ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар ажилчнаас “Диктатор” болсон зам

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-20

Казахстаны түүх бол түүнийх, түүний амьдралын түүх бол Казахстаных. Дунд Ази, Дорно Европыг дамнан орших эл улс хийгээд 30 жилийн турш тус улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Нурсултан Назарбаев хоёрыг нэг нэгээс нь салгаж тодорхойлох боломжгүй мэт. Тиймээс л түүнийг “Казахстаны эцэг” хэмээн тодорхойлдог биз ээ. Эгэл жирийн борог амьдралтай айлын ган хайлуулах үйлдвэрийн ажилтан хүү чухам ямар шат, саад бэрхшээлийг давж, улсынхаа хамгийн хүчирхэг хүн болов. Энэ түүхийг “Дэлхийн хүн” булангаараа дамжуулан уншигчиддаа сонирхуулахаар бэлтгэлээ. 

 

Тариачнаас намын гишүүн

Нурсултан Назарбаев тун удахгүй 79 насны босго алхана. Тэрбээр 1940 оны долдугаар сарын 6-нд Алматы мужийн Чемолган гэх бяцхан тосгоны  жирийн нэгэн ажилчны гэр бүлд төржээ. Тухайн үед Казахстан Зөвлөлт холбоот улсын нэг бүрэлдэхүүн хэсэг байв. Түүний аавыг нь Абиш, ээжийг нь Альжан гэдэг байсан бөгөөд эцэг нь  нутгийнхаа нэгэн баяны гар хөлийнх нь үзүүрт зарагдаж, олсон хэдэн төгрөгөөрөө гэр бүлээ тэжээдэг байжээ. Тэднийх мөн өөрийн хэрэгцээний тариалангийн талбайтай байсан ч, 1930-аад оны үед Сталины бодлогын дагуу газрыг нь улсын мэдэлд хураан авсан гэдэг. Хэрэг явдал төсөөлснөөс дордож эхлэхэд гэрийн эзэн гэр бүлээ дагуулан ууланд гарчээ. Тэд нүүдэлчин амьдралаар амьдарч, ан гөрөө хийн мал маллах болсон аж. Харин хүйтэн дайны он жилүүдэд Абиш цэргийн албанд татагдаагүй гэдэг. Ой хээрийн түймэр гарахад галыг унтраахаар ажиллаж байхдаа гараа түлсний улмаас цэргийн албанд тэнцсэнгүй. Улмаар дайн дууссаны дараа Чемолган тосгондоо эргэн ирж, тэндээ гэр бүлийнхнийхээ хамт амь зуух болжээ. Чухам тэнд Казахстаны ирээдүйн Ерөнхийлөгч мэндэлсэн байна. Тэдний амьдрал сайн сайхан, бүх зүйл элбэг хангалуун байсангүй. Гэвч, хүүгээ өөрсдөөс нь илүү сайн сайхан амьдраасай гэсэндээ эцэг нь гэртээ ч, тариалангийн талбайд ч гар хумхилгүй зүтгэж, ямар ч ажлыг гололгүй хийдэг байв.

Назарбаев ч эцгийнхээ амьдралын төлөөх тэмцлийг хажуугаас нь харж, чадлынхаа хэрээр тусладаг байж.  Назарбаев багаасаа орос хэлийг маш сайн сурчээ. Каскеленгийн дунд сургуульд суралцаж байхдаа дотуур байранд амьдарч, ангийнхаа шаггүй сурлагатай хүүхдүүдийн нэг байсан аж. Багаас хүнд хүчир амьдралд өссөн нь эцгийгээ дагаж, амьдралын ухаанд суралцсан нь, түүний хуримтлуулсан мэдлэг ч сайн суралцахад нөлөөлсөн байж мэднэ.  Гэвч, дунд сургуулиа төгссөний дараа Алма Ата хотын их сургуулийн химийн ангид суралцахыг хүссэн ч, чадалгүй  Засгийн газрын тэтгэлгээр Украины Темиртауд ган хайлуулагч гэх тусгай мэргэжил  эзэмшчээ. Суралцаж байх хугацаандаа чөлөөт цагаараа Днепропетровскийн гангийн үйлдвэрт дадлага хийж, тасралтгүй суралцсаар байсан гэдэг. Ингэснийхээ хүчинд 20 гаруйхан насандаа үйлдвэрийн хамгийн аюултай, хамгийн бэрх ажил болох тэсэлгээний хэсэгт ажиллаж, тухайн үедээ л хамгийн өндөр цалинг авч байжээ. Гэхдээ энэ бүгд түүнд хангалттай санагдсангүй. Тэр улс төрд орохоор шийдэв. 1962 онд буюу 22 насандаа Коммунист намд элсэж, намын дэргэдэх залуучуудын холбооны гишүүн болжээ. Тэр намын ажилд ханцуй шамлан орж, хажуугаар нь Карагандын политехникийн дээд сургуульд элсэн суралцсан байна. Намд элссэнээс хойш 10 жилийн дараа анхны албан тушаалаа хүлээн авсан нь Карагандын металлургийн үйлдвэрийн намын хорооны дарга, үүнээс дөрвөн жилийн дараа Карагандын бүсийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга болов. 

 

“Казахстаны Үндэстний эцэг”

Удалгүй тэр сайд нарын зөвлөлийн дарга, Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болжээ. ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн байна гэдэг бол эрх мэдэл бүхий өндөр албан тушаал гэдгийг социалист системийн тогтолцоо, дэглэмийг мэддэг хүн бүхэн ойлгоно. Түүхийн баримтыг сөхөхөд, Михаил Горбачев, Борис Ельцин нар 1991 оны долдугаар сарын 29-нд Ново-Огаревад ЗХУ задран шинэ холбооны улс байгуулахаар тохиролцож, тэргүүнээр Назарбаевийг томилохоор тохирсон гэдэг. Гэвч Орос орон даяар өөрчлөл шинэчлэлтийн салхи хуйлран Бүгд найрамдах улсууд бие даан тусгаар тогтнож эхэллээ. Назарбаев 1991 онд тусгаар тогтнолоо зарласан Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч боллоо. ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсан олон БН улсад байсан жишгээр Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар шинээр тусгаарласан улсынхаа Ерөнхийлөгч болсон жишгээс Казахстан гажаагүй юм. Тусгаар улс шинэ Ерөнхийлөгчөө 98.8 хувийн саналаар сонгосон.  Ийнхүү Казахстан дахь Назарбаевын эрин үе эхэлсэн юм. Зах зээлийн эдийн засгийг тууштай хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад үүд хаалга цэлийтэл нээлээ. Үүнд Казахстаны байгалийн баялгийн нөөц, тэр дундаа газрын тос, ураны нөөц ихээхэн дэм болсон гэдгийг дурьдах нь зүйтэй. Нийслэл Алма Ата хотоо нүүлгэж Астана гэсэн шинэ нийслэлийг цогцлоов. Хэдийгээр эдийн засаг дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж байвч улс төрийн шинэчлэлийн ойлголт орхигдож, улам бүр нэг хүний дарангуйллыг санагдуулж эхлэв.  “Үндэстний эцэг” хэмээх үг ч үүний илрэл юм. Нийслэл Астана хот эдүгээ түүний нэрээр буюу Нурсултан гэж газрын зурагт тэмдэглэгдэхээр болсон билээ. Эдийн засгаа цэцэглүүлсэн шигээ тэр авлигыг мөн үндэслүүлж, сөрөг хүчний дуу хоолойг боомилж, хэвлэлийн эрх чөлөөг хумиж, ардчилсан парламентаа өөрийн дохио зангаагаар хөдөлгөж эхэлсэн. Гэхдээ улс орны тогтвортой байдлыг хангахын тулд гэх шалтгаанаар 30 орчим жилийн дараа Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан юм. Гэсэн ч бодлогыг нь дэмжигч, шүтэн бишрэгч нэгэн түүнийг орлох болсон билээ.

 

Дуулиант гэр бүл  

Коммунист намын гишүү­нээр элсэж, улс төрийн карьераа эхлүүлж явахдаа Назарбаев гэрлэжээ. 1962 онд тэр Сара Алпыскызы гэх бүсгүйтэй гэрлэж, хосууд Дарига, Динара, Алия гэсэн гурван охинтой болсон байна. Гэр бүлийнх нь амьдрал төдийлөн дэлгэгдээд байдаггүй ч, том хүргэн нь “Загалмайлсан хадам эцэг” гэх ном бичиж хэвлүүлснээр Назарбаевын талаарх олон хачирхалтай зүйлс ил болсон гэдэг. Хүүхдүүдээс нь том охин Дарига Назарбаева улс төрд хүчин зүтгэдэг. Тэр Гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын сенатын хорооны дарга, Ерөнхий сайдын орлогчоор томилогдож байсан бөгөөд нөхөр Рахат Алиев гэх улстөрч залуу байсан юм. Гэвч, Рахат Алиев тийм ч сайн хүргэн байсангүй. Хадам эцгийнхээ нөлөөгөөр Дотоодын тагнуулын алба, Гадаад хэргийн яамны ахлах албан тушаал, хожим  нь Австрид суух Элчин сайдаар томилогдож байв. Хачирхалтай нь, 2004 онд Рахат Алиевын нууц амраг өндөр барилгаас үсэрч, нас барсан байдалтайгаар олдсон бөгөөд үүнээс гурван жилийн дараа тэ; салсан. Өөрөө гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй байсан ч, Нурсултан Назарбаевын тулгалтаар гэр бүл цуцлуулсан ч гэх нь бий. Харин зарим хэвлэлд гэр бүл салах процесс түүнд мэдэгдэлгүй өрнөсөн ч гэж дурдсан байдаг. Р.Алиев, Дарига Назарбаева нарын дундаас хоёр хүүхэд төрсөн юм. Дуулиант хүргэн нэгэн удаа “Би эхнэрээсээ салсан гэдгээ сая л мэдлээ. Тэд баримт дээр миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна. Эхнэр маань над руу ярихдаа эцэг нь түүнд тулгасан, үүнийг хийхээс өөр аргагүй гэж надад хэлсэн” хэмээн хэвлэлд ярьж байв. Тэр жилээ Алиев хүн амины хэрэг болон хүн хулгайлдаг бүлэглэлийг ашиглан төрийн эргэлт хийхийг санаархсан хэрэгт буруутгагдан ял шийтгэгдсэн бөгөөд Австрийн шоронд хоригдож байхдаа буюу 2015 онд амиа егүүтгэжээ. Нас барахаасаа хоёр жилийн өмнө “Загалмайлсан хадам эцэг” гэх ном бичсэн байдаг. Тус номд Назарбаевын 5000 ширхэг цагны үнэт цуглуулга, загвар өмсөгч бүсгүйчүүдтэй үүсгэсэн янаг амрагийн явдлынх нь тухай ний нуугүй бичиж байжээ.  Харин Назарбаевын дунд охин Динара Кулибаева бол тэрбумтан. Түүний нийт хөрөнгийг хоёр тэрбум гаруй ам.доллар гэж хэвлэлд мэдээлсэн байдаг. Хамгийн бага охин Алия Назарбаевагийн хувьд барилгын компанийн компанийн эзэн, хуульч мэргэжилтэй. Мөн үл хөдлөх хөрөнгийн фирм тэргүүлдэг байна.