Токиогийн олимпын нээлт, хаалтын тоглолтод Монголын уран бүтээлчдийг оролцуулахыг хүсчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-09

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Япон улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Энэ үеэр Ё.Баатарбилэг сайд  Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж,  олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүсчээ. Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпийн хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран хэрэгжүүлж буй Японы хотуудын "Хост таун" хөтөлбөр, олимпийн наадамд оролцох Монголын тамирчид, Олимпын үеэр Токиод Монголын талаас нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа "Монгол хауз" соёлын сурталчилгааны төслийн талаар ярилцсан байна. 

Мөн олимпийн нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах асуудлаар санал солилцжээ.  Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сүзүки Монголын талаас санаачилга гаргаж, олимпийн асуудлаар идэвхитэй ажиллаж байгаад талархаад, дэмжихээ илэрхийлэв.

Мөн "Токио-2020" олимпийн наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид "Мизуно" брэндийн хувцастай оролцохоор болж гэрээнд гарын үсэг зурлаа. Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах юм.