The Hu хамтлаг “Чингис хаан” одон хүртлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-27

Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах хүндэтгэл ёслолын ажиллагаа албан ёсоор эхлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга ёслолын ажиллагааг нээж, "Монгол Улсын иргэд, дэлхий даяар тархан суурьшсан Монголчууддаа Их хүмүүний мэлмий гийсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе. Гэм буруутанд зохих шийтгэлийг, гавьяатнууддаа шагнаж урамшуулах нь их хааны маань барьж ирсэн зарчим билээ. Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж байгаа хүннү рок хэмээх шинэ урсгалыг үүсгэн бий болгосон The Hu хамтлагт "Чингис хаан" одонг хүртээхээр боллоо" гэсэн юм.

Энэ удаад нэг иргэн бус 11 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг тэргүүн дээд зэргийн одонг хүртэж байгаа бөгөөд учир нь үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө, төрхийг бий болгож байгаа тул Ерөнхийлөгчийн зарлигаар The HU хамтлагт тус одонг хүртэж байна.

The HU хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож чаджээ.

Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “The HU” хамтлаг болсон байна.