Т.Бархүү “Яг түүн шиг”-ийн хагас финалын шилдгээр шалгарч, 18 сая төгрөг авлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-01

“Эндемол Шайн” группын албан ёсны эзэмшилтэй “Яг түүн шиг” шоуг Монгол Улсад зохион байгуулдаг болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Ням гараг бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй энэхүү шоуг дөрөвдүгээр улиралд өмнөх гурван улирлын шоунаас шилдэг байж чадсан найман оролцогчийг сонгон авч уралдуулсан юм.

Шоу эхэлснээс хойш нийтдээ есөн дугаар үзэгчдэд хүргэсэн ч энэ дунд жүжигчин Т.Бархүү авсан дүр бүхнээ чадварлаг бүтээж, дүрдээ уусаж чадаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл түүнд ялагчийн шагналыг өгөөгүй. Нэвтрүүлгийн дунд дуучин Б.Халиунтай хамтран хослол дуугаар өрсөлдөхөд нэг удаа ялагч болсныг эс тооцвол дандаа хоёрдугаар байрт шалгарч байсан юм. Энэ нь олон хүний бухимдлыг төрүүлсэн гэхэд болно.

Тэгвэл өчигдөр нэвтрүүлгийн хагас финал буюу есдүгээр дугаар үзэгчдэд хүрэв. Энэ дугаарт оролцогчид бүгд өөрсдөө уран бүтээлчээ сонгож, мөн дуэт буюу өөр уран бүтээлчтэй хамтарсан уран бүтээл хүргэх даалгавар авсан. Тэр ёсоор өчигдөр маш олон уран бүтээлчид “Яг түүн шиг-ийн тайзнаа гарч ирэв. Хоёр Амархүү, хоёр Ганхүү, хоёр Жаргалсайхан, хоёр Оюунтуул гээд олон ч зүйлээрээ үзэгчдэд сонин содон байлаа.

Нэвтрүүлгийн оролцогчид ямар уран бүтээлчийг сонгосныг хүргэвэл:

-Б.Халиун: Ука  Luuya, Lil Thug E нарын “Хайртай гэж хэлээч”

-Б.Амархүү: Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатар нарын “Монголын тал нутаг”

-Б.Маралжингоо- Том Жагаа, дуучин С.Наран “Хамтдаа дуулъя”

-Т.Бархүү: Б.Амархүү ба “Гурван охин” хамтлагийн “Зүрх минь чам руу”

-Б.Нацагдорж: дуучин Г.Ганхүү, Гитарчин Өөжгий нарын “Сайхнаа чи минь”

-С.Сарнай: Big Gee & Vandebo /Зогсохгүй/

-А.Баярцэнгэл: Төрийн соёрхолт Д.Болд, “Шуранхай хамтлаг” “Хээрийн салхитай аялгуу”

-Г.Сүндэрмаа: МУГЖ Т.Ариунаа& Т.Дэлгэрмөрөн “Шөнө дундын бүжиг” жүжгийн дууг тус тус дуулж, үзэгчдэд хүргэв. Тэгвэл энэхүү дугаарын шилдгээр Борхүүгийн Амархүүг яг түүн шиг дуурайсан жүжигчин Т.Бархүү 69 оноогоор тэргүүлж, шилдгээр шалгарав. Тэрбээр, гурван шүүгчээс тус бүрт нь 12 оноо авснаас гадна нэвтрүүлгийн бусад оролцогч нарынхаа гурван оноог бүгдийг нь цуглуулсан юм. Үүнээс гадна хагас финал учраас мессеж санал авсан бөгөөд нэвтрүүлгийн туршид тэрбээр 17 мянга гаруй үзэгчийн санал авч, бусдаасаа хол тасархай тэргүүлсэн юм. Хагас финалын шагнал болох 10 сая төгрөгийг тэр авлаа. Үүнээс гадна нийт есөн дугаарын турш оноогоор тэргүүлсэн оролцогч болж, мөн л найман сая төгрөг авлаа. Харин онооны нийлбэрээр тэргүүлсэн дараагийн хоёр оролцогч болох А.Баярцэнгэл, Г.Сүндэрмаа нар тус бүртээ дөрөв, дөрвөн сая төгрөг авсан юм. Дашрамд дурдахад, өчигдрөөс эхлэн Төрбат Бархүү гэх хуурамч хаягнаас “Лайк, шэйр хий. Лайв хийж азтан шалгаруулаад таван сая төгрөгөөр урамшуулна” гэх хуурамч мэдээлэл авч эхэлжээ. Жүжигчний хувьд ямар нэг тийм уралдаан зарлаагүй бөгөөд энэ нь хуурамч хаяг аж.