Г.Пүрэвдагва: 10 жилийнхээ ойд зориулж хоёр цомог гаргана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-28

“Жамаас”, “Өнө мөнх орон” зэрэг шилдэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа “Увертюра” хамтлаг гуравдугаар сарын 8-ны өдөр “VIP Memory” амьд тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолтын болон шинэ уран бүтээлийн талаар “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.

-Танай хамтлагийг тоглолтоо хийгээсэй гэж олон хүн хүлээж байгаа байх. Гэтэл эмэгтэйчүүдийн баяраар VIP тоглолт хийхээр болжээ. Цөөхөн хүнд тоглох нь гэж дууг чинь сонсох дуртай хүмүүс сэтгэл дундуур байх шиг байна?

-Юуны өмнө манай хамтлагийн уран бүтээлийг сонсдог, дэмждэг хүмүүст 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ жил манай хамтлагийн 10 жилийн ой болж байгаа. 2009 оны есдүгээр сарын 20-ны өдөр анх байгуулагдаж байсан. Энэ жил бид олон уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Түүний угтал болгож Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-д ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулаад VIP тоглолтоо хийх гэж байна. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад симфони найрал хөгжимтэй хамтарсан тоглолт хийх юм. Тоглолт гэхээсээ илүү ээжүүд, эмэгтэйчүүдээ баярлуулахыг зорьсон, энтертайнмент орой байх болно. “Хөсөгтөн” хамтлагтай хамт язгуур урлагийн номеруудыг үзүүлнэ. Сонин, содон байна гэдэгт итгэлтэй байгаа. Биднийг Хөгжим, бүжигт суралцдаг байхад Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат багш захирал байлаа. Багш маань ирж ая дууны мэндчилгээ өргөнө. Одоо хөгжим, бүжигт багшилдаг Г.Болдбаатар гээд саксфонч оролцоно. Ахтайгаа хамтраад уран бүтээл хийснээ үзэгчдэд өргөн барина. Г.Болдбаатар ах өөрөө олон сайхан аязуудыг тоглож, эмэгтэйчүүддээ бэлэг барих юм.  VIP тоглолт хийж байгаа нь учиртай. Манай уран бүтээлүүд арай өөр, классик, мэргэжлийн талдаа. Тиймээс сүүлийн жилүүдэд цөөн үзэгчидтэй тоглолт хийж байгаа. Үндсэндээ гурав дахь жилдээ VIP тоглолт хийж байна. 2015, 2018 онд эмэгтэйчүүдийн баяраар тоглосон юм. Энэ жил гурав дахь удаагаа, тэгэхдээ илүү олон хүнд хүрэхээр тоглолт хийж байна.

-Энэ жилийн тоглолт өмнөх жилүүдийнхээс юугаараа өөр вэ?

-Бид уран бүтээлийн чиглэлд илүү шинэчлэл хийсэн. Одоо ч гэсэн бид шинэ уран бүтээлээ хийгээд байж байна. Гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ах аяыг нь бичсэн “Хань” хэмээх дуу гаргаж байгаа. Мөн “Баярлалаа” хэмээх шинэ дуугаа бичүүлж байгаа. Шинэ уран бүтээлийн олз омог ихтэй байна. Оролцох уран бүтээлчдийн тоо нэмэгдсэн. Өмнө жилүүдэд бид цөөхүүл хөгжимчид, цахилгаан хөгжмийн хамтлагтай тоглож байсан. Энэ жил бүр найрал хөгжимтэй хамтарч тоглож байгаагаараа онцлог. Тоглолт “One event hall”-д гуравдугаар сарын 8-ны 18:00 цагаас эхэлнэ. Тун аятайхан тохижилттой, хөгжмийн дуугаралт сайтай, янз бүрийн халхлах багана байхгүй газар. Үзэгчид ирээд тоглолтоо үзэнгээ дундуур нь хоол, зууш идэж, дарс шимэх боломжтой. 

-Чөлөөтэй сууж байгаад тааваараа тоглолтоо үзэх нь байна?

-Нэг ширээнд 10 хүн суухаар тооцсон.  Тоглолтоо үзэнгээ дундуур нь хоол идэж, дарс шимж болно. Найз нөхөдтэйгээ ярилцана. Ээжийгээ, найз бүсгүйгээ баярлуулна. Тоглолт 19:00 цагаас эхлэх юм. 18:00 цаг гэж зарлаж байгаа нь бид ирсэн үзэгчдээ улаан дарстай угтах юм. 18:00 цагаас угталт эхэлнэ гэсэн үг. Тоглолт 19:00 цагтаа эхэлж, шөнийн 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тоглолтоос гадна залуучуудад зориулсан үдэшлэгийн хэсэг ч байгаа. Өмнөх жилүүдийн тоглолтоос ажиглахад настай хүмүүс тоглолт үзэж, хоол ундаа идчихээд, эрт явдаг. Залуучууд нь үлдээд, бүжиглэж, доргих дуртай байдаг юм. Тиймдээ ч тоглолтоо гурван хэсгээс бүрдсэн байдлаар хийе гэж төлөвлөсөн юм. Угталт хийнэ, “Увертюра” хамтлаг тоглоно. Дараа нь чөлөөт хэсгээр үргэлжилнэ. 

-Хэдэн хүн үзэх боломжтой вэ?

-500-550 хүн үзэх боломжтой. Бид энэ жил их олон хүн оруулахгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл, VIP гэдэг чинь зөвхөн “Увертюра” хамтлагтай нэг оройг өнгөрүүлэх гэсэн хүмүүст зориулсан тоглолт учраас. Бидэнтэй нүүр нүүрээ хараад, хамт баярлаад, дуулаад, доргих гэсэн хүмүүс ирнэ шүү дээ. Том зааланд, олон хүнд тоглоход тийм орчин бүрдэхгүй. Олон хүнтэй байх тусмаа VIP гэдэг утгаа алдана. Тиймээс дээд тал нь 500 байхаар төлөвлөөд байна. 

-Тоглолтдоо ямар уран бүтээлүүдийг сонгож дуулахаар төлөвлөж байна. Эмэгтэйчүүдийн баяр учраас ээжүүд, бүсгүйчүүдэд зориулсан уран бүтээлүүд илүү эгшиглэх үү?

-Ээж, эмэгтэйчүүдийн тухай дуу тоглолтын гол цөм байх нь мэдээж. Манай хамтлагийн уран бүтээлээс гэвэл “Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулна. “Ээж минь”, “Жамаас” гээд манай хамтлагийн сонсогчдод хүрсэн дуунуудаа дуулах нь мэдээж. Түүнээс гадна, хуучны гоё гоё ээж, эмэгтэйчүүдийн тухай олон сайхан дуунууд байдаг. Бид шинэчилсэн хувилбараар, өөрсдийн уран бүтээл болгож олон сайхан дууг дуулахаар бэлтгэж байна. Тэр өдөр бүхий л ээжүүд, эмэгтэйчүүд баярладаг. Хамгийн гоё хувцсаа өмсч, сэтгэл нь догдолдог. Эрчүүд ээжийгээ, эхнэрээ, найз бүсгүйгээ яаж баярлуулах вэ гэдэгт их анхаардаг. Хамт олныхоо эмэгтэйчүүдийг ч бас баярлуулахаар хичээдэг. Тэр бүх хүмүүст зориулаад бид нэг цогц тоглолтыг тоглохыг л хичээж байна. Зүгээр нэг тоглолт хийх биш энтертайнмент хөтөлбөрүүд их бий.

-VIP тоглолтыг симфони найрал хөгжимтэй хийнэ гэдэг хамтлагийнхны хоолойны чадал, чадвар гээд бүхий л зүйлийг харуулах нь гэсэн үг. Бэлтгэлээ маш сайн хийж байгаа байх. Хөгжимтэйгээ нийлэх гэж ярьдаг даа, манай уран бүтээлчид?

-Симфони найрал хөгжимтэйгөө маш сайн нийлэхгүй бол болохгүй. Тиймээс бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Эхнээсээ л бид чанартай уран бүтээл хийх зорилго тавьсан. Тиймээс уран бүтээлийн чанарт маш их анхаардаг. Энэ удаад ч чанартай тоглолт хийхээр хичээж байна. Чанартай тоглолт хийхийн хамгийн гол тулгуур нь оркестртайгаа нийлэх. Оркестр хөгжим гэдэг гайхалтай дуугарна. “Увертюра” хамтлагийнхан чадалтай хоолоотой. Тэр том энерцийг хүнд зөөлөн хүргэхийн тулд дуугаралт чухал. Хөгжмийн дуугаралт талдаа ч маш их анхаарч байна.  Одоо бэлтгэлээ хийж байгаа. 

-Танай хамтлагийг шинэ уран бүтээл гаргаасай. Шинэ цомог нь хэзээ гарах бол гэж хүлээдэг сонсогч маш их байдаг. Шинэ уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцвал?

-Хүлээлтийг бид энэ жил арилгана. 10 жилийн ой тохиож байгаа маш чухал жил. Тиймээс уран бүтээлдээ бага зэрэг өөрчлөлт хийж, үзэгчдэд бэлэг барина. Би ярилцлагын эхэнд хэлсэн дээ. “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан ахтай хамтарч шинэ дуу хийж байгаа гэж. Бид өмнө нь илүү мэргэжлийн дуу хийж байсан. “Өнө мөнх орон”, “Манан”, “Цагийн аяс” гэх мэт хүн дагаад дуулах гэхээр болдоггүй. Сонсохоор тайвшрал өгөхөөр дуунуудыг хийж байсан. Тэгвэл энэ жил залуучууд дагаад дуулахаар, олон нийт рүү чиглэсэн уран бүтээлүүдийг хийж байна. Түүнийхээ хажуугаар ардын дуунуудыг дуулна. Жишээ нь, “Самгалдай”, “Мандах нар” гэх мэт гайхалтай дуунууд байна. “Мандах нар”-ыг бид шинэчилж дуулаад, бэлэн болгочихсон. Яг этник, поп опера чиглэлээр дуулаад бэлтгэчихсэн. Ингээд бодохоор бараг хоёр цомог гаргахаар байна. Ардын дууг өөрсдийнхөөрөө дуулж, нэг цомог гаргана. Мөн нийтэд зориулсан, залуучуудын хүсч буй уран бүтээлийг хийхээр төлөвлөж байна. Цаашлаад ирэх есдүгээр сарын 21-ний өдөр бид “Увертюра” хамтлагийн 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг хийж, үзэгчдийн хүлээлтийг арилгана даа. 

-Тоглолтын тасалбарын үнийн тухайд юу хэлэх вэ. Хамтлагууд үнэтэй тоглож байна гэсэн шүүмжлэл гараад л байна?

-Нэг тасалбар 100 мянган төгрөгийн үнэтэй. Үзэгчид ширээнд тухалж суугаад, зоог барьж, дарс шимэнгээ тоглолтоо үзэх боломжтой гэж би хэлсэн дээ. Хэрвээ нэг ширээг захиалж авна гэвэл сая төгрөг. Нэг ширээнд 10 хүн суух боломжтой.  Тасалбарыг бид өөрсдийнхөө холбогдох дугаараараа захиалга авч, хүргэж өгнө. 90003322, 99998959 дугааруудад холбогдон тасалбараа захиалахад, бид үнэгүй хүргэж өгнө.  Эсвэл манай пэйж хуудсаар холбогдож болно. “Увертюра хамтлаг” гэсэн пэйж хуудас байгаа. Тасалбарын үнэ 100 мянган төгрөг гэхээр үнэтэй байна гэдэг. Бид бүхэл бүтэн оркестр авчирч байна. Том заал түрээсэлнэ. Баярын ширээн дээр тавих бүхий л зүйлийг авна. Тайзны ар талд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс гээд зардал өндөр гардаг. Ингээд тооцвол 100 мянган төгрөг бага л үнэ. Цаана чинь “Камертон” 300 мянган төгрөгөөр тоглож байна шүү дээ. Бид 100 мянган төгрөгийн үнэтэй л VIP тоглолт хийж байна. Манай уран бүтээлийг сонсох хүсэлтэй, эмэгтэйчүүд, ээжүүдээ хамгийн гоё баярлуулахыг хүссэн хүмүүс зориулсан хамгийн гоё тоглолт байх болно.