Б.Тамир: Олон ангит кино хийж чаддаг уран бүтээлчид байдаг шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-30

“Фантастик” продакшны уран бүтээлчид 10 жилийнхээ ойд зориулж “37-р точка” хэмээх 20 ангит уран сайхны кино бүтээсэн билээ. Кино ирэх сарын 9-ны өдрөөс IPTV-гээр цацагдах юм. Харин 21-ний өдрөөс бямба гараг бүр NTV, STAR телевизээр үзэгчдэд хүрэх учиртай. Тэгвэл киноны зохиолыг бичиж, найруулсан найруулагч Б.Тамиртай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. 

-“37-р точка” кинонд 1970, 1980-аад оны үеийн атамануудын амьдралын тухай өгүүлэх юм байна гэж ойлголоо. Яагаад энэ сэдвийг барьж авах болов?

-Атаман гэхээр л тэр үеийн хүмүүс муухай гэдэг талаас нь хардаг байсан. Одоо ч гэсэн хүмүүс сөрөг талаас нь харж, ойлгодог шүү дээ. Гэвч тэр хүмүүс нийгэмд байх ёстой дархлаа байхгүй юу. Дандаа л сөргөөр хардаг учраас бид эерэг талаас нь үзүүлэхийг хичээсэн. Эр хүний мөн чанарыг харуулах юм. Мэдээж олон дунд атаман гэдгийг муухайгаар харагдуулахаар зүйл хийсэн хүмүүс ч байгаа байх. Ер нь та бүхэн атаманы тухай кино гэж харж байгаа бол бидний тактик бүтэж. Харахад тэгж л харагдах ёстой. Үүний цаана маш олон өөр зүйл бий. Кино гарсны дараа хүмүүс ийм зүйл гарч байгаа юм байна гэдгийг гүйцэд мэднэ. Гэхдээ энэ кино тэр чигээрээ хүмүүний амьдралын тухай. Тухайлбал, чиний амьдрал яаж өрнөв. Яагаад сэтгүүлч болов. Хэн, юу нөлөөлөв гэдэгтэй л адилхан. Зөв явахад хэн, юу нөлөөлдөг юм. Яавал буруу зам руу хальтирч ордог вэ гэдгийг залуучууддаа сануулах, сэхээрүүлэх зорилготой. Гэтэл манайхан киноны хэсгийг хараад, өнгөцхөн дүгнээд байна. Зодоон цохион, алаан хядаан гэж хараад байх юм. Чухам юунаас болоод алдаа гарав, цаашаа юу руу оров. Хэний өмнөөс хэн яаж явах вэ. Эсрэг талын дүр баян цатгалан, наадуул нь ядуу. Тэр хооронд зөрчил гардаг. Хүмүүс киног үзээд аль талд нь байна вэ гэдгээ тольдох боломжтой. Тэгж харуулах гэж л их хичээлээ. 

-Зохиолоо бичихдээ хэн нэгэн атаманы амьдралаас ч юм уу, бодит үйл явдлаас сэдэвлэсэн үү?

-Ямар ч бодит явдлаас сэдэвлээгүй. Цэвэр уран зохиол, фантази. Өөрсдөө л ийм сэдвээр кино хийе гэж ярилцаад, зохиолоо бичсэн. Б.Тамир гэдэг найруулагчийн хүмүүсийн сонирхлыг татах арга барил гэж байна. Хүмүүсийн сонирхлыг л татах ёстой. Сэтгэлийг нь хөдөлгөх хэрэгтэй. Сэтгэл нь догдолсон тэр үед миний хэлэх гэсэн санаа хүний чихэнд биш зүрхэнд, тархинд нь очих ёстой. Ийм зорилготой. Манай зарим үзэгчид наана байгаа өнгөцхөн зүйлийг хараад байдаг. Би зүгээр битгий үзээсэй. Ухаж үзээсэй гэж хүсэж байна. Энэ хүн тэр үгээр, яриагаар юу илэрхийлэхийг хүсэв ч гэдэг юм уу. Манайхан кино үзэхдээ хөнгөхөн ханддаг болж.  Тоглолт үзэхдээ хүртэл шүү. Яагаад энэ хүн тэр тоглолтын үеэр аавын тухай дуу дуулав гэх зэргээр эргэцүүлж боддоггүй юм. Соёлыг соён гэгээрэх талаас нь өөртөө шингээж авахгүй байна. Кино үзэхдээ хүртэл ингэж өнгөцхөн хандаж байгаа залуучууд яаж ажил хийх юм. Кино үзэхдээ хүртэл нэг юмыг шингээж авах ёстой. Тэр кинонд цагаа зарцуулаад үзэж байгаа бол надад нэг зүйлийг өгөх ёстой гэж үзэх хэрэгтэй байхгүй юу. Миний ганц хүсэж байгаа зүйл “37-р точка” киноноос маш их зүйлийг ухаж ойлгоосой. Маш олон сэдвээр дуугарсан. Улс төр, хүмүүний ахуй амьдрал, найз нөхөд, хайр дурлал, урвалт шарвалт гээд бүгд гарна. Тэр болгоныг дурьдаад ярих хэцүү байна. Монгол хүний амьдралын тухай л уран бүтээл. 

-Бүрэн хэмжээний кино хийх олон ангитаас арай өөр. Олон ангит кино зохиолоосоо авахуулаад л хэцүү байдаг. Анх удаа олон ангит кино хийхэд ямар байв. Хэр хэцүү байсан бэ?

-Мэдээж хэцүү байсан. 60-70 хуудас зохиол бичих. 600-700 хуудас зохиол бичих гэдэг ялгаатай. Миний шандсыг сорьсон. Яг үнэнийг хэлэхэд, зохиолоо бичиж байхдаа шантарсан. Би чадах юм болов уу гээд. Гэтэл галт тэрэг аль хэдийнэ хөдөлчихсөн. Дүрүүдийн хувцсыг оёод эхэлсэн. Жүжигчид бэлтгэлээ хийгээд эхэлсэн байсан. Зохиол маш шахуу хугацаанд гарсан. Зохиолоо бичихэд бол хурдан. Судалгаа хийх, дотроо төлөвлөгөөгөө гаргаад, бодно гэдэг чинь маш удаан хугацаа шаарддаг. Түүний дараа санаагаа буулгаж, зохиолоо бичнэ шүү дээ. Надад бодох, төлөвлөх хугацаа бараг л өгөөгүй, хурдлуулсан. Ирэх намар киногоо нээнэ, төлөвлөгөө ийм байна гэж дайраад цагтаа амжсан. Би зохиолоо цаг тухайд нь бичихгүй бол киноны баг төлөвлөгөөний дагуу ажлаа хийж чадахгүй шүү дээ. Тиймээс би өөрөө түүчээлж, яг цагт нь зохиолоо бичээд, зүтгэсэн. Тэгэхээр манай багийнхан, жүжигчид маань бүгд хариуцлагатай ажиллаж байгаа юм. Та нар надад гурав хоног өгөхөд би ийм хэмжээний зохиол бичлээ. Та нарт би ийм даалгавар өгөхөд гээд ярихад хөдөлгөх хүч болж байгаа биз дээ. 

-Ихэнх киноныхоо зохиолыг өөрөө бичдэг. Мэргэжлийн зохиолчидтой хамтрах бодол байдаг уу. Арай өөр өнгө аяс, хэллэг хэрэгтэй байна. Нэг л хүн зохиолоо бичээд байхаар бүх киноны өнгө аяс, хэллэг адилхан болох гээд байдаг талтай. Нэг хөгжмийн зохиолчийн бичсэн дууны ая хоорондтоо төстэй сонсогдоод байдаг шиг?

-Гоё зохиол байвал болно шүү дээ. Захиалгаар хийдэг кино гэж байна. Гэхдээ би тийм кино хийх дургүй. Миний зүрх сэтгэл хөдлөөгүй юм чинь яах билээ. Түүнтэй адил би нэг зохиолчид ийм сэдвээр кино хийе гээд захиалга өглөө. Тэр хүний зүрх сэтгэл хөдлөхгүй бол зохиол гарахгүй. Яагаад ч гарахгүй.  Харин хүний өөрийнхөө сэтгэлийн хөглөлөөр бичсэн зохиол байвал болно. Тухайлбал, Төмөр-Очир гуайн “Олон түмэнд хүргэ” гэдэг киноны зохиолыг бид авч, өөрсдийнхөө санаа оноог нэмээд “Маш нууц” киног хийсэн. “Байтаг богд”-ыг аав маань өөрөө бичсэн. Үнэхээр сайн зохиол байвал бид ажиллахад нээлттэй. Харин өөрөө захиалаад бичүүлнэ гэхээр хэцүү. Хүссэн зохиол гарч ирдэггүй байхгүй юу. Тэгж цаг зав алдаж байхаар өөрөө бичсэн нь амар байдаг.

-“Маш нууц”, “Миний ах атаман”, “Зүрхний хилэн” гээд олон кинонд нийтлэг сцен гардаг. Хоёр талаас нийтээрээ хашгираад дайраад, зодолддог. “37-р точка” кинонд ч тийм хэсэг гарах юм байна. Зарим хүмүүс “Фантастик”-ийн кино гэж хашгирч, зодолдсон л юм байна гэж шүүмжилдэг. Хэтэрхий нэг хэв маягт баригдсан гэх нь ч бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би хэлээд байгаа шүү дээ, хүний сэтгэлийг яаж хөдөлгөх вэ. Хөдөлсөн сэтгэл дээр нь яаж тоглолт хийх вэ гэдэг чинь миний асуудал. Хүмүүс адилхан байна гээд бодоод байвал тэр киног үзээд хэрэггүй. Тамираа жүжигчний хувиар олон дүрд хувирсан. Гэхдээ л Тамираас дотоод мөн чанар нь явдаггүй, цаанаас нь цухалзаж байдаг. Анзаарвал миний бичсэн зохиолоос дандаа л тэмүүлэл, эрч хүч, болгоё бүтээе гэсэн санаа ханхалдаг. Хэцүү нөхцлөөс амь дүйж гарч ирсэн зүйлс ч гардаг. Хүмүүс өнгөцхөн хараад байна гэдэг чинь л энэ шүүмжлэлтэй холбоотой. Хоёр талаас ирж байгаа хүнийг хардаг. Цаад агуулгыг нь ухаад, ойлгооч гэж би хүсээд байна. 

-Энэ 20 ангит киног хийхэд Б.Тамир зохиолч, найруулагчийнхаа хувьд хэр их өсөж дэвжсэн бэ. Дараагийн уран бүтээлүүдийг хийхэд маш том нөлөө үзүүлэх байх?

-Маш том туршлага болсон. Үгээр хэлэхийн аргагүй. Өөрөө ч гайхаж байсан. Ийм хэцүү байдаг юм уу, олон ангит кино хийх чинь гэж хүртэл бодож, ярьж байлаа. Гэхдээ л бид даваад гарсан. Одоо бидэнд нэг ангитай кино хийхэд...Амархан гэж би хэлэхгүй. Гэвч бүх гаргалгаа, учир зүйгээ мэддэг болсон.  Яг үнэнийг хэлэхэд, маш их айдас, маш их зоригоор энэ уран бүтээлийн ард гарлаа. Айгаад байгаа мөртлөө хийх тэмүүлэл, зориг байгаад байдаг. Энэ хоёрын зөрчил их байсан. Эцсийн эцэст зориг ялаад, айдсаа давж гараад, уран бүтээлээ хийлээ. Маш их хөдөлмөр байсан. Хүмүүс кино хийхэд маш их хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг гэдэг.  Олон ангит бол тэр маш ихээс ч их хөдөлмөр шаардсан шүү.  Үгээр хэлэхээр хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Зураг авалтаа зогсооё, маргааш өглөө 06:00 цагаас гэж хэлээд л шууд унтдаг. Зураг авалтын талбайд миний ор байж байдаг. Хэвтээд унтлаа, бослоо мотор. Манай групп тэр чигээрээ ийм маягаар л хөдөлмөрлөж, хичээсэн. Би шантрах юм бол баг тэр чигээрээ шантрах учраас зүтгээд ард нь гарлаа. Энэ кино сайн болсон гэдэгт би итгэлтэй байгаа. Хүмүүс ч их үзэх байх. Шүүмжлэл ч их дагуулна. Гэхдээ юу ч хийхгүй бол шүүмжлүүлэхгүй. Хийж, бүтээж байгаа хүмүүс л шүүмжлүүлдэг.  “Фантастик”-ийн киног хүмүүс янз бүрээр ярьж, нийтлэг зүйл байна гээд шүүмжилж байна гэдэг чинь Тамирын нэрийн хуудас болж байна гэсэн үг. Бид кино хийхээр “Хоёр талаасаа дайрдаг сцен нь хэзээ юм бол” гэж хүлээж үзэх үзэгчид удахгүй гарч ирнэ. Энэ л асуудал.  Бид инээдмийн, адал явдалт, олон ангит кино гээд төрлөөр нь хийж болдог юм гэдгийг би өмнө нь ярьж байгаагүй. Одоо би хэлье, бид хийчихсэн байна. Ярихгүйгээр хийж үзүүлж байгаа юм. Хүмүүс зүгээр л шүүмжлэх сэдэв олж ядаад, ярьдаг, өөрсдөө хийхгүй мөртлөө. 

-Манайхан маш олон шилдэг олон ангит кинонуудыг үзэж байгаа. Тиймдээ олон ангит киноны тодорхой төвшинг барууны уран бүтээлчид тогтоочихлоо. “37-р точка” олон ангит кино барууны уран бүтээлчдийн хийсэн бүтээлд хэр дөхөж очсон гэж найруулагчийн хувьд үзэж байгаа вэ?

-Бид тэдэнтэй л өрсөлдөх гэж энэ киног хийсэн. Манайд Хятад, Солонгос, Туркийн хямдхан сериалууд гарч, Монголын нийгмийн, иргэдийн толгойг угааж байна. Тэгвэл бид энэ улс эзэнтэй шүү, олон ангит кино хийдэг продакшн байдаг шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн. Манай мөнгөтэй, чадалтай хүмүүс монголчууд өөрсдөө олон ангит киногоо хийж чадаж байна гэдгийг ухаарч, уран бүтээлчдийг дэмжих болов уу. Цаашлаад маш олон цуврал кинонууд гарна гэж найдаж байгаа. Тэгэхгүй бид Хятад, Солонгосын олон ангит кино үзэж, тэдний соёлыг л харж байна шүү дээ. Энэ чинь нөгөө талдаа үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой. Тиймдээ ч бид хариуцлагатай хандаж, киноны салбарт өөрсдийн өнгө аяс, Монгол гэдэг үнэт зүйлийг шингээхийг, түгээхийг хүссэн. Бид бүх уран бүтээлдээ Монгол гэж дуугарч байгаа.