Аугаа хөгжмийн зохиолчдод өнөөдөр "Хөдөлмөрийн баатар" цол олгоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Нацагийн Жанцанноров, Хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Б.Шарав нарт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.

Нацагийн Жанцанноров нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Багшийн сургуулийг "Дуу хөгжмийн багш" мэргэжлээр, Киевийн хөгжмийн дээд сургуулийг "Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач"-ийн мэргэжлээр төгссөн билээ. 1983-1990 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дарга, Соёлын яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1992 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300 орчим бүтээл туурвиж, киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим бүтээж, "Монголын хөгжмийн 12 хөрөг"/Сонатын аллегро/, "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн найман CD хэвлүүлсэн.

"Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" киноны хөгжим, "Талын харгуй" гэдэг 24 хүүрнэл романч, "Хүний заяа I, II, III" концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг монголд анх удаа тавьж, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны ая зохиожээ. 1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг 2 удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цол хүртжээ.

Харин Бямбасүрэнгийн Б.Шарав нь 1952 оны 11-р сарын 13-д Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн.  1972 онд Улаанбаатар хотын "Багш нарыг бэлтгэх сургууль"-н хөгжмийн багшийн анги, 1983 онд ОХУ-ын Екатринбург хотод УРАЛ-н хөгжмийн дээд сургуулийн "Хөгжмийн зохиолч"-н ангийг тус тус дүүргэсэн.

 

1973 оноос уран бүтээлээ эхэлж, өдгөө чөлөөт уран бүтээлчээр ажиллаж буй түү?нийг 1992 онд Төрийн шагналаар, 2002 онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор, 2005 онд Чингис хаан одонгоо тус тус шагнаж байлаа.  Тэрбээр  "Чингис хаан" дуурь, "Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, 1,2-р симфони, "Замбуутивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжим бичсэн байна.