М.Батхишиг: Хүүхэд нас минь мөнхөрсөн энэ кинондоо хайртай

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-18

Монголын үзэгчдийн сайн мэдэх “Гарын таван хуруу” уран сайхны киноны багын дээдэх болох  Элбэгт тоглосон хүүг хаана явдаг юм бол гэсэн уншигчдынхаа асуултын мөрөөр хайж явсаар олж, “Тэд хаана явна” буландаа урьж, ярилцлаа.  

-Сайн байна уу,  Элбэг ээ.  Киноноос хойш 30 гаран жил шахам чимээ алдарчихаж. Хаагуур яваад байна даа?

-Намайг Магсаржавын Батхишиг гэдэг юм. Гэхдээ мэдэх нэгэн нь “Гарын таван хуруу” киноны Элбэгээр нь хааяа нэг дууддаг. Сайхан санагддаг юм. Хувийнхаа амьдралыг л зохицуулж явах шив дээ. Одоо Дорноговийн Замын-Үүдэд эхнэр хүүхдийнхээ хамт амьдарч байна.

-Таны аавыг “Гарьд магнай” киноны Равсал панзад тоглодог Монгол Улсын гавъяат жүжигчин Магсаржав агсан гэдгийг мэднэ. “Гарын таван хуруу” кинонд тоглоход аавын нөлөө байв уу.  Яаж энэ дүрд сонгогдсон юм бол?

-Миний аав Магсаржавыг Монголын үзэгчид андахгүй ээ. Би хоёр дахь хүү нь юм. Аав Дарханы театрын жүжигчин байсан. Би хүүхэд байхын л аавыг дагаж ийш тийш их явна. Залуучууд театр дээр ихэнх цагаа өнгөрөөнө. Тэр бүхэн нөлөөлсөн гэж би одоо ч боддог.  Багаасаа л театрт хайртай, урлагт дуртай байлаа. Олон дугуйланд явдаг. Залуучууд театрын олон бүтээлүүдэд оролцож байсан. 1981 оны намар ийм кино хийх гэж байгаа гээд баахан хүүхдүүд шалгасан гэдэг юм билээ. Манай Дарханд зураг авалтынхаа ихэнхийг хийсэн кино шүү дээ. И.Нямгаваа найруулагч намайг шалгаж,  дуу дуулуулж, шүлэг уншуулж байсан. Хамгийн хөгжилтэй нь эргээд бодоход бүжиг хийж чадах уу гэхэд нь “Чадна аа” гээд л өөрөө амандаа аялаад л бүжиглэмээр аядаж байсан санагдана. Бодвол тэгээд тэнцсэн юм байлгүй. 

-Өөрийг тань урлагийн хүн болох байх гэж тэр үеийнхэн ярьдаг байсныг санаж байна. Яагаад өөр мэргэжил сонгов? 

-Харин нэг тийм л юм болчихож. Би токорь­чин бол­сон. Тэгээд л мэргэжлээрээ нэг хэсэг ажилласан. Урлагтаа хайртай, дуртай хэвээрээ л байгаа. Мэргэжлийн биш гэж голохгүй, намайг дуудах юм бол би эргээд уран бүтээл хийхэд бэлэн байна.

-”Гарын таван хуруу”-наас өөр дэлгэцийн уран бүтээлд тоглосонгүй юу?

-Аавыгаа мэнд сэрүүн байхад хамтдаа “Ус дээшээ урсдаг” хэмээх уран сайхны кинонд жижиг ч гэлээ нэг дүрд тоглоод авсан шүү.

-Ам бүл олуулаа юу?

-Би чинь хоёр хүү, хоёр охинтой, нэг ачтай өнөр бүлийн тэргүүн болсон доо. Удахгүй зээгээ тосох гээд  хүлээж байна

-Хотод ямар ажлаар ирэв?

-Ах маань бие тааруу гээд ирсэн. 

-Саяхан “Гарын таван хуруу” киноны уран бүтээлчид уулзсан гэсэн. Тэр сонин сайхнаасаа хуваалцаач?

-Харин тэглээ, их сайхан уулзалт боллоо. Киноныхоо ээжтэй /МУГЖ Ш.Цэцэг/, дүүтэйгээ /Н.Бат-Амгалан, найзтайгаа /Б.Гантигмаа/, хүргэн ахтайгаа /МУГЖ О.Бат-Өлзий/ уулзлаа. Үнэхээр сайхан байлаа. Төрсөн ах дүүтэйгээ уулзсан мэт сайхан байсан. Харамсалтай нь  хаяад явдаг ч гэлээ аав маань /УГЗ Л.Лхасүрэн/, эгч маань /жүжигчин Я.Оюунцэцэг, хоёр ах маань /Л.Ганхуяг, Д.Баярсайхан/ бурхан болцгоожээ. 

-Киноны ихэнх зургийг Дарханд авсан ч хотод бас нэлээд зурагтай байсан байх.Тэр үед хичээл номоо яаж зохицуулж байсан бэ?

-Энэ кино маань 10 бүлэгтэй бүрэн хэмжээний уран сайхны кино шүү дээ. Зураг жил тойрон үргэлжилсэн. Дарханд зураг авалттай үед Н.Бат-Амгалан  ээжтэйгээ “Хараа” зочид буудалд амьдраад, Дарханы сургуульд сурч байсан. Хотод зурагтай үед би хотын сургуульд түр шилжиж ирээд сурдаг байсан. Бидний хичээл номыг тасалдуулахгүйгээр тэгэж зохицуулж байсан. Манай киноны найруулагч Б.Балжинням гуай, И.Нямгаваа ах хоёр байсан. Зураглаачаар н.Балжинням гуай ажиллаж байсан. 

-Уран бүтээлийн шагнал гэж их мөнгө авсан уу?

-Сая харин уулзах үеэрээ Гантигаа бид хоёр ярьж байлаа, энэ талаар. Уран бүтээлийн шагнал гэж мөнгө төгрөг өгсөн л байлгүй. Бужгар ах /Гантигмаагийн аав/, манай аав хоёр л авсан байх. Бид хоёр санахгүй байгаа юм.  Тухайн үед манайх том өрөөний сервант, диван, кресло энэ тэр аваад жигтэй хэн гоё айл болоод байсан даа. Тэр л миний мөнгө байсан юм болов уу л гэж бодоод байгаа. Н.Бат-Амгалан бол уран бүтээлийн шагнал авч байсан гээд мэдээд байдаг юм билээ.

-Киноны зураг авалтын үеийн дурсамжтай мөчүүд­ээсээ хуваалцаач?

-Би бага байсан ч тэр цаг үе хамгийн сайхан. Кинонд шинэ байранд ордог хэсгийн зураг байдаг даа. Тэр л их сайхан тод санагддаг. Дарханы Залуучууд театрын уран бүтээлчид, аав ээжүүд ирчихсэн. Бужигналдаад  л их сайхан байсан. Натурт авахуулсан зургууд гээд ер нь л эргээд бодоход хамгийн сайхан, гэгээн тийм л хүүхэд нас минь дэлгэцэд мөнхрөн үлджээ.

-Магсаржав гавъяатынх бас өнөр айл байх аа. Та хэд дэх хүүхэд нь вэ. Аавынх нь мэргэжлийг өвлөсөн хүүхэд байна уу?

-Манайх долоон хүүхэдтэй. Би дээрээсээ хоёр дахь нь. Кинон дээр доороосоо хоёр дахь нь боловч амьдрал дээр дээрээсээ хоёр дахь хүүхэд юм. Миний хамгийн бага дүү М.Наранмөнх аавынхаа нэрийг гаргаад,  жүжигчин болоод сайхан уран бүтээлүүд туурвиад явж байна. Дүүгээрээ их бахархдаг. Бас М.Наранцацрал гэж нэг охин дүү маань бий. Тэр бас урлагт их дуртай. “Хойд эх” гээд уран сайхны кинонд тоглосон. 

-Өөрийг тань багадаа ихэд хөдөлгөөнтэй, сэргэлэн хүү байсан гэдэг. Эхнэрээ их л багаасаа эргүүлсээр байгаад авч суусан гэх юм билээ. Тэр үеийн хөгжилтэй түүхээсээ хуваалцаач?

-Миний ханийг О.Даваасүрэн гэдэг.  Бид долдугаар ангиасаа үерхэж гүйсээр л яваад ханилцгаасан даа. Хань минь  эмч хүн. Одоо Замын-Үүддээ эмчээр ажиллаж байна. Бид чинь эмээ,  өвөө болцгоосон. Ач хүү Энэрэл, бага хүү Төрболд хоёртоо л одоо ч хамаг л цаг зав, хайр энэрэл бүхнээ  зориулж байна даа.  

-Та хэд телевизийн нэвт­рүүл­гээс гадна гэр бүлээрээ нэг “сэм” уулзацгаасан уу. Тэр уулзалт­ын сониноос хуучлаач?

-“Гарын таван хуруу” киноны хамгийн бяцхан багачууд байсан бид хэд гэр бүлүүдээрээ нэг уулзсан шүү. Б.Балжинням найруулагчийн  хүү  биднийг уулзуулж,  шинэ нэвтрүүлгийнхээ анхны дугаарт зочноор оролцуулсан.  Миний дүү /Бат-Амгалан/ мэргэжлээ сольж,  тогооч болсон. Амгаа маань өөрийн гарын хоолоор дайлсан. Бөөн л дуу шуу, инээд наргиан, ёстой сайхан байлаа.