герман улс өөрийн хуулиар шийднэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-06

Истанбул дахь Консулын газрын ажилтан жолоочийн хамт Германы хилээр 70 кг геройн буюу хар тамхи их хэмжээгээр тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдсан хэрэг гарч, шуугиан тариад байгаа билээ. Энэ асуудлаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, тайлбар өглөө. 

Тэрбээр “2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа дэд консул Б.Баттүшиг гэдэг дипломат жолооч Эрдэнэбилэгийн хамт Чех улсаас Герман руу нэвтрэх үедээ саатуулагдсан. Дипломат дугаартай автомашинтай явж байхад нь саатуулсан байдаг. Улмаар шалгаж үзэхэд, 70 кг герион авч явсан нь илэрсэн. Үндсэндээ үйлдэл дээрээ баригдсан гэсэн үг. Энэ асуудалтай холбогдуулаад Германы прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна. 

2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай авто машин ашиглан хууль бус эд зүйл хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсан. Үүний дагуу ТЕГ, ГХЯ хамтран хэд хэдэн чиглэлээр шалгаж байна.  Мөн  ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байх үед тавдугаар сард энэ хэрэг гарсан. 

Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй. Тэгэхээр энэ   хэрэг Германы хуулийн дагуу шийдэгдэнэ. Нарийн шалгаж үзэхэд, дипломат дугаартай автомашин нь хувийн машин байсан. Дипломатууд тухайн орныхоо албан хүмүүст хүсэлт тавиад, хувийн машиндаа дипломат дугаар авах боломжтой байдаг. Хэрэг үйлдэхдээ ийм машиныг ашигласан.  Хэргийг цааш нь судлах шаардлагатай. Ямар учраас дипломат дугаар олгосон, яагаад Туркэд үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд Германд явж байсан. Их хэмжээний   хар тамихийг хаанаас олж авсан, хэн нийлүүлэв гэгчлэн тодруулах шаардлагатай зүйл нэлээд байгаа” хэмээлээ.  Түүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.  

-Б.Баттүшиг гэдэг хүн танайхаас томилогдож очсон юм уу?

-Б.Баттүшиг бол өмнө нь тагнуулд ажиллаж байсан.  ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан. Улмаар   дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон  ажилтан. 

-Тэр хүн “Би тагнуулаас томилогдсон хүн” гээд бусдын үгийг үл тоож, дураараа авирлаж байсан гэсэн мэдээлэл гарсан?

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Би сая хэллээ, энэ хүн ГХЯ-наас томилогдож очсон.  

-ГХЯ-наас энэ хүн удаа дараа хууль бус үйлдэл гаргасан мэдээлэл ирсэн. Шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан гэсэн?

-Ерөнхийдөө тагнуулын байгууллагын шугамаар мэдээлэл орж ирсэн. Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Тэр тусмаа хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэх нь маш ноцтой. Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогсон нь анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа.