“Хурд” хамтлаг талархлын тоглолт хийнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-07

“Эх орон”, “Аавдаа би хайртай”,”Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Чимээгүй ирэх дурлал” зэрэг та бидний хайртай олон сайхан уран бүтээлийг туурвиж үзэгчиддээ хүргэсэн “Хурд” хамтлаг энэ сарын 11-нд буюу наадмын нээлтийн үдэш Төв талбайд сонсогч, фэнүүдтэйгээ уулзахаар болжээ.

Тодруулбал, 25 жилийн ойн баярын хүрээнд “Талархлын тоглолт”-оо 20.00 цагаас үзэгчдэд хүргэхээр болсон бөгөөд энэ үдэш та бидний дуртай олон сайхан уран бүтээл эгшиглэхээс гадна шинэхэн уран бүтээлүүдээрээ ч сонсогчдынхоо сонорыг мялаах аж. “Хурд” хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн түүхтэй. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүрчээ.

Тиймээс өнөөгийн бүрэлдэхүүн бүрдсэн 1993 оноос хойш 25 жил болсон гэж үздэг юм байна. Тэдний анхны тоглолт Улсын циркт “Хар салхи” нэртэйгээр 1995 оны гуравдугаар сард болж байлаа. Хамтлаг нь 2013 онд тохиосон 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа "Алтан Пянз" хэвлүүлсэн бөгөөд тус пянзыг АНУ-ын "Erika records" студид хэвлүүлж байлаа. Энэхүү пянзанд “Хурд” хамтлагийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг есөн дуу багтжээ.