ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шинэ эрин” сургууль 1250 хүүхдээс 31 сая төгрөг хурааж, хохироожээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-19

“Монгол  Ньюс” мэдээллийн төвд өчигдөр  “Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын 40 тестийн дөрөв нь алдаатай байсан талаар тус сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Шинэ эрин” сургууль дунд анги буюу зургадугаар ангидаа шинээр элсэлт авсан байна. Тус сургуульд  элсэн суралцах  хүсэлтэй нийт 1250 орчим хүүхэд бүртгүүлж, шалгалтыг энэ сарын 16-ны өдөр авчээ. Шалгалт дууссаны дараа алдаатай бодлого байсан талаар хүүхдүүд эцэг,  эхдээ хэлсэн  байна. Тиймээс  эцэг,  эхчүүд гомдолтой байгаагаа тус сургуулийн захиргаанд  мэдэгдсэн боловч, ямар нэг арга хэмжээ авахгүй, асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас хэвлэлийн бага хурал хийхэд хүрсэн гэлээ. 

Эцэг, эхийн төлөлөл  н.Энхбаяр  “Шалгалт А, Б варианттай. Вариант тус бүрт хоёр, хоёр алдаатай бодлого байсан. Зарим бодлогын хариу нь огт байхгүй.  Заримынх нь хоёр хариулт нь зөв байсан.  Бүртгэлийн хураамж гэж хүүхэд бүрээс 25 мянган төгрөг авсан. Нийт 31 сая төгрөг. Энэ нь шалгалтыг зохион байгуулахад хүрэлцэхүйц мөнгө гэж бодож байгаа. Шалгалтын үйл явц, шалгалтын материал алдаатай байснаас  болж  1250 хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Энэ жил зургадугаар ангидаа 48-52 хүүхэд авна гэсэн. Хүүхдүүд маш өндөр шалгууртайгаар ордог. Сургуулийн захирал  н.Амартүвшинтэй уулзахад,  “Манайх шалгалтаа мэргэжлийн хүмүүсээр бэлдүүлдэг. Бэлдсэн материалыг бодлогын комисс хянадаг.  Комисс алдах ёсгүй” гэсэн.  Иймээс бидний хүсэж байгаа зүйл бол шалгалтыг үнэн, шударгаар дахин явуулаач ээ.  Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй бол бид Кембриджийн тогтолцоонд нь хүртэл хандана” хэмээлээ.

Дашрамд дурдахад,  “Шинэ эрин”  Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан  яамны харьяа улсын сургууль юм. 

Б.Эрдэнэтуяа