Өвөр Монголын “Дорнын хөх аялгуу” холбооны уран бүтээлчдийг хүлээж авчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-08

Нийслэлийн Багануур, Сонгинохайрхан дүүргүүдийн соёлын орднуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг ӨМӨЗО-ны Шилийн хотын Утга, урлалын холбооны уран бүтээлчдийн төлөөлөл, “Дорнын хөх аялгуу” холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд, Багануур дүүргийн соёлын ордны дарга Ш.Ганцэцэг, Д.Нацагдоржийн нэрэмжит холбооны Тэргүүн Г.Даваасүрэн нарыг өнөөдөр нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүлээн авч хүндэтгэл үзүүлж, хүндэт зочдод газрын “Өргөмжлөл” гардууллаа.

Д.Нацагдоржийн нэрэмжит МЗЭ-ийн салбар холбоо, Багануур дүүргийн соёлын ордны хамт олны урилгаар энэ сарын 02-09-ны өдрүүдэд Монгол Улс, Улаанбаатар хотод зочилж буй хүндэт зочид нь их зохиолчийн төрсөн нутагт зочилж, хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөж, төрсөн гэрийн буйранд нь хоёр орны уран бүтээлчид хамтран яруу найргаа уншиж, дуу хуураа өргөжээ.

Түүнчлэн Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт орших их эзэн Чингэс хааны хаан ширээнд өргөмжлөгдсөн байгалийн болон түүх дурсгалын үзэсгэлэнт газар болох “Хар зүрхний нуур”, “Аглаг бүтээлийн хийд” зэрэг дурсгалт газруудад очиж хүндэтгэл үзүүлжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны соёлын ордон, Багануур дүүргийн соёлын ордноор зочилж уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхон туршлага солилцсон байна.