Н.Жанцанноров: Ард түмэн сонсож, дуучин дуулж л байвал тэр миний хайртай бүтээл

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-08

Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, Хөгжийн зохиолч Нацагийн Жанцанноров өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар гэх төрийн дээд шагналыг гардаж авлаа. Тэрбээр, шагналаа гардаж авсныхаа дараа сэтгүүлчдэд баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров хэлэхдээ “Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад их чухал үүрэгтэй баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын босгон дээр Төрийн тэргүүн Х.Баттулгын нэг зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёр “Хөдөлмөрийн баатар” цол гардаж авлаа. Бид төрийнхөө энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа.

Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг монголын төр үнэ цэнтэй гэдгийг баталгаажууллаа. Аливаа төрийн дээд шагнал бол тухайн хувь хүний овог нэр гэхээс илүүтэй түүний бүтээсэн бүтээлийг үнэлж цэгнэж, баталгаажуулдаг. Бас түмэн олноо ийм бүтээл туурвил хийж, өөрийнхөө мэргэжил, авьяас чадвар болгоноо сорьж, бүтээж байхыг уриалан дууддаг зүйл юм. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орон, нутаг ус, авьяас чадвараараа бахархах цаг ирлээ.

Ийм өдрүүдэд монголчууд бид бие, биенээ маш сайн ухаарч, ойлгож, энэ сайхан орноо тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Миний хувьд Монголын үндэсний соёл урлагийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр шагнал авна гэдгийг дуулаад хүүдээ алиалж хэлж байсан юм. Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй суусан. Энэ төрд төлөх өр минь дуусаагүй байгаа юм байна гэж инээж байлаа. Хүн бүхэн өөртөө мөн эх орондоо маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд хүн бүхэн зүтгэх ёстой юм. Хийсэн бүтээлийг минь ард түмэн сонсож, дуучин хүн дуулж, хайрлаж л байгаа бол тэр миний хайртай бүтээл. Хэдхэн өдрийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Батхүүд агсанд зориулж “Ах минь та” гэх бүтээл төрүүлж, дуучинд өгсөн” хэмээлээ.